Дэлхийн II дайны домогт мэргэн бууч Василий Зайцевын тухай өгүүлсэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн "Хаалганы цаана дайсан” нэртэй кино бий. Түүнд ЗХУ болон нацист Германы мэргэн буучдын амь өрссөн тулааныг харуулдаг. Тэгвэл Василйи Зайцеваас дутахгүй нацист офицеруудын эрлэг байж, Герман мэргэн буучдыг олноор нь устгасан Жамбал Тулаев гэх нэгэн буриад эр байх.
Тэрээр Улаан армид 1942 оноос эхлэн тулалдаж, Баруун-Умард фронтын 27 дугаар армийн мэргэн бууч байхдаа тухайн оны тавдугаар сараас аравдугаар сарын хооронд дайсны 262 офицерийг устган ЗХУ-ын Баатар болж байжээ. Тэрээр Василий Зайцевын адил эсрэг талын мэргэн буучидтай халз тулаан цөөнгүй хийсэн бөгөөд Германы 30 мэргэн буучийг устгасан нэгэн. Домогт эмэгтэй мэргэн бууч Людмила Павлюченко л түүнээс олон буюу 36 нацист мэргэн буучийг тонилгосон гэдэг.
Буриадын Тагархай тосгонд 1905 оны тавдугаар сарын 2-нд төрсөн тэрээр хар багаасаа тайгад өвөөгөө даган ан хийж явсан аж. Дуу цөөнтэй тэрээр цөс ихтэй, зоригтой дайчин байжээ. 1942 оны дөрөвдүгээр сарын 1-нд салааны дарга Негодяев түүнд дайсны пулемётын тасгийг устгах даалгавар өгчээ. Жамбал дайсны хүчтэй галыг ганцаараа сөрөн урагшилж, пулемётын тасгийг нэгд нэгэнгүй хараа оноондоо аван устгаж хэн болохоо анх харуулсан гэдэг. Мөн оны дөрөвдүгээр сард түүний алба хааж байсан батальон дайсны давшилтыг тэсэлгүй ухарч эхлэхэд "Ухрах тушаал өгөөгүй байхад зугтсан хэн бүхнийг би өөрийн гараараа хөнөөнө шүү” гэж хашгиран тулж ирсэн нацистуудыг тасгийн пулемётоор буудаж байжээ. Германууд ийм хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж бодоогүй байсан тул гэдрэг ухарсан гэдэг. Энэ тухай тулалдааны үед шархадсан батальоны захирагч нь хожмоо дурссан байдаг.
Улмаар Жамбал фронтын дээд удирдлагын тусгай даалгаврыг удаа дараа амжилттай биелүүлэн ЗХУ-ын офицеруудыг устгаж байсан сөрөг талын мэргэн буучидтай халз тулан ямагт дийлж явжээ. Тайгын хашир анчин тэрээр дайснаасаа өөрийгөө далдлан тулж очоод ганцхан сумаар устгадаг мэргэн бууч байсан аж.
ЗХУ-ын нэрт сэтгүүлч Илья Эренбург түүний тухай "Төрөлх Байгаль нуурын хөвөөнөөс алс хол байлдаж буй Жамбал Тулаев” гарчигтай нийтлэл бичиж түүнийг Москвагийн даалгавраар алдаршуулж байсан гэдэг.
Герман офицеруудын эрлэг явсан тэрээр дайныг эсэн мэнд туулж төрөлх Буриаддаа нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1961 онд нас баржээ.
Б.Барс
ugluu.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих