Дэгжих төрийн дээл
Бүтэх төрийн бүс
Мандах төрийн малгай
Түших төрийн гутал ....хэмээн цэцэлдэг болсон.
Үнэн ч юм шиг. Дээл хувцсаа өмсөх соёл ахуй сүрхий нэвтэрсэн ч баяр
ёслол, хүндэтгэлийн гэсэн утга нь давамгайлаад нийтлэг өмсөх нь бас л
ховордуу байна. Ямар боловч цагаан сар, наадам, хурим найранд дээлээ
өмсөх учиртай гэсэн нэг ойлголт бий болжээ...
Дээл ингэж сэргэхдээ өөрийнхөө загвар хийцийг олон янз болгож
хувиргалаа. Бидний олон жил өмсөж ирсэн дээлний захыг энэ бол манжийн
бодлого ийм байх ёстой гээд захын нэг дуучин залуу "ном” айлдаж ташуу
захтай дээл өмсөж гангарлаа. Сэргэн сэнхрээд удаагүй байсан дээл маань
бас л улс төрийн хүрээнд манжийн дарлал, тусгаар тогтнолын асуудлаар
орооцолдож эхэллээ... Ташуу энгэртэй дээл их өмсөх боллоо. Намайг хүүхэд
байхад лам захтай дээл л гэдэг байлаа. Бид ямар үүх түүхийг нь мэддэг
байсан биш. Монгол дээл хувцасны хөгжил түүхэн замналаас товч дурдвал
монголчуудын хувцасны нэн эртний дурсгал нь шинэ чулуун зэвсгийн үе,
хүрэл, төмрийн үеийн судлалын олдвороос мэдэгдэх бөгөөд угсаатны өвөрмөц
янз маягийг олсон нь манай эриний өмнөх цагийн монгол овогтны өвөг
дээдэс болох Хүннү нарын үед хамаарагддаг. Хүннү нарын хувцас нь монгол
орны эрс тэс уур амьсгалд зохицсон, мал аж ахуй эрхлэж нүүдэллэн аж
төрдөг нөхцөлтэй ихэд уялдсан хэлбэр маягтай байжээ. Хүннү нарын
хувцасны зүйлс, монгол газар бүхий Хүннүгийн булшнаас биетээр олдсон
байдаг...хэмээчмихүй. Үүнийг угсаатан судлаачид, соёл судлаачид
археологийн судлаачид эртний түүхэн явцыг нь дээрх маягаар тодруулахдаа
бидний монголчууд байгаль цаг уурын араншиндаа зохицуулан хийсэн нийтлэг
хувцас л гэж ойлгуулаад байна. Тиймээ, эх газрын эрс тэс уур амьсгалтай
манай орны тухайд дээл шиг үнэнч нь, тийм тохирсон загвар нь одоохондоо
л олдоогүй гэж хэлж болно.
Бас өвлийн жавраас хаацайлан бээлийний үүрэг гүйцэтгэдэг нудрагыг нь
хүртэл улс төржүүлээд авсан. Монголчууд айлд орох, мэндлэхдээ нудрагаа
буулгаж, хутгаа бүснээсээ авч унжуулдаг нь амар тайван, хорон муу
санаагүй гэдгээ л илтгэх бэлэгдэл болохоос өөр ямар нэг утга байхгүй
ээ...
Одоо улс төрд ханцуй наймаа гэдэг нэр томьёо газар авч албан тушаал, эд
хөрөнгө авлига гээд олон зүйл ханцуй наймаа болж хувирлаа. Монгол
дээлний урдуураа битүү зөрдөг энгэр нь өврөөр салхи оруулахгүй, бүсэлж
юм өвөртлөхөд зохилдсон байна. Мөн дээлний нударга нь гар хамгаалах
болон юм барих жийрэг болдог. Энэхүү солгой энгэр нь нийт нүүдэлчин
аймгуудад дэлгэрч байгаад хожим монгол угсаатных зөв, түрэг овогтных нь
буруу энгэртэй болсон байна. Одоо ч зарим нутагт хүүхэд нь тогтдоггүй
айл энхэр хүүхэддээ буруу энгэртэй дээл хийж домнодог ёс бий. Би дээлний
тухай ярихдаа улс төртэй холбоод байгаа нь үнэндээ бол ямар ч улс
төргүй юмыг улс төржүүлж байгааг л шүүмжлэх гэсэн юм. Үнэндээ бол
өнөөдөр хүн хүндээ итгэх итгэлийг улс төр увайгүй явдал л хөндийрүүлж
байна. Түүнээс хар аяндаа хүн хүнээсээ хөндийрөөгүй ээ. Эгэл жирийн ард
түмэн ойр дөт л амьдарч, ядарсан нэгэндээ гар сунгаж, хоёр идэх хоолоо
хувааж идсээр л байгаа. "Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд гэдэг
амьдралын хууль үйлчилсээр л байна. Бас ч "чи улс төрөөр оролдохгүй ч,
улс төр чамаар оролдоно” гэж хэлсэн нь үнэнд их ойр ухагдахуун. Түүнийг ч
ард түмэн амсаж эхэллээ.
Хэдэн жилийн өмнө "өнөө муу дээл” чинь бас л нэг хүний муухан тодотгол
болоод авсан. Та мэдэж л байгаа даа. Монгол Улсын гурав дахь
ерөнхийлөгчөө, өмнөх ерөнхийлөгч асан нь "урт шар дээл”-ний тухай ёжоор
ярьж сэрэмжлүүлсэн явдал байлаа. Үнэндээ хэн юу өмсөх нь хэнд хамаатай
билээ. Хүнийг өмссөн зүүснээр нь нэрлэх хочлох нь их бүдүүлэг юм
даа...Тэгээд ч даахин доор морь, дахан доор эр” гэдэг биз дээ... "Асар
уудам газар нутагтай бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчин
Монголчууд цөөн хүн амтай орны хөрс газар тариалан эрхлэхэд төдийлөн
тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа будаагаа
зэргэлдээ орших суурин омог аймгуудаас авдаг. Заримдаа худалдааны
хэлцлээр бараа солилцооны маягаар, яриа хэлэлцээрээр бүтэхгүй үед дайрч
дээрэмдэн авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дайнч, моринд
гарамгай монголчуудын хувцас хүний хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван
цагт ч, дайн тулааны үед ч өөрчлөгдөхөөргүй хэв загвартай, салхи хаасан
битүү энгэртэй, гар даарахгүй нударгатай дээл, морин дээр удаан явахад
биед түшигтэй өргөн бүс, урт өмд, өвдөг хүрсэн урт түрийтэй гутал
сэлтээс бүтэж байв”. Түүхэнд ингэж онцлосон байдаг.
Тэгтэл бас л өнөө дээлийг минь улс төрийн жишээ болголоо. Дан дээл
давхар дээлний тухай ёж яриа. Тэр нь бүүр улс төрийн хүрээний албан ёсны
хэллэг боллоо. Дарга, цэрэггүй бүгд л нэг хэсэг дан, давхар дээл гээд
ярилаа. Үнэндээ бол монгол дээлийг дан дээл, даавуун дээл, нэхий дээл,
азарган дээл, үзүүрсгэн дээл, сэгсүүргэн дээл, хурган дээл, хөвөнтэй
дээл, торгон дээл, үйтэнхуаран дээл, даалимбан дээл, жигүүнэн дээл,
чисчүү дээл л гэж хийсэн эдээр нь ялгамжлан нэрлэдэг. Давхар дээл гэдэг
ойлголт байхгүй. Дан дээл гэдэг нь задгай энгэргүй хормойноос суга
хүртэл битүү, угалж өмсдөг арай өвөрмөц хийцтэйг нь хэлдэг. Эмэгтэй
хүнтэй холбоотой загвар. Харин давхац гэж нэг нэрлэлт бий... Ямар боловч
дээл бол монгол үндэстний бусдаас ялгарам бие даасан олон төрөл зүйлтэй
хувцас. Хүндэтгэлийн эд өлөг. Түүнээс захын хүн элдэв дээдийн юманд
хэрэглээд нэрийг нь бариад байх даржин зүйл биш ээ... Тэгээд ч Монгол
гүрний их хаад Мөнх 1252 онд, Хубилай хаан 1275 онд тайлга ёслолын
хувцасны дүрэм хуулийг удаа дараа гарган тогтоосон бөгөөд чингэхдээ
хуучин хэлбэрийг хэвээр авч, чимгийг маш их болгосон байдаг. Одоо манай
оронд нутагладаг хориод ястны дээл нь 400 орчим, гутал нь хориод, бүс нь
арав орчим төрөл байдаг. За та нартайгаа улс төрийн өнгөөр монгол
дээлнийхээ тухай жаахан мэдээлэл өглөө... Улс төржих юм, улс төржихгүй
юм гэж зааг ялгаатай баймаар даа...Үүний төлөө л дээл таныг дэлгэн
үзүүллээ.
Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих