Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөл 20 гаруй жилийн дараа шинэ тэргүүнтэй болсон нь олны сонирхолыг татаж байна. Ялангуяа Монголын зүүн хязгаар нутаг - нар ургах, тэнүүн талын хүмүүс, Дорнодчуудын хувьд тэсрэлт хийж,зоригтой шийдвэр гаргажээ. Дорнодчуудын сэтгэлгээ өөрчлөгдөн шинэчлэгдэж, шинэ зорилго, зорилтоор ажиллах болсон гэж үзэх талтай, мөн шинэ туршлагатай хүмүүсийг нийгэмд туршаад эхэлсэн байна. Дорнод аймгийн Булган сумын харъяат, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар угажилд томилогджээ. Манай сурвалжлагч Нутгийн зөвлөлийн шинэхэн тэргүүнтэй уулзаж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлынх нь талаар тодрууллаа:
Өнөөгийн Монголын нийгэмд аль ч аймаг, сумдын нутгийн зөвлөл ТББ-уудыг ажиглаж байхад, тогтолцооны хувьд царцанги, зогсонги байдалд орчихжээ. Улс төрийн аль нэгэн явцуу ашиг сонирхолд дулдуйдсан, урлаг соёлын хүрээнд, хэн нэг нийхээ тоглолтын билетийг нааш, цааш нь тарааж түгээх...гэх мэтээр л цөөн хүнд үйлчилсэн явцуу байгууллага болон хувирчээ. Аливаа байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн хийж чадаагүйг гүйцээж, залгамж чанарыг хадгалж, тогтолцоог нь өөрчлөж ажиллах эн тэргүүний ажил байх болно. Ерөөсөө хуучин тогтолцоог нь л халж өөрчлөх цаг болсон байна. Үүнийг монголын нийгэмд Дорнодчууд хийж чадна. Бид хийхгүй бол хэн хийх юм бэ? Бид хийж чадна.
Тиймээс бид нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд авч явна гэж бодож байгаа. Ямар ч зүйлд залгамж чанар байх ёстой.Гэхдээ зөвхөн аль нэгэн салбарт тулгуурлахгүй. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа улс орон даяар тархан суурьшсан Дорнодчууд илүү эв нэгдэлтэй нэгдмэл байх, бие биедээ тус дэмтэй, ойр дотно харилцаа холбоо, ажил, үүргийн уялдаатай байлгахад чиглэгдэнэ. Ингэхийн тулд
нэгдүгээрт, Нутгийн зөвлөлийн зөв бүтэц, зохион байгуулалтыг буй болгох. Өмнө нь ердөө л "дарга”, "удирдах зөвлөл” гэсэн хэдхэн хүн байсан болодоо бүтэц, зохион байгуулалтаа илүү өргөн хэмжээнд харж, зохион байгуулах шаардлагатай байна.
Энэ олон мянган хүний санал бодол, хүсэл зорилго, санаачилгыг нэгтгэн зангидаж байж орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, уриалсан, хөрөнгө оруулалт дуудсан, бүтээн байгуулалтыг дэмжсэн томоохон цогц бодлого боловсруулж ажиллана гэж төлөвлөж байгаа. Гол утга нь: "Хүчирхэг Дорнодын төлөө” "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” зарчимыг үндэслэж, амаар биш, үйл ажиллагаагаар хэрэгжүүлж, зүтгэх сэтгэлгээг бий болгоно гэсэн үг.
Хоёрдугаарт, юуны өмнө, Дорнод аймгийн харъяат төрийн байгууллагад ажиллаж байсан төрийн зүтгэлтэн, нэр төртэй хүмүүс болон одоо ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, санал бодлоо уралдуулж, мэтгэлцэж, хуваалцана.
Гуравдугаарт, орон нутгийн бизнесмэнүүд болон өөр аймаг, Улаанбаатар хот дахь Дорнодоос гаралтай компаниуд, бизнесийнхнийг хамруулсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын уулзалтууд зохион байгуулна.
Дөрөвдүгээрт: Спорт, урлагийнхантай санал бодлоо солилцоно, дэмжинэ.
Тавдугаарт, Улс орны хөгжлийг эдийн засгаар нь хэмждэг цаг үе байгаа ч, сүүлийн үед дэлхийн чиг хандлага хүний хөгжлөөр нь хэмждэг болсон. Иймд Дорнодчуудын "хүний хөгжил”, "нэг хүний эрх, эрх чөлөө”, "тэгш эрх”, "хүний нөөц”-ийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд боловсролын салбарын бүх их дээд сургууль, ЕБС, мэргэжил сургалтын төвийн багш нартай уулзалт нээлттэй ярилцлагыг зохион байгуулж ажиллана.
Дорнодчууд эрт дээр үеэс олон арван салбарт анхдагчууд байсан бөгөөд шинэ цаг үед тэр уламжлалаа хадгалсаар байна. Монгол Улс Азийн наадамд оролцсон 66 жилийн түүхэндээ анх удаа боксын төрлөөр Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, Д.Отгондалаймаань"Илүү, илүү” гэдгээ харуулж, "Азийн наадмын анхны аварга” төрж, алтан медаль хүртлээ. Мөн сурын спортод Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Аюушийн Цэвээнмэргэн маань сурын спортын анхны"Хөдөлмөрийн баатар”боллоо. Цэцэн мэргэдийн –Өлгий нутаг, Сэцэнханыхан, зүүн хязгаар Дорнод нутгийнхан маань түүхийн аль ч үед нийгмийг өөрчилж байсан хувьсгалыг эхлүүлж, манлайлан оролцож байсан анхдагчдаараа алдартай. Тэгвэл хойч үеийнхэн маань энэ сайхан уламжлалыг түүчээлэн авч явах учиртай юм.
Дорнодчууд бид аймаг орон нутгийнхаа төлөө гэсэн амбицтай байхгүй бол болохгүй байна. Бид эрч хүчтэй, нэгдмэл гэдгээ бусдад харуулж, хүчирхэг Дорнодыг буй болгох ёстой. Нутгийн зөвлөл маань төрөл бүрийн салбарт ажиллаж буй Дорнодчуудтайгаа ойр байж, бие биенээ дэмжин, эерэг өөриймсөг уур амьсгалыг бүрдүүлж эрч хүчтэй ажиллана гэж төлөвлөж байна. Хүн бүхний оролцоо, зүтгэл маш чухал гэдгийг хэлмээр байна. "Хүчирхэг Дорнодын төлөө” хамтдаа!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих