-Огцруулахын тулд огцруулаагүй, хямралаас гаргах удирдагч хэрэгтэй гэдэг байр суурь дээр МАН-ын Удирдах зөвлөл хатуу зогсч байна-
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Хуралдаанаар өчигдөр эцсийн зөвшилцөлд хүрч чадаагүй Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Асуудлын гол нь сөрөг хүчин Ерөнхий сайдыг солих гэж, сонирхол буурсандаа огцруулаагүй, ноцтой үндэслэлүүдийг гаргаж тавьсан учраас УИХ-ын нэгдсэн чуулганаар санал нь дэмжигдсэн. Үүнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт хэрхэн буурсан, иргэдийн амьжиргааны түвшин доройтсон, Засгийн газрын өрийн хэмжээ хэрээс хэтэрч, Засгийн газрын нөөц хөрөнгийг зүй бусаар зарцуулсан зэрэг алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байв. Үүн дээр Ерөнхий сайд, түүний ойр дотныхонтой нэр холбогдох хууль зөрчсөн үйлдлүүд, Засаг дарга нар болон зарим агентлагийн даргыг хууль зөрчин сольсон нь зохих шатны шүүх болон Үндсэн хуулийн Цэцэд очиж буруутай нь тогтоогдсон зэрэг шалтгаан нэмэгдэнэ. Харин энэ бүх алдааг дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж буй Ч.Сайханбилэг арилгаж чадах уу. Дээрх алдаануудыг гаргахад нь хамгийн их мэдээлэлтэй, засах боломжтой байсан ч үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй ЗГХЭГ-ын даргад хариуцлага тооцохын оронд өмнөх Ерөнхий сайдын ажлыг үргэлжлүүлэх лоозон барин гарч ирж буйг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа аж.
Дараагийн Засгийн газрыг "Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” хэмээн нэрийдэж, хэн ч татгалзаж чадахааргүй энэ нэрийн дор эвсэх ажиллагаандаа парламентад суудалтай бусад намуудыг татан оролцуулах АН-ынхны ээлжит мэхийг МАН-ынхан сайн мэднэ. Тэгэх дээрээ тулбал Үндэсний эв нэгдэл гэдэг үг алдаагаа давтаж мэдэхээр Засгийн газрын туг, дарцаг биш. Харин ч "Хариуцлагатай” Засгийн газар гэсэн тодотголтой байвал олон нийтийн дунд алдагдсан нэр хүндээ сэргээхэд нь АН-ынханд хэрэгтэй байж мэдэх юм. Гэхдээ энэ тохиолдолд Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг лав биш.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өдий төдий алдаатай шийдвэр гаргаж байхад гол үүрэг функцийг зангидаж, мэдээллээр хангаж байсан ЗГХЭГ-ын дарга улс төрийн эр зориг дутаж, намын дарга, Ерөнхий сайдаас айсандаа эс үйлдлийн гэм зэм үйлдсэн гэвэл хэн ч итгэхгүй. Харин "Би хариуцлагаа хүлээж байна” гээд дараагийн кандидатдаа, тэр тусмаа өөрөөс нь илүү эдийн засгийн мэдлэг боловсролтой, Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан арвин туршлагатай өрсөлдөгчдөө зайгаа тавьж өгвөл төрийн ажлын явцын цагийг хэмнэхээс гадна намынхаа нэр хүндийг өргөх байв. Мэдээж цаг оройтоогүй. Түүнд "Намайг дэмжсэн ҮЗХ-ны гишүүддээ баярлалаа” гээд хэлчихэд л хангалттай. Ийм хэмжээний өндөр соёлтой улстөрч шүү дээ. Харин үүний дараа "Үндэсний эв нэгдлийн”, эсвэл "Хариуцлагатай” Засгийн газар гэдэгт бусад намыг уривал арай өөрөөр хандах биз. "Авралын”, эсвэл "Хямралаас гаргах” Засгийн газар гэх нь олон улсын нэр хүндэд ч онцгүй. Гэхдээ шинээр томилогдох Ерөнхий сайд нь институци хоорондын болон эдийн засгийн хямралаас гаргах гарцаа мэддэг, улс төрийн ноён нуруутай, зангарагтай, туршлагатай, хамгийн гол нь дэлхий дахинд нэр хүнд байх аваас Монгол Улсад ашигтай билээ.
Шулуухан хэлэхэд энэ хүн хэн бэ гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор нуршаад яах вэ. Ямартай ч өмнөх Ерөнхий сайдаасаа эмээсэн, алдаа бүхнийг баллуурдах "хувь, хувьсгалын” шалтгаантай, нам намтай, улстөрч бүртэй найраанд орох асар өндөр магадлалтай кандидатыг МАН байтугай олон нийт хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой л болов уу. "Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг” нь үнэн бол хүч түрж томилсон Ерөнхий сайд хэр тэсэх нь сонирхолтой л байна.
Д.Мөнхмаа uls
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих