ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт Оросын бүх ард түмний
фронтын хуралд оролцож, иргэдийн асуултад хариулжээ. Иргэд түүнээс
Эдийн засгийн байдал, тэр Дундаа рублийн ханшийн уналт, Украины хямралын
улмаас суларч буй АНУ, барууны харилцаа гээд олон сэдвийн талаар
хариулт авсан байна.
"Их-20"-ийн чуулган дуусаагүй байхад нутаг буцсан түүнд "шоовдор" гэх нэр хүртэл өгөөд амжсан. Үүнийг АНУ барууны түншүүдтэйгээ тусгайлан уулзалт хийж Оросын талаархи байр суурийг чангатгах талаар ярилцсанаас үүдэлтэй гэх таамаг гарсан. Оросын ард түмэн улсынхаа төрийн тэргүүн болон АНУ-ын Ерөнхийлөгчийн харилцаа болон ирээдүйн уур амьсгалын талаар түүнээс асууж сонирхсон байна. Үүнд В.Путин
"АНУ-д Оросыг доромжлон гутаах ямар ч төлөвлөгөө байхгүй. Харин үүний оронд тэд манай улсыг хөтөлж, замыг минь заахыг хүсч байна. Тэд түүхийг өөрчлөх бус манай улсыг бидний гараар удирдах гэж байна. Гэвч тэд хэзээ ч ингэж чадахгүй. Тэгээд ч ийм алхам амжилттай болж, байсан удаа байхгүй. Ирээдүйд ч ийм зүйл болохгүй" хэмээн шүрүүхэн хэлжээ. Мөн тэрээр "Оросын ард түмэн хэзээнээс л америкуудад үнэхээр дуртай. Гэвч АНУ-ын улс төр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг. Америкт оросуудад дургүйгээсээ дуртай хүмүүс нь илүү олон байдаг гэж би боддог. АНУ-ын эрх баригчид манай талаар сөрөг хандлагатай байдаг гэж манай иргэдийн олонхи нь үзэж байна" гэжээ. Түүний хэлснээр АНУ-ын эрх баригчид Оросын талаар сөрөг мэдээлэл тарааж байгаа нь тус улсын иргэдийн үзэлд нөлөөлж байгаа аж.
В.Путин "АНУ иргэдийн-хээ төдийгүй өөрийн холбоотнуудынхаа үзэл санаанд нөлөөлж, тэднийг өөрийн харьяат байлгахыг хичээдэг. Ингэж ч чаддаг. Харин бид өөрсдийн үндэсний ашиг сонирхлоо хамгаалахыг оролдож байгаа нь тэднээс өөр харагдаж бай-гаад бухимдаж байгаа" гэжээ. Түүнчлэн АНУ дэлхийн хүчний тэнцвэрийг алдагдуулах зорилгоор ОХУ-ыг яаж хөдлөхийг заах гэж байгаа хэмээн тэрээр үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын хүчнээс айж байгаа аж. Энэ нь Оросыг сандаргаж буй НАТО-гийн үйлдлээс тод харагдаж байгааг тэрээр онцлоод "Украин НАТО-д элсэх тухай ярих болсон нь үүний 100 хувь баталгаа болно" гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд АНУ-ын төрийн тэргүүнтэй өнгөрсөн долоо хоногт Австралид болсон "Их-20"-ийн уулзалтад оролцох үеэрээ уулзсан билээ. Дэлхийн эдийн засагт голлон анхаарсан "Их-20"-ийн уулзалтын халуун сэдэв нь Украины хямрал байсан юм. В.Путин энэ удаагийн "Их-20"-ийн уулзалтын үр дүнгийн талаар ярихдаа "Ерөнхийлөгч Барак Обама Орост хандах хандлагын талаар ямар нэг өөрчлөлт оруулж байгаа талаар зарлаагүй" гэсэн юм. Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ "Бид ОХУ-ыг дэлхийн эдийн засгийн нэгдмэл байр суурь баримтлахыг хүсч байна. Гол нь олон улсын зарчмыг баримтлах хэрэгтэй" гэснээс өөр зүйл хэлээгүй юм.
Брисбенээс явахаасаа өмнө В.Путин зүүн Украины хямралыг
шийдвэрлэх боломжтой гэж хэлснийг түүнээс тодруулан асуужээ. Тэрээр
"Хэдий хачин сонсогдож магадгүй ч Украины хямралыг шийдвэрлэх сайхан
боломж ирээд байх шиг. Санал зөрөлдөх асуудал хаа ч байдаг. Харин энэ
бүхний дүнд Минскийн хэлэлцээрийн үеэр бодит үр дүнд хүрэх боломжтой"
гэжээ. Мөн Австралийн эрх баригчид Брисбений дээд хэмжээний уулзалтын
үеэр онцгой найрсаг уур амьсгалыг бий болгосон гэдгийг онцолсон байна.
РУБЛИЙН УНАЛТАД САНАА ЗОВОХ ШААРДЛАГАГҮЙ
Тэрээр
"Төвбанк"-ны энэ сарын эхээр рублийн ханшийн уналтын талаар гаргасан
шийдвэр зөв байсныг хэлсэн байна. Тэрээр "Төв банкны гаргасан шийдвэр
зөв байсны дээр жирийн иргэдийн амьдралд өөрчлөлт авчрахгүй" хэмээн
мэдэгджээ. Банкуудын холбооны ерөнхийлөгч Элвира Набиулина валютын
зарлагад хязгаар тогтоох шийдвэрийг гаргасан юм. Украины хямралын улмаас
авсан барууны арга хэмжээ газрын тосны үнэд нөлөөлж улмаас ам.долларын
эсрэг рублийн ханш 30 хувиар буураад байгаа юм.
Б.СУВД-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих