ДОРНОД ДЭЭД сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор Очирбатын Янжмаа
- Өдрийн мэнд. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?
- Баярлалаа. Намайг Очирбатын Янжмаа гэдэг. Дорнод нутгаараа овоглосон Зүүн бүсийн дээд сургуульд томилогдон ажиллаад хоёр жил болох гэж байна. Ирж байсан маань саяхан мэт санагдавч сургуулийнхаа хамт олноос гадна нутгийн зон олонтой танилцаж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна
- Та чинь аль нутгийн хүн билээ?
- Би Цэцэнсартуулын хошуу, одоогийн Завхан аймгийн уугуул хүн. Миний аав олон жил төрд зүтгэсэн буурал бий. Завхан аймгийн засаг даргаар арав гаруй жил ажилласан хүн. Ер нь манай удам угсаа бүгд төрийн хүмүүс. Аав ээжийнхээ адил төрийн жинхэнэ албан хаагч хэмээх хүндтэй ажлыг үргэлжүүлж байгаадаа сэтгэл өег явдаг даа. Энэ ч утгаараа БНХАУ-д төрийн захиргааны удирдлагаар хамгаалсан. Аав минь төр хүнээр дутахгүй, хүн төрөөр дутна шүү гэж захиж хэлснийг нь үргэлж санаж явдаг юм.
- Таныг боловсролын яаманд олон жил ажилласан гэж сонссон.
- Их сургууль төгсөж ирээд л яаманд ажилласан. Хорь шахам жил боловсролын салбарт ажиллаж байна.Одоо бодоход би бас нэлээд олон жилийг сурч боловсроход зориулчихжээ.
- Таны ажлын өдөр хэрхэн эхэлдэг вэ?
- Би оройдоо маргаашийнхийх ажлаажагсаагаад өглөө нь чухлаас нь эхэлдэг. Орой тарахад төлөвлөсөн ажлууд минь ихэнх нь биелэгдсэн байх сайхан байдаг юм. Урьд хөршид сурч байхдаа амьдралдаа хэрэгтэй олон хэвшил олж авсан гэж боддог. Жишээ нь, орой эрт унтаж өглөө эрт босох, өглөөний цайгаа заавал уух, өдөр заавал 30 минут амрах, цагтай уралдахын сайхныг мэдрэх гээд сурсан дадсан зүйлийг хэлж болох юм даа
- Яагаад Дорнод аймагт ирж ажиллах болов. Яамнаас томилогдсон юм уу?
- Яаманд ажиллаж байсан хүнийг шууд томилно гэж ойлгож болохгүй л дээ Тийм дүрэм журам ч байхгүй. Бусдын л адил захирлуудын сонгон шалгаруулалтад орж, хөдөөгийн боловсролын салбарт илүү ойр ажиллаж, өөрийгөө сорих ирмүүн хүсэл минь намайг дийлсэн гэж хэлж болно. Зарим хүмүүсийн хараад байгаа шиг би аль нэгэн намын юм уу хэн нэгний татаасаар энд ирээгүй. Хүмүүс ингэж харддаг нь одоо үед хэвийн зүйл болсон бололтой.
- Тэгвэл хөдөөгийн салбар ямар сэтгэгдэл төрүүлэв?
- Хөдөө орон нутгийн боловсролын байгууллага, их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудын ихэнх нь аймгийн төв, хөдөө сумдаас ирж байгаа болохоор соёлын ялгаа байлгүй яах вэ. Гэхдээ өнөөдөр сургалтын агуулга, арга зүйгөөрчилж, оюутнуудыг бие дааж сургах, чадваржуулах, нийгэмшүүлэх, сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулж, хаана ч сурсан ялгаагүй байж чадах таатай орчин бүрдүүлж чадвал олон асуудлын шийдлийг олж болно гэж бодож байна. Нийслэлд мундаг мундаг эрдэмтэн багш нар олон л байдаг. Гэтэл оюутнуудаа яагаад сурч чаддаггүй юм, яагаад муу сурдаг юм гээд дүнгээр далайлгаад суух нь элбэг. Харин тэдний дотоод ертөнц рүү нэвтэрч юу хүсэж байгааг нь мэдэрвэл олон зүйл ойлгох байх л даа Өнгөрсөн жил гаруйн хугацаанд манай сургуулийн багш нар багаар ажиллаж, бүтээн байгуулж, оюутнуудынхаа сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хамтаараа хүртэж байгаа нь бидний ололт гэж хэлэхэд таатай байна. Хот газраас ирсэн зарим хүмүүс манай сургуультай танилцаад танайх чинь хотод үзээгүй орчин бүрдүүлж чадсан байна гэдэг. Хүн болгон чаддаг, гагцхүү хийдэг байх нь чухал гэж бодох юм. Хийж чадвал үр дүн аяндаа гарна. Хот суурин газар олон жил амьдарсан миний хувьд хамгийн түрүүнд олж харсан зүйл бол манай хөдөөгийн багш нар чадвараар хэнээс ч дутахгүй гэдэг нь анзаарагдлаа.
- Бас аливаа ажилд сэтгэлээсээ хандах нь чухал байх?
- Тэгэлгүй яахав. Сэтгэл байвал бүтэхгүй зүйл гэж үгүй. Энэ жил манай хамт олон сүүлийн арван жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт. Үүнийг Янжмаа сайндаа хийчихсэн, олоод ирсэн юм биш. Жил болгон хуваарилдаг төсөв, хэн ч бичээд өгчихөж болох төсөл хөтөлбөрт бид багаараа хамрагдсан. Багаар ажиллана гэдэг ширээ тойроод ярилцаад суух, хананд нэг уриа лоозон бичих асуудал биш юм. Тухайлбал, /А3-ийн/тендерийн сургалтад манай 8 багш хамрагдаж гэрчилгээ авсан байх жишээтэй
- Хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг бага тоо биш. Бага зэрэг нэмж тодруулахгүй юу
- Яахав, бид хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлуудаа шат дараалан хэрэгжүүлж л явна. Энэ жил хэд хэдэн эрдэм шинжилгээний хурлуудыг хийлээ. Зүүн бүсийн Монгол судлалын төв, Амьдрах ухааны танхимийг байгууллаа. Мөн судалгаа мэдээллийн сантай болж, төлөвлөсөн судалгааны ажлууд хийгдэж эхэлж байна. Магистрийн ангийг нээж ард иргэддээ орон нутагтаа өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжоор хангаж байна. Бүтээн байгуулалтын нэлээд ажил хийж байна. Өөдлөх айл үүдээсээ гэж үүд хаалгаа шинэчилж, сургуулийнхаа дээврийг засч янзаллаа.Дорнод дээд сургууль Түшиц цэцэрлэгтэй боллоо. Сургуулийн түүхэн танхим, цахим студитэй болж зайн сургалтыг оюутнууд маань хүлээн авах боломжоор хангагдаж байна. Бид бие даасан хэвлэх үйлдвэртэй болж өөрсдийн бүтээлээ хэвлэх, иргэдэд үйлчлэх кинотеатрын төслийг амжилттай хэрэгжүүлээ. Удахгүй спорт заалны дотоод засварын ажил Дээд боловсролын шинэчлэлийн төслөөр хэрэгжих гэж байна. Энэ мэтчилэн амжилттай хийж хэрэгжүүлж яваа ажил бий. Үүнийг дан ганц Янжмаатай холбож ойлгож болохгүй л дээ. /Би өөрийгөө рекламдаад байгаа юм биш./ Бидний, манай хамт олны бүтээж хийж чадаж байгаа ажил энэ.
- Цэцэрлэг байгуулах санаа яаж төрөв өө?
- Манай хамт олны ихэнх нь залуучууд. Ажиглаад байхад манайхан нэг л тогтвор муухан, өндөлзсөн, ар гэртээ санаа зовсон шинжтэй байдаг байлаа. Аргагүй л дээ. Залуу гэр бүл, хүүхдийн асуудал байгууллагын ямар ч удирдлагын анхаарах асуудлын нэг гэж боддог юм. Энэ нөхцөл байдлыг харгалзаж, багш ажилчдынхаа ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс цэцэрлэг байгуулах бодол төрж хамт олонтойгоо ярилцаж судалж байгаад зүтгэсэн. Хажуудаа цэцэрлэгтэй байх нь хүүхдэддээ санаа зоволгүй ажлаа тайван хийхэд чухал нөлөөтэй гэж бодсон хэрэг. Манайд зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан байраа цэцэрлэг болгон тохижуулсан. Сая бид яамны санхүүжилтээр цэцэрлэгтээ тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийж чадлаа. Одоо жигдрээд боломжийн ажиллаж байна.
- Таны амнаас хамт олон гэсэн үг их сонслоо…
- Тэгэлгүй яахав. Хамт олон нэгдэж нягтарч санаа нэг байж л аливаа байгууллага урагшилна шүү дээ. Манайхан аливаа нэг арга хэмжээ гэхээр л заавал нэг дарга нээдэг. Хэдэн дарга нараа залхааж байгаа юм шиг индэр дээр тусгаарлаад суулгачихдаг. Энэ байдлыг халах хэрэгтэй. Энэ жил манай сургууль багш нарын баяраа үйлчилгээний ажилтнуудаараа нээлгэсэн. Хамт олон нь нулимс дуслуулан хүлээж авч байна. Энэ чинь хүн хүнээ хүндлэх, ойголцох нэг гарц шүү дээ. Дарга нар энд тэнд тууз хайчлах болохоор бөөнөөрөө ирдэг. Харин оюуны болоод боловсролын салбарын үйл ажиллагаанд оролцох тал дээр муу. Энэ жил бид бүсийн болоод улсын хэмжээний хоёр ч эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Удирдлагуудаас урьсанхэдий ч хангалттай ирээгүй. Энд нутгийн л нэр гарна. Зочид төлөөлөгчид, оролцогчид аймаг нь хэрхэн хүлээж авч байгаагаас ач холбогдолыг нь мэдэрнэ шүү дээ. Манай эрдэм шинжилгээний хурлаас орон нутгийн түвшинд шийдвэрлэвэл зохих асуудлыг тусгасан зөвлөмжийг бид бас хүргүүлсэн. Одоогоор ямар нэг хариу ирээгүй л байна. Иймд бид ч энэ байдалд анхаарч тэднийг оролцуулах менежментээ хийх болно.
- Танай сургууль одоо хэдэн оюутан бэлтгэж байна, ер нь танай төгсөгчдөөс ажлын байраар хангагдаж боломж хэр өндөр байдаг вэ?
- Өнөөдрийн байдлаар манай сургуульд мянга гаруй оюутан суралцаж байна. Манай төгсөгчдийн 84,4 хувь нь ажлын байртай болсон судалгааг би өчигдөрхөн Аймгийн Засаг даргын тамгын газарт явуулсан. Бид манай төгсөгчдөөс үлдэж байгаа тодорхой хэмжээний хувьтай хүмүүс яагаад ажилгүй байна гэдэгт анхааралаа хандуулж эдэнтэйгээ дахин суралцах, дадлагажих, зөвлөн туслах үйл ажиллагааг хийнэ. Ер нь аран нутагт төгссөн оюутан маань ажлын байраар хангагдах талд хотынхтой харьцуулбал их өндөр байдаг давуу тал бий. Үүнд бид санаа амар байлгүйгээр илүү ихээр анхаарч ажиллана. Төгсөгчид маань бидний нүүр царай шүү дээ. Энэ намар Монгол улсын хэмжээнд явагдсан багшлах эрхийн шалгалтад манай сургуулийн 112 төгсөгч онлайн шалгалтад хандаж ороод 92 нь тэнцлээ. Энэ бол манай сургалтын чанарын үзүүлэлт гэж бодож байна. Оюутан, төгсөгчдийн амжилтаас дурдвал нэлээд урт жагсаалт болох байх
- Цаашид ямар ажлууд хийж сургуулиа хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?
- Бидний өмнө нэг том зорилго байгаа. Тэр бол их сургууль болох. 2020 он гэхэд Зүүн бүсийн хамгийн том их сургуулийг цогцлоох сэтгэл, тэмүүлэлтэй ажиллаж байна. Энэ жил бид оюутны хотхон барих 40 га газартай боллоо. Одоо хотхоноо хэрхэн барих, дэд бүтцийг нь яаж шийдэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны хотхоноор хөгжүүлэх баг гараад судалж байна. Бүс нутгийн төв Дорнод аймагтаа Зүүн бүсийн сургалт судалгааны төв их сургууль болон хөгжих нь зайлшгүй юм. Бид бүсээр хөгжих, хамтран бүтээж ажиллахаа эрхэм болгож Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулсан. Аймаг бүрт брэнд спортын төрлийг хөгжүүлэхэдмэргэжил арга зүйн чиглэлээр зөвлөн заах, хамтарч ажиллах санал санаачлагыг гаргаад ажлаа эхлүүлээд явж байна. Мөн жил бүр өөрийн аймгийн шилдэг оюутныг шалгаруулж сургалтын төлбөр дээр нь туслах санаачлагыг гаргасан. Хөрш хоёр аймгийн удирдлагууд бидний санаачлагыг нааштайгаар хүлээж аваад байгаа. Манай Засаг дарга ч эерэг хандана гэж найдаж байна. Ямар нэгэн шагнал урамшуулалд мөнгө гаргахгүй гэсэн хэдий ч оюутан залуучууд, ирээдүйгээ бодож эргэж харах байлгүй дээ. Дорнод нутаг хэнээр, юугаар бахархах вэ гэж бодсон. Ингээд жишиг их сургуультай болоод дээр нь Дорнод нутгаас төрсөн их эрдэмтэн, соёнгэгээрүүлэгч Онходын Жамъян гуайн нэрэмжит сургууль болгох санаа байгаа. Харин үүнийг аймгийн ИТХ хурал шийддэг юм билээ. Баянтүмэн сумын найман жилийн сургуулийг Онходын Жамъянгийн нэрэмжит болгоно гэсэн яриа ч сонссон. Уг нь энэ хүн Монголын, цаашилбал монгол туургатны хэмжээний хүн. Сангийняамнытэргүүн сайд, Ардыггэгээрүүлэхяамныанхнысайд, одоогийнШинжлэхУхааныАкадемийн эх үүсвэрболох"Сударбичгийнхүрээлэн”-гийндарга, жанжинД.Сүхбаатарынбагш,Лувсанданзаны "Алтантовч” хэмээхховорнандинсурвалж, МонголДанжуурын 226 ботийголжзаланУлсынномынсангүндэслэнбайгуулсангавьяат, ардынбагш хүн шүү дээ. Тэгэхээр зүүн бүсийн их сургуулийг овоглож явах нь агуулга, ач холбогдлын хувьд илүү тохиромжтой санагдаад байгаа юм.
- Их сургууль болох бэлтгэл хэр хангагдаж байна?
- Бид Зүүн бүсийн хөгжлийг түүчээлнэ гэсэн эрхэм зорилготой. Зүүн бүсийн сургалт, судалгаа инновацийн төв их сургууль болно гэсэн алсын хараатай ажиллаж байна. Орчин үеийн судалгаанд суурилсан нээлттэй их сургууль болоход бидэнд оновчтой менежмент, уйгагүй хөдөлмөр, улс, бүс нутгийн дэмжлэг хэрэгтэй. Бид стратеги төлөвлөгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд ажиллаж байна. Юуны өмнө сургалтын хөтөлбөрийн хороод байгуулж, хөтөлбөрүүдээ бүрэн шинэчилж чанаржуулж байна. Цаашид олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах зорилт бий. Төлөвлөсөн олон ажил бий. Магистрийн өдрийн болон эчнээ ангийн тусгай зөвшөөрөл авснаар өнөөдөр 100 гаруй магистрант сурч, профессор багш нарын багаар сургалтыг явуулж байна. Бидбаг хамт олноороо энэ эрчээрээ ажиллаж их сургууль болох ирээдүйгээ улам ойртуулах болно.
- Сургуулийн гадаад харилцаа ямар түвшинд байна?
- Энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. ӨМӨЗО болон Буриадын Улаан-Үдийн багшийн их сургуультай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Манай сургуульд 22 гадаад оюутан суралцаж байна. БНХАУ, Япон, Солонгос Улсаас оюутнууд ирж сурч байгаа. Америк, Солонгос, Хятад багш нар гэрээгээр ажиллаж байна. Мөн ОХУ-ын Чита хотын их сургуультай хамтран ажиллах гэрээ хийхээр хэлэлцэж байна. Цаашид гадаад харилцаагаа улам тэлэх зорилго бий.
- Өнөөгийн боловсролын систем хэрхэн ажиллаж байгаа гэж та боддог вэ?
Өнөөдөр боловсролын систем оновчтой гольдрил руугаа явж байна гэж үздэг. Бид өмнө нь ямар нэг улс орны сайн гэж үзсэн болгоныг даган дуурайж өөрсдийн онцлог, нөхцөл боломжоо төдийлөн харгалзаж үздэггүй, алдаж онож, арга замаа хайж байсан үе бий.Сүүлийн жилүүдэд хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анхаарч, боловсролын байгууллага, багш нарын бие даасан байдлыг хангаж чадваржуулж хөгжүүлэх, иргэдийн насан туршийн болосролын тогтолцоонд анхаарах болсон нь орчин үеийн нийгмийн шалгуурт нийцэж байна гэж бодож байгаа. Хэт нэг талыг баримталсан сонголт муутай тогтолцооноос салж, орчин үеийн боловсролын мөн чанар, нийгмийн шинэчлэлд нийцсэн хөгжлийн оновчтой бодлого руу шилжсэнээр бидний хойч үе хөгжил төлөвшилд шилжинэ.
- Одоогийн багш нарт ямар шинэ боломжууд байна гэж та харж байна?
Одоо багш нарт өөрөөс нь боломжууд үүдэн гарах боломтой боллоо. Интернет, цахим орчин бүрдэж ажиллаж сурах өөрийгөө хөгжүүлэхэд үндсэндээ дутах зүйл байхгүй болсон гэхэд болно. Өнөөдөр хөрвөх чадвартай аливаад уян хатан, хурдан сэтгэдэг, шуурхай ажилладаг багшид хөгжих, дэвших, бусдыг манлайлах боломж маш их байгаа нь ажиглагддаг. Тийм багш нар олон байх тусам боловсролын байгууллагад чанарын баталгаа, хөгжил төлөвшилийн хурд ямар байх нь ойлгомжтой. Иймд чадварлаг багш нарыг бид ямагт дэмжих болно.
- Бүтэц бүрэлдэхүүндээ нэлээд хөдөлгөөн хийсэн гэж сонссон. Шинэчлэх шаардлага гарав уу?
- Хүмүүс хэлдэгдээ, тэр энэ дарга ирээд багаа бүрдүүлээд гэж. Харин надад тийм бодол байгаагүй, тийм санаа бодол тээж ч үзээгүй. Надад энэ нутагт, энэ сургуульд ажиллаж байгаа хүн бүр ижил, ямар нэг танил тал, илүү дутуу хандах шаардлага ч байхгүй. Ер нь боловсролын байгууллагын удирдлага өөрийн ажлын онцлогоо дагаад ч юм уу, хэзээ ч ийм асуудал гаргах ёс зүйн үндэс байхгүй гэж бодогддог юм. Харин ажил хариуцах чадвар, хариуцлагын асуудал бол өөр зүйл. Миний хувьд хамт олондоо жигд шаардлага тавьж, ажлын гүйцэтгэл, өөрийгөө хөгжүүлэх санаачлага, хөрвөх чадвар, аливаад хандах хандлага, идэвхийг нь онцолдог. Өнгөрсөн хугацаанд манай сургуульд олон сайхан шинэ залуу багш нар ажилд орж үндсэндээ бид орон нутагтаа хамгийн олон хүнийг ажлын байртай болгосон байгууллагын тоонд орж байгаа болов уу . Ажлын болон хувийн шаардлагаар ажлаасаа гарч өөр ажилд орсон хүмүүс ч бий. Хамгийн гол нь багаар ажиллахад чадвартай, санаачлагатай хүмүүс маш их хэрэгтэй байдаг. Тийм баг хамт олон хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байна. Манай сургуульд хэд хоног ажилласан хүн манайхны ажил хэрэгч, тасралтгүй үйлийг олж харах байхаа. Энэ бол миний, бидний бахархал гэж хэлж болно.
- Цаг цав гаргаж ярилцсан танд баярлалаа, цаашдын ажилд тань амжилт хүсье.
Намайг сониныхоо зочноор урьсан танай хамт олонд баярлалаа. Дорнод нутгийн тал шигээ уужим сэтгэлтэй сайхан ард түмэнтэй мөр зэрэгцэн ажиллаж амьдрахад үнэхээр сайхан юм. Надад түшиг болж буй хамт олон, оюутан залуучууд,нутгийн ажилсаг иргэдэд сайн сайхныг хүсье.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих