Гэр хорооллыг дахин
төлөвлөж орон сууцжуулах төсөл нийслэлд хэрэгжиж байгаа билээ. Хотын
иргэдийг тав тухтай орчинд амьдруулах, нөгөө талаар агаарын бохирдлыг
багасгах зорилгоор нийслэлийн удирдлагууд өнгөрсөн жилээс энэ ажлыг
эхлүүлсэн. Нийслэлийн 21 байршилд дахин төлөвлөлт хийх тогтоол гарсан
бөгөөд эхний ээлжинд 12 байршилд газар чөлөөлж эхэлсэн юм. Энэ нь
байршилд орсон гэр хорооллын айл өрх газраа зараад төсөл гүйцэтгэгч
компанитай гурвалсан гэрээ хийгээд орон сууцанд орох боломжтой гэсэн үг.
Гэвч зарим байршилд газраа бүрэн чөлөөлөөгүй, газраа чөлөөлсөн ч
гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлүүлээгүй байна. Түүгээр зогсохгүй
захиалгаа өгчихсөн ч барилга нь товлосон хугацаандаа ашиглалтад орохгүй
байгаад гомдолтой иргэд байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр
хороо долдугаар хороололд 2800 айлын "Хангай” нэртэй хотхон босч буй.
Гүйцэтгэгч нь "Бэрэн” констракшн.
Тус хотхонд нэг блокдоо 720 айлын 12 давхар дөрвөн блок барихаас эхний
ээлжийн 1080 айлын орон сууцыг энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад
оруулна хэмээн өнгөрсөн жилээс захиалгаа авч эхэлжээ. Зарим захиалагчдад
бүр нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна гэсэн нь бий аж. Гэтэл нэг ч
бай, гурав ч бай хугацаа нь аль хэдийнэ өнгөрч, дөрөвдүгээр улирал дуусч
байгаа энэ үед ашиглалтад орохгүй байгаад захиалагчид бухимдах болжээ.
Учир нь тэд газраа чөлөөлөөд, зарим нь хашаа байшингаа зараад захиалгаа
өгчихөөд түрээсийн байраар өдөр хоногийг өнгөрөөж байна. Банкнаас зээл
авсан нь ч олон бий. Захиалагчид барилгынхнаас гүйцэтгэлийн талаар
лавлахад хугацаа хойшлуулсаар байгаад өдийг хүрчээ. Тиймээс захиалгаа
буцааж эхэлсэн байна. Барилгын ажлын явцын талаар "Бэрэн”
констракшныхнаас тодруулахад "Эхний блокыг ирэх арванхоёрдугаар сарын
3-нд улсын комисст хүлээлгэж өгнө. Дараагийн барилгыг 2015 оны нэгдүгээр
сараас ашиглалтад оруулчихна. Барилгын ажил удааширсан шалтгаан газар
чөлөөлөлтийн асуудлаас болсон. Хамгийн сүүлчийн долоон айлын газрыг
өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр чөлөөлсөн. Ингээд дулааны шугам сүлжээ
татаж эхэлсэн болохоор барилгын ажил саатсан. Захиалгаа буцааж байгаа
тохиодол байгаа. Гэхдээ олон биш. Захиалагчдыг аль болох эхний
ашиглалтад орох байрууд руу шилжүүлээд хохиролгүй болгохыг хичээж
байгаа” гэв.
Орон сууцыг иргэд бараг 100 хувь зээл,
эсвэл амьдралынхаа ямар нэгэн томоохон зүйлээр дэнчин тавьж захиалдаг.
Банкны зээл л гэхэд өдөр, хоногоор хүү нь өсч иргэдэд дарамт учруулсаар л
байдаг. Гэтэл манай барилгын салбарт цаг хугацаандаа барилгаа
ашиглалтад оруулна гэсэн асуудал байхгүй болсоор байна. Үүний цаана
иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч үлдэнэ. 21 байршлаас эхний
хоёр дахь байршилд гэхэд ийм асуудал гарч эхэллээ.
Зууны мэдээ
Б.Заяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих