Ойрхи Дорнодод угсаатны болон шашны зөрчил элбэг байдаг учир дэлхийн хамгийн тогтворгүй бүс нутгийн нэг яах аргагүй мөн. Суннит болон шиитүүд, Палестин болон Израильчуудын мөргөлдөөн ихэнхдээ дэлхийн энэ хэсгийн улс төрийн бодлогыг тодорхойлж байх шиг. Тухайлбал Иран улс Ливан, Сири, Ирак, Йемен, Бахрейны суннитуудыг дэмждэг. Харин Саудын Араб Израильтай нэгдэн Ирантай тэмцэж байна.
Үүнээс гадна шашин, угсаатны зөрчлийн алинтай ч холбоогүй нэгэн шинэ мөргөлдөөн бий боллоо. Энэ бол Катар, Саудын Араб улсуудын хаадын Ойрхи Дорнод дахь эрх мэдлийн төлөөх тэмцэл юм.
Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани болон Саудын Арабын хаан Абдуллах ибн Абдул-Азиз Аль Сауд нар
ВАШИНГТОНЫ ХАМГААЛАЛТАН ДООР
Катар, Саудын Арабын аль аль нь дэлхийд нэр нөлөөтэй, өрсөлдөх нөөц баялаг, хүч чадалтай. Тэдний хөгжлийн нууц нь газрын баялгийн асар их нөөц болон Вашингтонтой тогтоосон хамтын ажиллагаа юм. Катар шингэрүүлсэн хий, Саудын Араб газрын тосоо Америкийн зах зээлд экспортолж, үүний хариуд эдгээр улсууд дахь АНУ-ын цэргийн бааз гуравдагч орны түрэмгийллээс хамгаалах баталгаа болдог.
Ойрхи Дорнод судлаачдын үзэж буйгаар Доха болон Эр-Риядын маргаан 1995 онд эхэлжээ. Тодруулбал Хамад бин Халифа Аль-Тани эцгээ хааны суудлаас зайлуулж, Катарын Эмир (хаан) болсон цагаас эхэлсэн гэнэ.
Тухайн үеэс эхлэн Аль Тани Америктай нягт харилцаа үүсгэн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 1999 онд Катар улсад Ойрхи Дорнод дахь хамгийн том АНУ-ын цэргийн баазыг барьжээ.
Үүгээрээ Катар Саудын Арабаас бие даасан бодлого баримталж эхэлсэн юм. Үүний нэг жишээ нь Катарын эрх баригчид Египетийн "Мусульман ахан дүүс" алан хядах бүлэглэлд бүх талын дэмжлэг үзүүлсэн явдал.
Үүнээс гадна Катар Африк, Ойрхи Дорнод, Европ, АНУ-д болдог эдийн засгийн төслүүдэд оролцох эрхийн төлөө Саудын Арабтай хүчтэй өрсөлдөж байгаа.
Катарын Эмир Хамад бин Халифа Аль-Танигийн үед үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл болгон "Аль-Жазира" сувгийг үүсгэн байгуулав. 2011 онд тус суваг Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эсрэг идэвхтэй тэмцэл өрнүүлж байсан "Мусульман ахан дүүс" бүлэглэлийн үйл ажиллагааг түгээж байсан юм.
Хосни Мубаракыг огцруулсны дараа Саудын Арабаас тус улсын цэргийн салбарт хэдэн арван тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн бөгөөд үүний дараа Каир дахь "Аль-Жазира"-гийн салбарыг хаажээ. Египетийн хоёр дахь Ерөнхийлөгч Мухаммед Мурси төрийн эрхийг авсны дараа тус сувгийн үйл ажиллагаа ахин идэвхжив.
2013 онд Мурси цэргийн эргэлтээр огцорч, "Мусульман ахан дүүс" бүлэглэлийг албан ёсоор алан хядах бүлэглэл хэмээн зарлаж, Египет дэх "Аль-Жазира"-гийн үйл ажиллагааг дахин хориглосон. Улмаар тус сувгийн хэд хэдэн сурвалжлагчийг алан хядах хэрэгт туслалцаа үзүүлсэн хэмээн буруутгаж, хорих ял оноосон юм.
Мурсиг түлхэн унагааснаас хойш Каир, Дохагийн харилцаа эрс муудав. Тухайн үед Египетийн Батлан хамгаалахын сайд (одоо Ерөнхийлөгч) Абдель Фаттах Ас-Сиси "Мусульман ахан дүүс"-ийн үйл ажиллагааг хориглож, тус бүлэглэлийн гишүүдэд эрүүгийн хариуцлага тооцох шийдвэр гаргасан юм. Үүний хариуд Катар 10 тэрбум ам.доллар тусламж үзүүлнэ гэж байсан бодлоосоо татгалзжээ.
Арабын ертөнцөд Египетийн хамгийн ойрын түнш болон ивээн тэтгэгчийн байр суурийг тэр даруй Саудын Араб эзлэн, Каирт 12 тэрбум ам.доллар хандивласан юм.
Катарыг хэтэрхий идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа жижиг улс
Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэ тэмцэлд Вашингтон Саудын Арабыг дэмждэг гэнэ. Учир нь Саудын Араб Ойрхи Дорнодод Ирантай тэмцэх цорын ганц орон. Түүнчлэн Вашингтон "Исламын улс"-ын эсрэг тэмцэлд Саудын Арабыг өөрийн чухал холбоотон гэж үнэлдэг байна. АНУ-ын талаас хэрэв Арабын хаант улсад тогтворгүй байдал үүсвэл баруунд нийлүүлж буй газрын тосноос гадна Ойрхи Дорнодын бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн эмээдэг. Иймээс Америк энэ тэмцэлд Саудын Арабын талд орж байгаа юм.
ЦӨЛИЙН ЧОНО
Ойрхи Дорнод судлал хүрээлэнгийн захирал Евгений Сатановский одоо Ирак, Сири улсын нутаг дэвсгэрүүдэд хяналтаа тогтоогоод байгаа "Исламын улс” бүлэглэлийн ард Катар бий гэв.
Түүний үзэж буйгаар өмнө нь Иракийн "Аль-Каида” бүлэглэлийг удирдаж байсан, Саддам Хусейны орлогч байсан Абу Бакром-аль-Багдади, Иззаат Ибрагим ад-Дури гэх хүмүүс мөн Катараас мөнгөн тусламж авдаг байсан гэнэ. Тэд хууль бусаар газрын тос олборлолт, хүн хулгайлах, худалдаалах гэх зэргээс жилд хэдэн арван тэрбум олдог байна.
Доха болон Эр Риад дундын дайснаа дарах үед л нэгдэж байсан гэнэ. Тодруулбал Муаммар Каддафигийн дэглэмийг дарахад гар бие нэгдэж байсан юм. Гэхдээ энэ нь олз олох гэсэн цөлийн чонын нэгдэл гэж судлаачид үзэж байна.
КАТАР ШООВДОРЛОГДОВ
Энэ оны гуравдугаар сард Саудын Араб, Катарын харилцаа улам хурцдав. Персийн булангийн Арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт болсон юм. Энэ үеэр Эр-Рияд Дохатай хиллэх эх газар, далайн хилээ хаана хэмээн заналхийлэв. Харин Катарын зүгээс Саудын Араб тус байгууллагад зонхилох байр суурийг эзэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн уулзалтын үеэр Сири, Египетийн хүчнүүдийн дэмжлэгийн асуудлаар Катарын Эмир болон Саудын Арабын хааны хооронд маргаан үүссэн юм. Үүний улмаас Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн улсууд Дохагаас Элчин сайдаа татаж авсан. Дээрх улсуудын үзэж буйгаар Катар Персийн булангийн Арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэв.
Доха руу Элчин сайд дахин илгээх шийдвэрт зөвхөн зургаан сарын дараа буюу энэ сарын 17-нд хүрсэн юм.
Саяхнаас Египет, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт зэрэг улсууд Ойрхи Дорнодод тэр тусмаа Ливи, Йемен улсуудад үйл ажиллагаа явуулдаг хэт даврагсдын эсрэг цэргийн эвсэл байгуулах гэж буй талаар мэдээлэл тархах болсон. Тус эвслийн зорилго нь Синайн хойг дахь шиитүүдийн бүлэглэлтэй тэмцэхэд орших аж. Гэхдээ үнэн хэрэгтээ Катарын санхүүжилттэй лалын бүлэглэлүүдийн эсрэг тэмцэнэ гэж Доха хардаж байгаа юм.
Арабын хаант улсууд болон Египетийн хамтын ажиллагаа Ойрхи Дорнод, Зүүн Африк дахь Дохагийн статуст нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Катарыг хэтэрхий идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа жижиг улс гэж үздэг. Саудын Арабын хаан, Катарын Эмирийн зөрчил хир удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих