Уг уурхайд 12000 орос хоригдол, 45 газар ухагч бульдозер, 25 шороо ачигч эксковатор, 15 км усан хоолой, 58 ус татагч насос, 5 том 20 жижиг дизель цахилгаан үүсгүүр болон хамгаалалтын 8000 цэрэгтэй том бааз байрлаж, 1948 оны хавраас эхлэн 1953 оны зун гэхэд нэг ээлжиндээ 1000 гаруй автомашинаар өдөр шөнөгүй зөөсөөр бүх баялагийг нь цөлмөж дуусгасан гэдэг. Харин 1950 оны намар уг уурхайгаас долоон хүн оргосоны нэг нь Халимагийн мэргэн бууч, ЗХУ-ын баатар ахлах дэслэгч Сусаев байжээ. Оросын цэрэг-цагдаагийн их хүч оргодолуудын араас сар гаруй хөөцөлдсөний эцэст зургааг нь алж устган нутгийнханы хэлдэгээр "хүрэн сахалт”-ыг Хүүлээ хаан уул руу алдаж орхижээ. Угаасаа Хүүлээ хаан ууланд эрт дээр үеийн шилийн эрсийн орогнож байсан хэд хэдэн агуй нуувч бэлээхэн байсан нь мань эрд нуугдах боломж олгосон байна. 1951 оны хавар Хүүлээ хаан ууланд Сусаев бүгж байгаа нь нутгийн олонд илэрхий болсон учир 500 орчим орос цэрэг ирж Борхужирын улаан буланд байрлан үе үе чанга яригчаар уул руу хандан "Чамайг өөрөө ирж бууж өгвөл амийг чинь өршөөнө” хэмээн хэдэн өдөр зарлаж байгаад араас нь хөдөлсөн боловч долоо хоногийн дараа 10-аад хүнээ Сусаевийн суманд алдаад хоол хүнс нь дууссан учир юу ч үгүй бууж ирсэн байна. Үүний дараа 1952 оны зун ЗХУ-аас татаж авчирсан 30 орчим чекист эр "местный” оросуудаар газарчлуулан Хүүлээ хаан руу орж уулан дээгүүр нь байлдааны онгоц хүртэл эргэлдээд бөөн сүр дуулиантай самналт хийжээ. Гэвч 14 хоног хөөцөлдсөний эцэст чекист оросууд тал хувь болох 15 хүнээ "Хүрэн сахалт”-ын мэргэн суманд алдаад мөн л ганзага хоосон буцжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа монголчуудыг хүртэл оролцуулан отолт занга хийж үзсэн боловч Сусаев өөрөө цэв цэвэрхэн харин ч мэдэгдэхүйц хүн хүчний хохирол учруулаад зайлан гарч чаджээ.
Гэхдээ тэрбээр монголчуудыг амин газраар нь бус шархдуулж бууддаг байсан бол харин өөрийгөө мөрдсөн оросуудыг цохонд нь юм уу зүрхээр нь нэвт буудаж алдаг байсан гэдэг. Үүний дараа 1953 оны мөн л Оросын 300 орчим зэвсэгтэй цэргүүд ирж Хүүлээ хаан уулыг нэгжин хүрэн сахалтын араас мөшгөсөн боловч хорь орчим хүнээ хядуулаад ямар ч урамгүй буцсан байна. Энэ явдлын дараа жил хэртэй Сусаевыг мөрдөн хөөх үйл ажиллагааг зогсоожээ. Ингээд 1954 оны зун Москвагаас Катерина хэмээх чекист хүүхнийг авчирч нутгийн ногоочин орос Климовынд суулгахын зэрэгцээ уул усанд дасгаж хэд хоног бэлтгэл хийлгээд хэдэн өдөр цор ганцааранг нь ойд жимс түүлгэхээр морин тэрэгтэй явуулжээ. Катерина хэмээх тэрхүү царайлаг чекист хүүхэн яг л алтан гургалдай шиг уянгалаг хоолойгоор дуулдаг нэгэн байсан гэдэг. Тийнхүү жимс түүж яваад санамсаргүй байдлаар хүрэн сахалттай тааралдаж цаадах нь ганцаардсан эр хүн юм болохоор хүүхэнд шууд л сэтгэл татагджээ. Ийнхүү хэд хэдэн удаа сэжиггүй болзож дотноссоны дараа нэг удаагийн уулзаж болзох газарт нь шилдэг 12 мэргэн буудагч аваачин отоонд суулгажээ. Сусаевыг амьдаар нь барих маш осолтой байсан учир газар дээр нь буудан алах тушаал өгсөн гэдэг юм. Ингээд мань эрийг Катятай болзсон газраа уулзахаар ирэхэд нь мэргэн буудагчид газар дээр нь шууд нам буудан унагасан бөгөөд хожим нь мөн эсэхийг нь үзэж гэрчлэхээр очсон монголчууд биед нь зургаа, толгойд нь гурван сумны нүх онгойж байсан хэмээн ярьдаг ажээ. Оросын шалгарсан 48 шилдэг чекистийг Монголын нутагт буудан устгасан Халимагийн баатарлаг оргодолын үнэн бодит түүх ийнхүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн бөгөөд харин түүний тухай үлгэр туульс шиг өчнөөн яриаг өнөөдөр ч нутгийн ардууд үргэлжлүүлэн зохиосоор байгаа билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих