Миний үгүүлбэрүүд найруулгын хувьд өөр. Түүнд л шүүмжүүдийн минь онцлог бас байна. Загвар найруулгаас зугатаасан өөрийн "хэл”-тэйг юм шүү дээ.
ТҮҮХИЙ КИНОНУУДЫН ТҮҮВЭР ШҮҮМЖ БА "МИНИЙ АХ АТАМАН”
Хошин шогийн "нэг дүрт” жүжигчин
нохойтой хэрэлдээд зурагтаар "рекламдаад” байсан киног үзээд сэтгэл
гонсгор гарч явахдаа сүүлийн үеийн зар сурталчилгаагаар ” бөмбөгдсөн”
онцгой онцгой шоу кинонуудын тухай хэсэгхэн бодов. Их бодохоор зүрх
базалж, тархи гашилахаас цаашгүй. Марксист гүн ухааны "тооноос чанарт
шилжих” хуулиар бол "сайн цаг” наашлаад ч байгаа юм шиг. Амьдралын
энгийн хууль батлагдсан үзлээр бол "дэмий юм ихэсхээр, дэмий юм дэндүү
ихэснэ” гэдэг болоод ч байгаа юм шиг. Өнөө машины хагарсан дугуй хөөсөөр
хийлдэг сурталчилгаанд ганц шог дүр бүтээсэн "НЭГ ДҮРТ” жүжигчин маань
"баярлалаа гэхэд ч хаашаа юм, баяртай гэхэд ч хаашаа юм” гээд байдаг шиг
тодорхой хэлэх зүйлгүй өнөөгийн олон "МОНГОЛ” киног яалтай. Бидний
урлагийн сэтгэлгээний толь болсон энэ олон кинонуудаас өөрсдийнхөө мөн
чанарын ядуурлыг олж харах байтал олз омог олсон мэт хөөрч дэгэлзэх нь ч
эмгэнэлтэй. Кино эвлүүлэг гэдэг шиг ойрын үед гарсан киноны нэрнүүдийг
"эвлүүлж” ийм хэдэн үгүүлбэр босгож орхилоо.
Кино гэдэг урлагийн "МӨНГӨНД” дурласан "ЗҮРХЭЭР НААДАГСАД”, халаас
сэтгэл хоёрт минь үнэхээр "ДАВХАР ЦОХИЛТ” хийж байна. Тэсэхэд бэрх
"ҮРГЭЭЛЭГ” –т өртөж, эргүүлгэнд автсан минь "СҮҮЛЧИЙН ШӨНӨ” байгаасай
хэмээн залбирч "АНИРЛАГЧ” –дад ухаанаа алгадуулж, ” ТАГНУУЛЧ ААВ”-уудад
толгойгоо угаалгасаар утаа амьсгалж, угаар залгилсаар хичнээн жил
"монгол кино” гэдэг "ХАРАНХУЙ ТОГООН ДОТОР” гэрэл тусахыг хүлээх юм бүү
мэд. Үгүй бол Монголчууд бидний ирээдүй, оюун санааг нь улам дорд
байлгах гэсэн "ТУСГАЙ АЖИЛЛАГАА” зарим киногоор хэрэгжээд байна уу гэсэн
ХАР СЭТГЭЛ төрнө. Ийм тиймхэн эргэлзээтэй яваа цагт хэдий "АЛСЫН
УДИРДЛАГА” зэрэг ойрын итгэл төрүүлэхүйц ганц нэг кино гарсныг санавч
удирдлагыг нь ажиллуулах "зай тэжээл” нь гадаадынх байсныг бодохоор
сэтгэл гунигтай. Их мөнгө олох, хэн нэгнийг хуулах гэсэн ядуу
сэтгэлгээгээр кино урлагт хандах нь гэм биш зан болжээ.
Яг
ийм хүсэл шуналаар "МИНИЙ АХ АТАМАН” нэртэй кино нэгийг бүтээсэн билээ.
Мэдээллийн бараг бүх сувгаар киногоо дэлгэцэнд гарахаас өмнө
сурталчилав. Хүлээлт бий болгосон гайхамшигт кино гэж бараг итгүүлсэн
юмсан. За энэ ч яахав. Орчин цагийн кино урлагийн менежмент юм гэж
уучлан бодоход хүргэнэ. Кино баг үнэхээр цэл залуухан, гал халуухан
залуучууд юм. Нэгнийх нь хэвлэлд өгсөн ярилцлаганаас харвал "ах нараасаа
дутахгүй кино” хийх гэсэн хүслээр жигүүрлэжээ. Юу нь муу байх вэ? Өмнөх
үеэсээ илүү гарах гэсэн хүсэл "урлагт” хамгаас чухал шүү дээ? Гэтэл
зөвхөн тийм "дур хүсэл” төдийгөөр урлагт амжилт олдоггүйг сайн бодох
байжээ. Харин магтахаас аргагүй нэг зүйл энэ кинонд байна. Зураглаачийн
чадварлаг тусгалууд, гэрэл дүрсний гүн мэдрэмж.
Эхлээд л "Америкт нэг удааг” санагдуулсан "гял цал” хэдэн залуучууд галт
тэрэгний буудал дээр гангарна. Итали киноны тавилтууд нэг тийм байдаг
даа гэсэн бодлыг эрхгүй төрүүлнэ. ХХ зууны эхэн үед Америкийн кино
шүүмжлэгчид Холливудийн зарим нэг киног "гял цал” кино гэж тодорхойлсон
байдаг юм. Тийм төрлийн кино хэрэг хэмээн төсөөлж суутал удалгүй өнөөх
өнө мөнхийн гэмээр кино сэдэв "МАФИ” босож ирнэ. Онцлог нь Солонгос
дэглэлттэй. Хүзүүгээрээ цагаан алчуур л ороогоогүй болохоос жүжигчдийн
хувцаслалт, алхаа гишгээ нь бүгдээрээ КИМ ДУ ХАН ах. Тэр бөхөлзөх
нахилзах нь хүртэл харь санагдана. Харин хаа очиж гэмт бүлэглэлийн том
ах нар хоорондоо монгол мэнд мэднэ. Сайхан зусч байна уу гээд бодвол их
үнэтэй л байлгүй цагаан хаш хөөрөг зөрүүлэх нь хэдий гэмт хэрэгтнүүд ч
гэсэн нэг л өөриймсүү харагдана. За тэгээд МӨНГӨ дундуур нь алиа
салбадай мэт гүйж, кино зөрчил туйлдаа хүрч харанхуй шөнө хамаг хэрэг
өрнөнө. Тийм айхтар цус бялтсан явдал үнэндээ яаж ч бодсон гэгээн цагаан
өдөр, гэрэлт нарны доор болох билээ. Зодоон цохион бол бас яахав. Гэтэл
алаан хядаан шүү дээ? Айж л суулаа. Арай ч Монгол ахан дүүс минь ийм
зэрлэг харгис болоогүй байлгүй дээ. Энэ чинь кино шүү дээ хэмээн өөртөө
итгүүлэхээр хичээсэн гэж байгаа. Над шиг зүрх муутай амьтан зүүдэлж
хоноод хар дарж хашгирч сэрмээр "зөрчил” ар араасаа давхацна. Нэг зүйл
зориуд хэлэхэд энэ бүтээлд "зөрчлийн холбоос” үнэхээр нягт сүлжилдсэн.
Тэр нь "Миний ах атаман” киноны ганц аврал нь гэхэд буруудахгүй. Уулын
ирмэг жалга руу машин унаад дэлбэрч байна. Хайрцаг дүүрэн мөнгө, урвалт,
хууран мэхлэлт, асаагуур, савтай түлш асгах, ахан дүүсийн эргэн сэргэх ”
цусан холбоо” зэргээр толгой дохимоор хэсгүүд байвч гэм нь байн байн
муухай орилох сүртэй жүжиглэлтүүд нь ердөө үнэмшилгүй. Үнэмшилгүй
гэснээс Цэгц хэмээх цэгцгүй дүр жинхэнэ үнэмшилгүй.
Бас тэр "атаман” гэдэг үг орсон их гоё НЭР байна. Агуу их Бямбын Ренчин
абугай " Орос хэлэнд сайн эр хулгай дээрмийн толгойлогчийг "атаман "гэж
хэлдэг нь оросын түүхээс үндэстэй. /жич залруулахад Б.Ренчин гуай энд
ялимгүй ташаарсан/ Монгол хэл бичигт тэр мэт "ногоон шугуйн сайн
эрчүүдийн тэргүүнийг "Дайван” гэж нэрлэдгийг ахмад үеийн хүн андахгүй.
Багачуул мэдэхгүй гэвэл утга зохиолынхоо өвийг мэдүүлж тайлбар зүүлт
хийн "дайван” гэвэл "атаман” гэх өөр хэлний өөр түүх үндэстэй бөгөөд
монгол үгэнд хэрэглэгддэггүй үгээр "атамандсанаас” дээр юмсанжээ.
/Б.Ренчин "Марк Твений минь махыг идэж дээ…” 1991/ гэсэн номноос олж
уншаад нэрнээсээ эхлээд манай кино ялимгүй "харь” үзэгдэл болохыг
ойлгоно. Ялимгүй хадуурахад "атаман” гэдэг үгийн язгуур нь эртний түрэг,
монгол хэлний " өвөг” үгийн санд буйг судлаачид нотолсон. Нэг үгээр
"төөрсөөр яваад төрөлдөө ирэхдээ танигдахгүй болсон үг л дээ?
Танигдахгүй болтлоо гадаадажсан энэ үгнээс л эхлээд л танигдахгүй үйл
явдлыг үзүүлэх "МИНИЙ АХ АТАМАН”.
Одоо кино судлаачид "Тань руу нүүж явна”/1984/,” Мартагдсан
дууль”/1989/,” Илүү сартай зун”/1987/,” Уул усны үр сад”/1988/ гээд тийм
хэдэн цөөн киног жинхэнэ монгол сэтгэлгээтэй бүтээлүүд гэж дүгнэх
болжээ. Уул ус, нүүдлийн ахуй амьдрал харуулснаар нь тэгж тодорхойлоод
байна хэмээн өнгөцхөн бодвол эндүүрэл. Гол нь Монголчуудын ахуй
амьдралаас ургаж гарсан зөвхөн монголчуудад хамаарч болох "өвөрмөц
сэтгэлгээ”, амьдрал хийгээд байгальд хандах "үзэл санаа” байгаа юм.
Нийгмийн зүй тогтлын зөв буруу шалтгааныг хүний сэтгэлийн гүнд тайлсан
"нээлтүүд” хэрэгтэй байгаа юм. Гэтэл одоогийн олон кинонд гагцхүү тийм
"өөрийн” чанар дутагдаад байна. "Миний ах атаман” кинонд ч ялгаагүй.
Эсвэл түүхэн кино бүтээх нэрээр түүхий санаануудын цуглуулга бүтээдэг
гэм байна. Энэ бүхний эцэст чухам хэзээ "монгол мөн чанар”-тай кино хийх
вэ гэдэг асуулт монгол киночдийн өмнө байна.
Би ч хөөрхий өссөн хонхорынхоо хэдэн ах нараар л атамануудыг төсөөлдөг.
Тэд хутга шөвөг гялалзууллаа л гэдэг. Гэвч хэн нэгнийхээ амь амьдралыг
тастаж гэнэ гэж дуулаагүй. Бидний үед хоёр талаас гар зөрөөд хамраас цус
гараа бол ялагдаа. Илүү шударга байжээ. Бас хүнлэг байжээ. Өс
хонзонгийн философи нь хүртэл "гэнэн цайлган” байжээ. Гэтэл "Миний ах
атаман” киноны өс хонзон уужим уугуул монгол бус өрвөлзөж шөрвөлзсөн
”дотуур тамиртай” урд зүгийн өс хонзонгийн "дэвхцлүүд”. Биш, ээ биш. Бид
уугуул чанараа алдаа бол урлаг нь нар сар шиг гэрэлтэж гялалзаад ч
нэмэргүй.
Нээрээ мартах шахлаа. Дээрэм тонуул хийхээр хонгилд орж ирэхдээ хэдэн
залуучууд баг зүүсний дотор цамын цагаан өвгөн лав харагддаг юм, бурхан
минь. Киногоо үндэсний хэв шинжтэй болгож байгаа нь тэр юм болов уу.
Хэцүү дээ.
Хүйтэн усан бороон дундуур өрнөх гэр бүлийн эмгэнэл киноны эцэст ахынхаа
хүүг хайж олоод уулзаж буй дүүгийн "эрэл”-ээр төгсөнө. Дүүгийн алган
дээр нь нартай бороо асгарч байна. Хүйтэн бороо, нартай бороо тун зөв
шийдэл. Даанч "гэнэт тодорсон дүү”, оросын олон ангид "Бригада”/2002/
киноны "нэг ч хүнийг үлдээлгүй бүгдийг нухчин дар” гэдгээс шалтгаалдаг
"харамсал” илт анзаарагдана. Тэгээд ч хүний мөн чанар хийгээд мөс чанар
аль цагт илүү алдагдаж эхэлсэн бэ? Тэр том ах нарын гар хөл болсон
залуучууд яах вэ? Харин тэр том ах нар хаанаас гарч ирсэн бэ? Аль цаг
үе, аль нийгэм тэднийг "БҮТЭЭСЭН” бэ? Цагдаагийн ажилтан аавыг нь ээжтэй
нь хороогоод хоёр хүүг орхидог тэр алуурчин одооны шаар шавхруу биш.
Өнгөрсөн нийгмийн "гэмт хэрэгтэн” гэдгийг хэн ч ойлгоно. Энэ л киноны
хамаг гол санаа байжээ. Одоогийн шарх тэр үед буглаж, өнөөдөр идээ бээр
нь гоожиж байна. Үнэн ердөө тэр.
Мөн "Миний ах атаман” биш ч миний л ах шүү дээ гэсэн гол шугамаа огт
алдаагүй нь түүхий олон кинонуудаас дундаас түүний ялгарах "илүү чанар”
гэдгийг би хаа ч хэлнэ, ээ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2014-11-13 УТААТ ТЭВШИЙН ХӨНДИЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих