Йерусалим хотын еврейн сүм
рүү хоёр палестин хутга, сүхээр зэвсэглэн орж, мөргөл үйлдэж байсан
дөрвөн израиль иргэнийг хөнөөсний дараа Израильд түгшүүр зарлаад байна.
Сүүлийн үед палестин жолооч нар израиль иргэдийг дайрч, мөргөсөн
тохиолдол хэд хэд гарчээ. Израилийн эрх баригчид Палестины лидер Махмуд
Аббасыг терроризмийг өөгшүүлж байна хэмээн буруутган, энэ бүгдийн хариуг
хатуу барина хэмээн амлав. Терроризмийн эсрэг Израилийн олон улсын
хүрээлэнгийн шинжээч Ассаф Могадам Израиль, Палестинд үүсээд байгаа
нөхцөл байдлын талаар санаа бодлоо хуваалцаж байна.
-Палестины халдлага, хүчирхийлэл тасрахгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?
-Өнгөрсөн зун Израилийн арми Газын зурваст өргөн хэмжээний ажиллагаа явуулсны дараа палестинууд өсөрхөх нь их болсон. Маш хэврэг нөхцөл байдалд байсан "Хамас”-ын хүч, чадал улам суларсан ч зэвүүцэх сэтгэл нь улам нэмэгдсэн. Израилийн довтолгооны өмнө египетүүд Газын зурвас руу ордог газар доорх хонгилуудаа хаачихсан байсан. Египетэд Абдельфата аль-Сиси гарч ирснээр "Хамас” бүлэг Мохамед Мурсигийн үед байсан хүчтэй дэмжлэгээ алдсан юм. Сири улс ч "Хамас”-ыг тоохоо больсон. Сирид амьдардаг байсан "Хамас”-ын лидер Халед Мешаль тэндээс явахаас өөр аргагүй болсон. Цэрэг, байлдааны хүч нь суларсан Палестины босогчид ганц, нэгээрээ халдлага үйлдэх арга руу идэвхтэй шилжиж байна.
-Гэвч Израиль эзэлсэн газар нутаг дээрх еврейн суурингаа өргөжүүлсээр байгаа нь "Хамас”-ыг улам өдөөдөг юм биш үү?
-Аль аль талаас зүй ёсны гомдол тавьдаг. Зуны дайны дараа ямар нэг байдлаар амар тайван бий болно гэдэгт олон палестин итгэж байсан ч тийм юм болсонгүй. Израиль Газын зурвас, түүний араб үндэстнүүдийг тоохоо больж хаясан. Газын зурвас дахь цөхрөл, Израилийн хаялт, орхилтоос болж одоогийн түгшүүртэй нөхцөл байдал үүсч байна. Нөгөө талаар, израилиуд өөрсдийгээ баталгаатай, аюулгүй гэж мэдэрч чадахгүй боллоо. Хүчирхийлэл, халдлагын тойрогт дахин орж байх шиг байна.
-Сөргөлдөгч талын аль нэг нь гарц олж чадахгүй гэж үү?
-Би алдах дуртай, гэхдээ энэ асуудал,
бэрхшээл богино хугацаанд шийдвэрлэгдэхгүй. Аль аль талд бодит амлалт,
үүрэг алга. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху ямар нэг амлалт өгөх
сонирхолгүй байна. Палестины талд ч энх тайванд хүрье гэсэн хүн алга.
Энхийн үйл явцыг дахин эхлүүлэхэд олон болзол, нөхцөл бий болчихлоо.
Тэдгээр болзлыг биелүүлэхэд улам л хэцүү, бэрх болоод байна.
Зууны мэдээ
Н.Мөнхжин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих