Миний сорил их энгийн: 21 өдөр өглөө бүр 4:30-т босох байсан ба би сорилдоо "Эртэч21өдөр” гэдэг нэр өгсөн. Ер нь бол би бараг өглөө бүр 6 цагт босоод хэвшчихсэн байсан л даа гэхдээ энэ удаа би илүү цаашаа ахихыг хүссэн юм. Өөрөө өөрийгөө шалгаж, өөрийнхөө хязгаарыг мэдэхийг хүссэн миний хүсэл байсан юм. Мөн энэ сорилынхоо явцыг бусадтай хуваалцаж хүн бүхний итгэж дагаж мөрддөг зарим нэг ойлголтуудыг өөрчлөхийг хүссэн.
Амралтын өдрүүдээрээ их олон өөр зүйлийг хийдэг учраас би сорилоо зөвхөн ажлын 5 хоногт л хэрэгжүүлэхийг сонгосон. Заримдаа амралтын өдрөөрөө ч гэсэн ажиллах шаардлага гардаг ч ихэнхдээ амралтын өдрөөрөө гадуур гарах гэх мэт зүйлсийг хийхээр төлөвлөдөг л дөө. Хэдий би сорилоо өдөр бүр хийж болох ч ажил амьдралын тэнцвэрт байдлыг бас харгалзаж үзэх хэрэгтэй гэж бодсон. Эхний өдрөөсөө эхлээд л би энэ зуршлаа 21 өдрийн дараа ч гэсэн үргэлжлүүлэн хийнэ гэж бодож байсан учраас бэрхшээл гэхээсээ надад илүү ач холбогдолтой зүйл болно гэдэгт найдаж байлаа.
Яагаад заавал 21 өдөр гэж үү? Др. Максвэл Молтз хүн шинэ зуршилтай болохын тулд хамгийн багадаа 21 өдөр түүнийгээ давтах хэрэгтэй гэж хэлсэн тэр онол дээр л үндэслэсэн. (бүх зуршлууд ижил хугацаа бас шаарддаггүй.) Би бүтэх эсэхийг нь мэдээгүй л дээ гэхдээ надад ингэж өөртөө зорилго тавих нь илүү чухал байсан. Миний амьдралдаа баримталдаг нэг дүрэм бол хэрвээ би өртөө зорилго тавих гэж байгаа бол ямар нэг зүйлд заавал хүрэх үр дүнтэй байх эрмэлздэг. Тэгж байж л сая би бүтэлгүйтсэн эсвэл зорилгодоо хүрсэн гэдгээ баттай мэднэ шүү дээ.
Гэхдээ энэ бүхний эцсийн зорилго юу байсан бэ? Өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлж, амьдралынхаа хором мөч бүхнийг зөв ашиглаж сурахыг л хүссэн. Би ер нь үргэлж өөрийнхөө ажил амьдралыг сайжруулж болох арга замуудыг хайж, хийх болох зүйлсийнхээ талаар дэлгэрэнгүй бодож хэрвээ боломжтой юм шиг байвал зүтгээд л үздэг хүн. Миний санаж байгаагаар би ер нь л багаасаа өглөөний хүн байсан тиймээс энэ удаа би өөртөө илүү том зорилт тавьж, бүтээмжээ өсгөж чадах эсэхээ харахаар шийдээд энэ зүйлийг хийсэн.
Тэгэхээр би сорилоосоо юу сурсан бэ? МАШ ИХИЙГ:
1. Хэрвээ өөрийнхөө амьдралын ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсч байвал, өөрчлөлт хийх явцад чинь ирэх бусдын сэтгэлийн дэм, туслалцаа зорилтоо биелүүлэхэд нь маш их нэмэр болдог. Чадахгүй нь дээ, болохгүй нь гээд л бараг бууж өгөх гэж байхад чинь таныг буцаагаад зорилгын тань төлөө чиглүүлж тавих тэр зүйл бол бусдын дэмжлэг. Миний хувьд би өөрийнхөө адал явдлыг Фэйсбүүк дээрх танилууд болон найзуудтайгаа хуваалцсан. Хуваалцах хэрэгтэй гэдгээ би мэдэж байсан л даа яагаад гэвэл хэрвээ миний юу хийж байгааг хэн ч мэдэхгүй бол хэн ч намайг бүтэлгүйтлээ гэж хэлэхгүй шүү дээ. Харин өөрийнхөө түүхээ бусадтай хуваалцах тэр мөчид бусад хүмүүс чамд санаа тавьж, хийж буй зүйл минь зөв эсэх талаар хүртэл бодлоо хуваалцана. Харин би яасан ч бууж өгч бас сул дорой байдал харуулж болохгүй гэдгээ мэдэж байсан. Учир нь би бүтэлгүйтвэл хэнийг ч сүртэй гомдоохгүй байх л даа гэхдээ хэрвээ миний түүх надаас өөр ядаж ганц хүнд ч болов урам зориг өгч чадах юм бол би тэр хүний итгэлийн төлөө сорилтондоо бууж өгч эсвэл бүтэлгүйтэж огтхон ч болохгүй шүү дээ.
2. Хүмүүс байдаг л нэг бус өөр зүйлсийг харах дуртай. Өглөөний 4:30т босч байгаа хүн гэдэг бол мэдээж байдаг л нэг зүйл биш тиймээс миний постууд маш их хандалттай байдаг байсан. Хүмүүс миний эрүүл мэндэд санаа тавьж, маш олон асуултуудыг асууж байсан бол зарим нь хэзээ ч миний хийж буй зүйлийг хийж чадахгүй гэх мэтээр бичиж байсан. Би тэр хүмүүстэй үнэхээр гайхалтай, дотно харилцааг үүсгэж чадсан болохоор надтай холбогдсон хүмүүст би үнэхээр их талархаж байна. Та нар намайг маш олон зүйлийн талаар бодоход хүргэсэн түүгээр ч үл барам энэ нийтлэл бол бидний харилцааны нэгээхэн хэсэг юм шүү.
3. Эрт босохын тулд бага унтах ёстой гэж боддог учраас хүмүүс эрт босч чаддаггүй. Сорилын эхний хэдэн өдөр хүмүүс үнэхээр надад санаа зовж байсан. Ихэнх асуултууд нь нэг зүйлийн талаар л байсан нь: миний унтдаг хугацаа. Мэдээж би үүнийг маш сайн төлөвлөсөн. Миний бие надаас хэдэн цагийн нойрыг шаарддаг вэ гэдгийг мэддэг учраас өглөө босдог цагаа өөрчлөхийн тулд орой унтдаг цагаа бас өөрчлөх хэрэгтэй болсон. Би ихэнхдээ 6-7 цаг унтдаг үүнийгээ ч "Эртэч21Өдөр”-ийн авч үеэр авсан. Тэгэхээр оройны 9:30 юм уу 10 гэхэд л миний унтах цаг болсон байна гэсэн үг. Нэг сонин зүйл олж мэдсэн нь миний унтдаг хугацааг надаас шалгаагаад байсан ихэнх хүмүүс надаас бага цаг унтдаг юм байна лээ. Харин би? Үнэндээ урдынхаасаа ч илүү унтдаг болсон.
4. Замд таарах бэрхшээлүүдийг аажмаар үгүй хий. Хүмүүс үргэлж л иймэрхүү зуршил тэдний хувьд боломжгүй зүйл гэж ярьдаг. Мэдээж үүнийг илүү хэцүү төвөгтэй болгодог хэд хэдэн нөхцөл бий л дээ. Гэхдээ яг үнэндээ аливаа өөрчлөлтийг хийхэд туулах ёстой бэрхшээлийг нь туулаад амьдралаа сайжруулъя гэсэн бодолтой тийм ч олон хүн байдаггүй гэж би боддог. Ер нь нийгэм массаараа залхуу тэгээд ч ихэнх хүмүүс түүндээ уусчихдаг. За яахав надад энэ зорилтдоо хүрэхэд тус болсон хэд хэдэн давуу талууд бий л дээ: Би гэр бүлгүй өөрөө хэлбэл би өөрөө өөрийнхөө өдрийн амьдралыг хүслээрээ зохиох боломжтой. Эцэг эхтэйгээ амьдарч байхдаа би үүнийг хийх гэж оролдсон бол хамаагүй хэцүү байх байсан байх л даа. Таныг доош нь татаад байгаа, үргэлж хүрэхийг хүсдэг ч хүрч чаддагүй тэр зорилгодоо хүрэхэд саад болоод байгаа тэр зүйлсийнхээ талаар бод. Тамхинаас гарах, фитнест явах гэх мэт. Саад тотгоруудыг замаасаа авч хаясанаар, эцсийн зорилгодоо хүрэх илүү амар байх болно. Миний хувьд хэд хэдэн зүйлийг хийх ёстой гэдгээ би мэдэж байсан: Өөрийнхөө амьдралд бүрэн хяналттай байх. Жишээ нь хэдэн цаг ажиллах, хэзээ оройн хоолоо идэх, хэзээ унтах, унтаж байх үед минь юу ч саад болохгүй байх, хүссэн үедээ хаанаас ч ажлаа хийх зэргээ би өөрөө тохируулдаг байх. Надад энэ зүйлүүд бүгд бий. Би ихэнхдээ гарааны бизнесийн байгууллагуудад ажилладаг тийм болохоор хэзээ хаана хэдэн цаг ажиллах вэ гэдэг дээрээ би хамгаас уян хатан байж чаддаг. Энэ давуу тал маань бас намайг гэртээ өдөр эрт эргэж ирэх боломжийг олгодог.
5. Таны бие мах бодийн эрүүл чийрэг байдал маш их тус болдог. Унтах тал дээр бол би гайхалтай азтай залуу шүү. 5-н минутийн дотор л нам унтчихдаг, хаана ч унтчихдаг, өглөө сэрүүлэг дуугарангуут шууд босчихдог. Мэдээж энэ бүгд миний өдөр тутмын амьдралын хэв маягтай шууд холбоотой. Би чанартай хоол хүнс хэрэглэдэг, өдөр бүр спортоор хичээллэдэг бас надад намайг үргэлж зовоодог тийм хэцүү шаналал байхгүй. Гэхдээ амьдралд нь тийм зүйлс байдаг ч гэсэн, ямар ч хүн нойрны чанараа дээшлүүлж чадна гэж би боддог. Үнэндээ энэ бүгд чинь жижигхэн, бяцхан өөрчлөлтүүдийг тодорхой давтамжтайгаар хийхээс л эхэлдэг юм шүү дээ. Олон жилийн турш өөрийн бие мах бодийн хэрэгцээ шаардлага онцлогийг таньж, ойлгож ирсэнийхээ ачаар л өнөөдөр би энэ сорилыг давж чадсан. Юу гэх гээд байна вэ гэхээр би өчигдөрхөн гэнэт өөрчлөгдсөн юм биш л дээ
6. Сэрүүлгээ бага багаар ухрааж унтана гэдгийг март. Аз болоход, надад тийм зуршил байхгүй л дээ, тэгээд ч энэ 21 хоног надад энэ шиг хэрэггүй зүйл байдаггүй юм байна гэдгийг ойлгуулж өгсөн. Миний бодлоор хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хэрэггүй зүйл бол энэ, хэнд ч тус болдоггүй. Хэрвээ та тодорхой цагт сэрэхээр төлөвлөчихсөн байсан бол битгий хойшлуул шууд л бос. Нэг л удаа сэрүүлгээ хойшлуулах таны тэр өдөрт маш хүчтэйгээр нөлөөлнө. Судалгаагаар сэрүүлгээ хойшлуулан 10 минут илүү унтсаны дараа таны бие махбод анх сэрснээсээ ч илүү ядарч, тухайн өдрөө хэд хэдэн зүйлийг хойшлуулахыг хүргэдэг байна. Сэрүүлгэ хойшлуулснаар ямар ч сайн сайхан зүйл бий болдоггүй.
7. Би унтах дуртай, гэхдээ миний биед ердөө л 6-7 цагийн нойр л хэрэгтэй. Энэ хэмжээний нойроо авсаны дараа би дулаан оронд илүү хугацаагаар тухлахыг бус гадаа бодит амьдрал дээр байгаа илүү олон сонирхолтой зүйлсийн араас явахыг илүүд үздэг. Яагаад гэвэл, энэ амьдралыг орхиод одхоороо би хангалттай унтана шүү дээ.
8. Илүү хугацаанд ажиллах боломж. 4:30т босч эхэлснээс хойш надад ажлын өдөр бүр илүү 2 цаг бий болсон. Яаж гэж үү? Өмнө хэлсэнчлэн, би бол өглөөний хүн тийм ч учраас орой 6гаас хойш би чухал зүйл ерөөсөө хийдэггүй. Тэгэхээр, энэ сорилтоор би үр бүтээлтэй зүйл юу ч хийж амждаггүй, нөүтбүүкнийхээ л ард л сууж дэмий өнгөрөөдөг байсан оройн 2 цагаа өглөө илүү эрч хүчтэй байх үедээ илүү бүтээмжтэйгээр маш олон ажлуудыг хийж чаддаг цаг болгон хувиргаж чадсан. Хүн бүхэн унтаж байхад, бодол санаагаа амрааж, илүү үр бүтээлтэй ажиллаж чадсанаараа би илүү хүчтэй энергитэй байж чадаж байгаа гэсэн үг шүү дээ.
9. Би мессэжүүдийг хамгийн түрүүнд үгүй хийдэг. Ихэнхдээ би энэ 2 цагт бүх имэйл болон мессэжүүддээ хариу өгч бас тухайн өдрөө төлөвлөхөд зориулдаг. Өглөөний 6:30 гэхэд бүгдэд нь хариу өгчихсөн байна гэдэг үнэхээр сайхан мэдрэмж. Ялангуяа Фэйсбүүк. Миний бодлоор бүтээмжид хамгийн сөргөөр нөлөөлж буй зүйлийн нэг бол энэ заримдаа бүтэн өдөр хүмүүстэй чатласаар л өнгөрсөн байх нь бий. Хэрвээ та дахиад сайн тунгаан бодвол фэйсбүүкээр ирж буй ихэнх мессэжүүд тийм ч яаралтай хариу нэхсэн байдаггүй өөрөөр хэлбэл маргааш болтол хүлээхэд ямар ч муу юм болохооргүй байдаг
10. Фитнест зарцуулах илүү цаг. Энэ сорилоо эхлэхээс өмнө би фитнест явдаг байсан. Гэхдээ 4:30т босч эхэлснээсээ хойш би долоо хоногт 3н удаа явдаг байсныгаа 4-5 болгож нэмэгдүүлж чадсан. Фитнест явах үедээ би аль хэдийн 2 цаг ажилчихсан бас тийм ч ядарсан байдаггүй. Дасгал сургуулилалт хийх цаг алга гэж боддог хүмүүс энэ талаар бас нэг бодоод үзэх хэрэгтэй.
11. Хорвоо дэлхийг харах шинэ өнцөг. Эрт босч сурснаар миний эргэн тойронд байдаг маш олон зүйлийг олж харах боломжтой болсон. Нар мандаж байхад гүйх эсвэл Лисабоны урд нь очиж үзэж байгаагүй газруудаар очих гэх мэт өдөр тутмын энгийн хуваарьтайгаар яасан ч хийж амжихгүй зүйлийг би хийж чаддаг болсон.
12. Мэдээж, танд үүнийг хийх хүсэл эрмэлзлэл хэрэгтэй. Хэрвээ танд байхгүй бол хэн ч танд бий болгож өгөхгүй бас та явцын дундаас бууж өгөх магадлал маш өндөр. Аа гэхдээ танд хүсэл эрмэлзлэл байгаа бол таныг хэн ч зогсоож чадахгүй!
ЖИЧ: Хэрвээ та энэ хүртэл уншсан бол эрт босохыг хүссэн, амьдралаа өөрчлөхийг хүссэн, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн чин эрмэлзлэл танд байгаа гэдэгт би итгэж байна. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих