Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар чуулганы хуралдаан дээр гишүүд байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг зарим хүмүүс намын асуудалтай андуураад байна. Намын даргын асуудлыг ярьж байна гэж битгий андуураарай гэж хэлье. Нэг нам, намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах гэж байна гэж зарим хүмүүс андуураад байгаа. Тийм юм байхгүй. Үндсэн хуулийн 42 дугаар зүйлд, Улсын Их Хурлын 19 гишүүн гарын үсэг цуглуулаад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэж заасан байгаа. Нам болон намын бүлэгт ийм эрх байхгүй. Тэгэхээр 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Тэдний нэгд нь би байгаа гэдгийг тодруулж хэлэхийг хүсч байна. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд рүү сумдын засаг дарга нар янз бүрийн дарамт шахалт үзүүлэх болсон. Тэр хүмүүст нэг зүйлийг хэлэхэд, Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн төв байгууллага, орон нутгийн эрх мэдэл гэдэг тусдаа. Төрийн төв удирдлага руу орон нутаг оролцохыг, орон нутгийн удирдлагын тогтолцоо руу төрийн төв байгууллага шууд нөлөөлөх, оролцохыг хуулиар хориглосон. Иймд ажлаа шат шатандаа хийх ёстой гэдгийг хэлэхийг хүсч байна. Засаглал тогтворгүй болох нь гэж зарим хүмүүс ярьж байна. Монгол Улс парламентын засаглалтай улс. Засаглалын тогтвортой байдлыг парламентад хадгална гээд Үндсэн хуульд тодорхой заачихсан байгаа. Хариуцлагагүй, хууль зөрчдөг Засгийн газарт хариуцлага тооцож болохыг Үндсэн хуулиар заасан. Энэ нь засаглалын тогтворгүй байдлын асуудал бус харин засаглалыг хариуцлагатай, тогтвортой болгох асуудал. Хариуцлагатай, ёс зүйтэй төрийн төлөө хийж байгаа алхам гэдгийг иргэд олон нийт ойлгоосой гэж хүсч байна. Ерөнхий сайдыг огцруулах тодорхой үндэслэлүүд байна. Ерөнхий сайдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, хууль бус гэрээ хэлцэл тоогоо алдсан. Гаргасан шийдвэр болгон үндсэндээ хууль бус байгаа. Цэц дээр очсон шийдвэр болгон үндсэндээ бүгдээрээ унаж байгаа. Өнөөдөр Монгол Улсын валютын нөөц үндсэндээ дууссан. Валютын ханш алдагдаж байгаа нь Засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлоготой шууд холбоотой гэж үзэж байгаа. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, олон мянган иргэд өрөнд баригдаж, олон мянган аж ахуйн нэгжүүд дампуурч байна. Баталгаагүй зээлийн хэмжээ 3 дахин нэмэгдэж, Монгол Улс нэг хүнд оногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд тэрүүлэх хэмжээнд очлоо. Энэ бүх эдийн засгийн үндэслэлүүд Засгийн газрыг, Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл болно” гэсэн юм.
Н.Батаа
uls.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих