Мөнгө,
мөнгө, мөнгө. Хүмүүсийн амны уншлага, толгойн өвчин болсон ганц зүйл
энэ болжээ. Хаа сайгүй санхүүгийн хүнд байдал үүсчихлээ. Хүнд үеийг
давах төлөвлөгөөний амин сүнс нь төсөв. Улсын нэгдсэн төсвөө батлаад
гурав хонож буй. Хэмнэсэн, танасан, бүсээ чангалсан онцлог төсөв
баталсан хэмээн улстөрчид, албан тушаалтнууд сайрхаж буй.
АЛБАН ТУШААЛД ХАЛТАЙ ТӨСӨВ
Улсын төсвийн орлого, зарлагыг тэлэхгүй байх нь хүнд үеийг даван туулах зөв зам гэнэ. Ирэх онд болзошгүй эдийн засгийн хямралаас сэргийлсэн төсөв баталсан гэдэг. Гэхдээ он гараад тодотгол хийх болов уу гэсэн хүлээлт бас бий. Зүй нь жил ирэх бүр улс орон болон өрх гэрийн орлого өсч тэр хэрээр хэрэглээ нэмэгддэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Улсын төсөв баталсны дараа УИХ-ын дарга З.Энхболд хийсэн мэдэгдлийнхээ үеэр "Фүкүшимагаас өмнө том зүйл бодож Цөмийн энергийн газрыг байгуулсан нь өдгөө хэрэггүй болсон. Одоогоор хийх ажилгүй гацаанд орсон байгаа юм. Тиймээс цөмийн сэдвийг хааж байгаа учраас татан буулгана. Энэ газраас олгодог зөвшөөрлийг өмнө нь Ашигт малтмалын газар өгч байсан учраас хүндрэл үүсэхгүй” гэв. Улсын төсвийг 100 тэрбумаар бууруулж баталсан түүх байгаагүй гэдгийг ч тэрээр онцолж байсан. Мөн зарим шаардлагагүй орон тоог байхгүй болгох тухай хэлж байлаа. Тодруулбал, орлогч дарга, зөвлөх гэж байхгүй болох аж. Ийнхүү УИХ-ын дарга хэмнэлтэд өртөх албан газар, албан тушаалыг нэрлэлээ. Харин үүнийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт үгүйсгэлээ. Тэрээр "Орон тооны цомхотгол хийх тухай яриагүй. УИХ-ын дарга ямар мэдэгдэл хийснийг мэдэхгүй. Ирэх жилийн төсөвт хэмнэлт хийж байгаа боловч албан газрыг татах буулгахаар заагаагүй” гэсэн юм.
ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ЗАРДЛЫН ХЭМНЭЛТЭД ДАРААХ ЗҮЙЛҮҮД БАГТЖЭЭ.
Үүнд:
-Бүтэц, чиг үүргийн давхардлыг бууруулах, дэд, орлогч, зөвлөх, гэрээт ажилтны орон тоог бууруулах
-Төрийн албан хаагчийн орон тоог нэмэхгүй байх.
-Шинэ хөрөнгө оруулалтын ашиглалтай холбоотойгоос бусад тохиолдолд төсвийн хөрөнгөөр тавилга худалдан авахгүй байх.
-Гадаад томилолтын зардлыг бууруулах
-Нийтийн тээврийн татаасыг Нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх
ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ТАНААС
Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг энэ мэтчилэн хэмнэжээ. Эдийн засаг хямарч олон хүн ажилгүй болж байгаа таагүй мэдээ гарсаар байгаа. Үүнийг дагаад зээлийн сүлжээнд хэрэгдэн амьдардаг ард түмэн хэнд халтай бол гэх асуулт урган гарна. Мэдээж арилжааны банкийг сөхрүүлнэ гэдгийг эдийн засагчид хэлж байв. Дэд, орлогч, зөвлөх, гэрээт ажилтны орон тоог бууруулна гэсэн заалтыг цомхотгоно хэмээн ташаа ойлгосон байна гэх зөрүүтэй тайлбар албаныхан хэлж байна. Нийт 1000-аад ажлын байр чөлөөлөгдөнө хэмээн хэлсэн УИХ-ын даргын тайлбар ийн үгүйсгэгдэв. Хэрэв цомхотгол биш бууралт болж хувирбал зардалд хэрхэн нөлөөлөхийг тооцсон биз ээ. Жишээлбэл, нэг сая төгрөгийн цалинтай дэд даргыг албан тушаал бууруулаад хэлтсийн дарга болгоё. Тэгвэл багадаа л гэхэд 700 мянган төгрөг авна. Үүнээс 300 мянган төгрөг хэмнэжээ. Энэ нь хугацааны урт, тооны олонд чамлалтгүй мөнгө болох байх. Гэвч цалин, тэтгэвэр, тэтгэмжийн 500 тэрбум төгрөгт хэр дөхөх бол. Үүнийг дагаад хүмүүсийн ажлын бүтээмж, сэтгэл ханамжийн баталгааг ч мартаж болохгүй. Хэрэггүй, танах орон тоог анх батлаж байх үедээ л өнөөдрөөр биш маргаашаар сэтгэж бодох ёстой байсан хэрэг. Харин орлоготой үедээ дарга нарынхаа тоог өсгөж, буураад ирэхээр нь танаж болдог систем зөвхөн Монголд л байдаг болов уу. Хэр жин дарах шийдвэр гаргасныг цаг хугацаа харуулах биз ээ.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих