Дэлхий нийт шинэ хүйтэн дайны ирмэг дээр ирээд байна хэмээн ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев Берлин хотноо мэдэгдлээ. Тэрээр Берлины хана нурсны 25 жилийн ойн ёслолд оролцох үеэрээ өрнөдийн орнуудад хандаж Оростой яриа хэлэлцээгээ сэргээхийг уриалсан байна.
Саяхан 83 нас хүрсэн ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч хоёр Герман нэгдсэний хүндэтгэлийн ёслолд уригдсан юм. Ёслол нэгдсэн Германы билэгдэл гэгддэг Берлин дахь Бранденбургийн хаалган дээр болж, Горбачев Оросын албан ёсны төлөөлөгчийн хувиар оролцжээ. "Том гүрнүүд яриа хэлэлцээгээ зогсоохын хэрээр Европ, Ойрхи Дорнодод цус урсаж байгаа нь томоохон түгшүүр төрүүлж байна. Дэлхий нийт шинэ хүйтэн дайны ирмэг дээр ирээд байна. Зарим нь энэ дайн аль хэдийнэ эхэлсэн хэмээн үзэж байна” хэмээн тэрээр онцолсон байна. Түүний хэлж буйгаар, 1991 онд ЗХУ задарсны дараа өрнөдийн орнууд, тэр тусмаа АНУ хүйтэн дайнд ялсан мэт суртал ухуулга их явуулсан. Үүний улмаас дэлхийн улс гүрнүүд Югослав, Ойрхи Дорнод, өнөөдөр Украин дахь дайн, мөргөлдөөнийг зохицуулж чадаагүй ажээ. Горбачев өрнөдийн орнуудад хандан, Крымийг нэгтгэж, Украин зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа Оросын албаны хүмүүсийн эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалж, итгэлцлийг сэргээж, Кремльтэй яриа хэлэлцээг сэргээхийг уриалав. Тэрээр Герман руу явахаасаа өмнө "Би Берлинд Оросын болон түүний Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалах болно” хэмээн мэдэгдсэн юм.
"Берлины хана нурсны 25 жилийн ойг тохиолдуулаад дахин хэзээ ч ийм чулуун, ёс суртахууны хана бүү бий болоосой гэж хэлэх байна. Нэгэн хүүхдийн үлгэр дээр цэцэн муур "Найрсаг амьдрах хэрэгтэй” гэдэг, тэр үгийг хэлье. Берлинд улс орны удирдагчид, олон нийтийн зүтгэлтнүүдтэй уулзахдаа Оросын, Ерөнхийлөгч В.Путиний байр суурийг хатуу хамгаалах болно. Путин Оросын ашиг сонирхлыг хэнээс илүүтэй хамгаалж байгаа гэдэгт би итгэдэг” хэмээн Горбачев "Интерфакс”-т ярьсан байна. 1989 онд Берлины хана нурж, хоёр Герман нэгдэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн зөвлөлтийн экс лидерийг Германд ихэд хүндэтгэдэг билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих