
Мөнгө бол материаллаг зүйлсийг худалдаж авахад зориулан хүн төрөлхтөний бий болгосон үнэт цаас. Маш олон зүйлсийг бид мөнгөөр худалдаж авдаг болохоор хүмүүс мөнгөний талаар янз бүрээр бодож, янз бүрээр ханддаг, бас янз бүрээр үнэлдэг. Яг өөрийн хичээл зүтгэлээр хөдөлмөрлөн зүтгэж олж байгаа мөнгийг хүмүүс хайрладаг. Бүтээх гэж зүтгэсэн сэтгэлийн шаналал бүхэн нь, баялгийг бий болгох гэж зүтгэсэн хөдөлмөрийн хөлс бүхэн нь, хүмүүст ойлгуулж тэднийг ухааруулах гэж хичээсэн зүтгэлийн оч бүхэн нь тэр мөнгөнд шингэж байдаг болохоор. Тийм мөнгийг гараараа илбэхэд хурууны өндгөнд нь энэ бүхэн мэдрэгдэж, үнэ цэнийг нь бахархалтайгаар мэдэрч байдаг. Тийм мөнгийг хүмүүс хэзээ ч дэмий зүйлд үрдэггүй. Шударга бус замаар, буруу муу үйлдлээр олсон мөнгийг хүмүүс тэгтлээ үнэлж хайрладаггүй. Учир нь тэр мөнгөнд хичээл зүтгэл, хөдөлмөрийн хөлс шингээгүй. Тийм хүмүүс тэр мөнгийг хайр гамгүй үрж, түүнд нь атаархаж зулгуйдсан бусдын ядмагхан төрхийг харахдаа сэтгэлийн муу бах тав нь ханаж байдаг. Өөдгүй муу хүмүүс мөнгийг толгой дээрээ хааны титэм мэт залж, түүгээр энэ ертөнцийн бүх зүйлсийг худалдаж авч болно гэдэгт өөрийгөө болон өрөөл бусдыг итгүүлнэ.
Хэн нэгэн, бусдад чин сэтгэлээсээ тус болоход хариуд нь "Би чамд хэдэн төгрөг өгөх вэ?" гэж зарим хүмүүс асуудаг. Эсвэл татгалзаад байхад нь хүртэл заавал мөнгө өгч салах гэж зүтгэнэ. Хэн нэгэнд тус болчихоод зүгээр л инээмсэглээд явж одох хэн нэгний араас "тэнэг" эсвэл "эрүүл бус" гэж дүгнэсэн харцаар гайхан хардаг хүмүүс зөндөө бий. Үгүй бол "тус болсныхоо хариуд надаас мөнгө авахгүй байгаа нь өөр холын ашиг харж тооцоолсон байж магадгүй" хэмээн ёозгүйхэн хардаж бодно. Хүмүүс бид мөнгийг хэт шүтэж, өөрсдөө түүний боол нь мэт сэтгэх сэтгэлгээндээ ингэж хандах нь олонтой. Цаасан мөнгийг зохиохоосоо өмнө ч, бараа солилцоог арилжааны хэлбрээр сэтгэхээс ч өмнө хүмүүс сайхан сэтгэлтэй байж, бие биедээ тусалцгааж, бие биенээ баярлуулсаар ирсэн. Хувь хүний дотоод мөн чанар болох сайхан сэтгэл, бусдад өөрийн боломжоороо тус болох хүсэл эрмэлзлэл нь хүний үнэт чанар байсаар ч ирсэн, одоо ч тийм байгаа, цаашид ч үргэлж тийм байх л болно. Тийм үнэ цэнэтэй чанарыг мөнгөөр үнэлж хэмжих ямар ч хэмжүүр байхгүй, үүний хажууд мөнгө бол дэндүү хямдхан зүйл. Хүн мөнгөгүй болох үе зөндөө тохиодог, харин сайхан сэтгэлгүй болчихвол хэрхэн хүн байж чадах билээ. Бас хэрхэн оршиж, амьдарч чадах билээ.
Хүний дотоод сэтгэлийн гайхамшигт мэдрэмжээр хөглөгддөг хайр сэтгэлд мөнгө тийм ч чухал үүрэг гүйцэтгэж байгаагүй. Зорилго төлөвлөгөөгөөр бус сэрэл мэдрэмжээр илэрдэг хайр сэтгэл хүн төрөлхтөний түүхэнд домог болон мөнхөрч, хичнээн гайхамшигийг бүтээлгэж чадсан билээ. Харин өнөө цагт "мөнгөгүй бол хоосон хайр сэтгэлээр яах ч билээ?" гэж өгүүлдэг бас тэгж ханддаг хүмүүс олширч байнаа. Хүний хамгийн үнэт чанар болох хайр сэтгэл, баар цэнгээний газруудад халамцан төөрөлдөж, буудал хоног төөрүүлэх газруудад дааран жиндэж, эзнээ ололгүй мөнгөнд хөтлөгдсөн харуусалдаа сэм сэмхэн санаа алдаж, хорссон сэтгэлээ сархадаар солиоруулан хашгичих болжээ. Сэтгэлийн их хорсол л өнөөгийн залуусын минь мөн чанарыг үгүй болгож магадгүй. Хичнээн үнэтэй харшид залравч сэтгэл нь ганцаардсан, хичнээн үнэтэй брендээр гоёж гангалавч харц нь гунигаар хучигдсан, хичнээн их мөнгөөр тансаглавч айдсандаа дарлуулсан, хичнээн ихээр хүсэвч чин сэтгэлийн үнэнч хайраар дутсан хүмүүс өөрсдөө мөнгөний боол болон хувирч буйгаа ухаарахгүй. Хайргүй атлаа хайртай болж харагдах гэсэн ядмагхан жүжиглэл, тэдний амьдралыг там болгон хувиргаж байдаг. Хичнээн их мөнгөтэй байгаад ч чин үнэнч хайргүй бол сэтгэл нь хов хоосон байдаг. Хов хоосон сэтгэлийг хичнээн гоёж харагдуулах гээд ч чадахгүй. Мөнгө, чин үнэнч баяр баясгалантай хайр сэтгэлийн дэргэд дэндүү хямдхан.
Мөнгөөр зөндөө олон зүйлийг худалдаж авч хэрэгцээгээ хангаж болдог ч хэзээ ч мөнгөөр арилжиж болдоггүй ариун нандин зүйл нь хүний гайхамшигт мөн чанар билээ. Мөнгө бас хүнийг эвддэггүй, мөн чанарыг нь илчилж өгдөг, архитай яг адилхан. Зарим хүмүүс мөнгийг олж өөрийн хэрэгцээгээ ухаалгаар хангаж түүнийг эзэн нь мэт захирч чаддаг бол, зарим хүмүүс мөнгөнд улайран шунаж өөрсдөө мөнгөнийхээ боол нь болон хувирах нь бий. Шударга хөдөлмөр зүтгэлээр мөнгийг олж чаддаг хүмүүс мөнгөгүй болохоос хэзээ ч айж тэвддэггүй, учир нь мөнгө олох боломж нь дотоод сэтгэлд нь оршиж байдаг. Өөрийнх нь баялаг болон шингэсэн байдаг. Хулгайчид, зальтай луйварчид мөнгөгүй болохоос дандаа айж явна. Учир нь тэд муу аргаар олсон мөнгөө алдах ахул дахиад хэзээ ч өөрсдөө мөнгө олох чадваргүй. Өөрийгөө болон өрөөл бусдыг мөн чанараар бус зөвхөн мөнгөөр хэмждэг болохоор тэд мөнгөнөөс айж, түүний өмнө сөхөрч байдаг. Хэрэв мөнгөгүй болох ахул тэд хэн ч биш. Учир нь тэд хямдхан хүмүүс. Өнгө мөнгөний төлөө арсалдсан энэ цөвүүн цагт монголчууд бид өөрсдийн мөн чанараа алдаад байгаа мэт. Та эргэн тойрноо анзаарч ажаад, өөрийнхөө тухай эргэцүүлж нэг бодоод үзээрэй. Хэзээ ч мөнгөөр худалдаж болохгүй үнэт зүйлс бидэнд зөндөө их бий. Мөнгө бол бидний хэрэгцээ л юм шүү дээ. Бидний амьдралын утга учир, зорилго огтоос биш. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНО гэдэг дээ.
ЗӨӨЛӨН АЯЛГУУ
...Намрын буга уулнаа урамдан бэлээс хөөрсөн манан үүлс ороон замхарахад, цэцэгсийн дэлбээнд сондорлох шүүдрийн мөнгөн дуслуудыг нүцгэн хөлөөрөө туучиж тэртээх хадны цуурайнд өөртөө аалигүйтэн хашгирахад, сэтгэлийн тэртээд зөөлөн аялгуу эгшиглэж зүрхний гэгээн гунигийг нарны буман сацраг уулсын оройн мананд уусган шингээж сувдан дуслаар бороо болон асгарах мэт. Модны мөчрөөс түмэн өнгийн навчис газарт унан салхины аясаар хөгжилдэн бүжихэд, тув тунгалагхан харзан дундаас нүүдлийн шувууд миний сэтгэлийн шаналлыг далавчин дээрээ тээн тэртээх үүлсийн чанадад ганганан гунганан цувж нисэхэд, элсэн манханы оройгоос алтан ялтас бэл рүүгээ урсаж, мяралзах голын тунгалагхан долгист нэгэнтээ саатан зогтусах мөчид, зөөлөн аялгуу зүрхэн дундуур минь эгшиглэн урсаж зөн совингоо би өөрөө удирдаж сэтгэлдээ аялгуулан уярч газар борхирон суух мэт.
...Өвлийн зөөлхөн цасан ширхэг хөх тэнгэрт хөгжилдэн эргэлдэж газарт шүхэрлэн буухуйяа хөл доорхи хунгарласан цас гутлын улан дор чихар чихар дуугарч, ертөнцийн түмэн анирыг чимээлэн чих тавин сонордохуйд бохир үгүй хүв хүйтэн агаар цээж дүүргэн, миний сэтгэлд зөөлөн аялгуу болон шүхэрлэж хахир хатуу сэтгэлийг тув тунгалаг болгон цэвэрлэх мэт. Модны мөчир дээр бээрч даарсан болжмор шувууд гэрийн тооноор урсан тэнгэрт уусах галын илчинд дулаацан хөгжилтэйеэ жиргэн шулганаж, голын хөлдсөн мөсөн дээр дуу хадаан тоглох хүүхдүүдийн улаа бутарсан хацар аз жаргалаар дүүрэн бялхаж, хөр цасан дунд хүний сэтгэлийн эгшиг галын халуун илч шиг цасан ширхэгийг хайлуулан би өөрөө зөөлөн аялгуун дунд түүнийгээ чагнан уярч уйлах мэт, чив чимээгүйгээр долоовор хуруугаараа нулимсаа арчин тайтгарах мэт.
...Хавар цагийн зэрэглээтсэн униар дундаас нүүдлийн шувууд миний сэтгэлийн баяр бахадлыг гэгээн хүсэл мөрөөдөлтэй минь хамтад хошуундаа зуун нисч ирэхэд, газрын хөрснөөс хэнзлэн ургах яргуйн цэнхэр дэлбээ миний сэтгэлд цэв цэнхэр өнгөөр сүлэн уусахад, хайрын гэгээн мөрөөдөл миний зүрхэнд зөөлөн аялгуу болон эгшиглэж намайг учралын болзоонд дагуулан хөтөлж авчрах мэт. Ургаж цэцэглэж байгаа бүхэн нь ертөнцийн буман өнгийг дэлгэж, дуулж эгшиглэж байгаа бүхэн нь ертөнцийн түмэн анирыг дуурсгаж, уулзаж учирч байгаа бүхэн нь ертөнцийн баяр баясгаланг мэдрүүлж, хавар цаг миний сэтгэлд хамгийн зөөлөн аялгууг дуурсгаж өгдөг. Ирж яваа цагийн зөөлөн аялгуу миний сэтгэлийг уярааж би өөрөө зав залуухан болсон мэт, уучилж уярч шинээр бүхнийг эхлэх мэт мэдрэмж намайг ухаажуулж би өөрөө бурхадын суудалд заларсан мэт, амьдралын шинэ эхлэл бүр нь миний сэтгэлд уртын дуу болон эгшиглэх мэт.
...Уул ус нь үүлс дундаа тэгширч, ургамал амьтад нь бэлчээр идэш дундаа тайвширсан дэлгэр зуны амар амгалан цаг дор тал дүүрэн билчих мал сүргийн дунд танан өнгөөр цайвалзах монгол гэрийн шуусан хормой дор зөөлөн зөөлөн аялгуу, асгарч орсон аадар борооны дараа тэнгэрт нумлан татах солонго мэт хүмүүний сэтгэлийг хөгжөөнө. Хээр талд цахилах гөрөөс янзагаа дагуулан дүүлэхэд, нуурын мандал дунд усны шувууд дэгдээхэйгээ сэлүүлж сургахад, тэнгэрт халих бүргэд үрээ хадан халил дээрээс түлхэн унагаах мөчид, хүний бяцхан үрс хөлд орон дэрвэж гүүн зэл рүү гараа алдлан тэмүүлэх хоромд амьдралын түмэн өнгө өөр өөрийн жамаар зөөлөн аялгууг зүрхний чанадад эгшиглүүлэх мэт, бас хорвоогийн хатуу зөөлөн жамыг хамтад нь ухааруулах мэт. Амьдралын жаргал зовлонгийн амт, аз жаргалын төсөөлөшгүй халуун мэдрэмжийг, дуулж дуусашгүй аялгуу хөгийг, эдэлж баршгүй хувь тавилангийн ээдрээг бидэнд зөөлөн аялгуугаар учирлах мэт.
Хааяадаа зөөлөн аялгууг санаашран сонсоход ардын дуу нь биднийг учирлаж аргадаад байгаа мэт, уртын дуу нь тэнгэрийн тэртээд уянгалж тайвшруулаад байгаа мэт, зохиолын дуу нь зовлон жаргалын дэнсийг ухааруулж хэлээд ч байгаа юм шиг. Тэнгэрээс асгарах хур шиг зөөлөн зөөлөн аялгуу монголчууд биднийг уяруулж, зүрхийг минь зөөлхөн илбэж аргадах мэт. Шувуудын далавч шиг хөмсгөн доорхи нуурын мандал шиг тогтуун аньсага дор, зөөлөн зөөлөн аялгуу бороо мэт урсана. Зүрхний чанадаас урсах аялгуу шиг миний Монгол эх орон минь, аялгуут сайхан эгшигээрээ бидний сэтгэлийг дандаа аргамждаг нутаг минь.
ОХИНДОО БИЧСЭН УЧИРЛАЛЫН ЗАХИДАЛ
Охин минь чи зөндөө том болжээ
Он цагийн уртад аавгүй өссөнд тань би буруутай
Сэтгэлээ чилээж чамайг санаж шаналсан өдрүүд
Сэрүү татуулж будантай байсан надад
Санаа алдах бүрийд аньсага мананд хучигдаж
Шөнийн уртад нойроо аргамжин дэрэн дээр хөрвөөж
Санчигандаа намрын хярууг зовлон болгон хурааж
Чиний төлөө өөрийгөө зэмлэсэн хормууд цөөдөөгүй ээ
Зөндөө олон жилийн урсгалд охин минь чи хэрсүүжиж
Зовлон жаргалын харьцааг өөрийн ухаанаар дэнсэлж
Аавдаа гомдож бас уучилж, санаж бэтгэрсэн сэтгэл нь
Амьдралын өнгийг ухаарахад нэмэр болсон л болов уу
Нулимсаа бусдаас нууж, ганцаардлыг сөрсөн мөчүүд чинь
Нүүгэлтсэн үүлнээс бороо болон над дээр асгарахад
Уйтгар шаналлаа нүүдлийн шувуудын далавчин дээр тээж
Урьхан хаврын цэцэгс болон охиныхоо гар дээр дэлгэрдэг байсаан аав нь
Сэтгэлийн минь гэгээн нар болсон охиныхоо ганцаардлын төлөө
Эдэлж болох хүний жаргалаас өөрийгөө харамладаг байсаан аав нь
Сэрүүн намрын уулнаа бугын урамдах дуудлага шиг
Эргээд охинтойгоо уулзах мөчөөр өөрийгөө аргаддаг байсаан аав нь
Сайхан наран өглөө мандаж үдэш жаргадаг эргүүлгэнд
Эргэх нэгэн өдөр аав нь охинтойгоо уулзах тохиол ирнээ
Санаж бэтгэрсэн сэтгэлээ уулзахын жаргалд дэвтээж
Эцэг үрс хувь тавилангаа учиглан зангидах болноо
Охин минь чи тэсч хүлээ
Орчлон гэдэг хувь заяаны зангилаа
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2014-11-14

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих