Засагт хамтрах АН-ын саналыг МАН-ын Зөвлөхүүдийн танхим өчигдөр
хэлэлцлээ. Өмнө нь дандаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар
ажиллаж байсан, эсвэл МАН-ыг удирдаж явсан хүмүүсээс бүрддэг энэ танхим
эцсийн шийдвэр гаргахгүй. Гэхдээ Бага хуралдаа, бас МАН-ын нийт гишүүдэд
чиглэл болох нь ойлгомжтой болов уу. Ямар боловч Зөвлөхүүдийн танхим
дээр "Нийгэм, эдийн засаг хямарсан, ялангуяа засаг бүрэлдээгүйгээс болж
төрийн ажил цалгардаж буй энэ үед МАН олон жил төр барьсан туршлагатай,
тулхтай улс төрийн хүчний хувьд ихээхэн анхаарал тавих хэрэгтэй" гэж
ярьсан байна. Үнэхээр Зөвлөхүүдийн танхимын хийсэн дүгнэлт цагаа олсон
болов уу. МАН хойшоо сууж байх цаг лав одоо биш. Харин ч улс төрөө хойш
тавьж, улс орноо өмнө нь тавих цаг тэдний өмнө ирээд байна. Эдийн засаг
хямарсныг, долларын ханш өссөнийг, хөрөнгө оруулалт буурсныг МАН гаднаас
нь харж шүүмжилсээр ирсэн. Одоо харин дотор нь ороод шийдэх ёстой.
Ингэх боломж нь, гарц нь улс орныхоо төлөө засагт хамтрах. Хэрэв МАН-ыг
Засгийн газарт нь орвол асуудлаа шийдэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт
хоёр дахин хялбар байх нь гарцаагүй. Тиймээс ч тэрээр урилгыг улс
орныхоо эрх ашиг гэж бодоосой хэмээн Засгийн газарт хамтрах саналыг
парламентад суудалтай намуудад явуулахдаа тодотгосон байна лээ.
Тэрээр "Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хуримтлагдсан, гарцаагүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, тухайлбал, хүний эрх, эрх чөлөөг хангах, засаглал хоорондын харилцан тэнцвэр, хяналтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож, дотоод ардчиллыг төлөвшүүлэх зорилгоор Улс төрийн намуудын тухай хууль болон ил тод, зардал багатай шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх шатны сонгуулийн хуулийг шинэчлэх. Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, эрчим хүчний, дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, дотоод гадаад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бүх анхаарлаа чиглүүлэн ажиллах болно. Дээр дурдсан ажлуудыг амжилттай шийдвэрлэх хамгийн чухал угтвар нөхцөл нь УИХ-д аль ч нам, эвсэл олонхи суудал аваагүй өнөөгийн нөхцөлд улс төрийн тогтвортой байдал, УИХ-ын дийлэнх олонхийн дэмжлэг юм" гээд засагт хамтрах саналаа хүргүүлсэн байна лээ.
Үнэхээр ч эрх ашгийн эрэмбэ гэж байдаг л юм
бол одоо МАН сөрж зогсох цаг биш. Угаасаа ч Н.Алтанхуягийн Засгийн
газрыг УИХ огцруулсан мөчөөс эхлэн АН-д төдийгүй парламентад суудалтай
бүх намд нэг л сонголт ирсэн. Тэр нь өнөөгийн яригдаж буй хувилбар буюу
Үндэсний эв нэгдпийн Засгийн газар байгуулах юм. Тиймээс ч өмнөх Ерөнхий
сайдыг хариуцлагагүй байна гэж огцруулсан МАН-ынхан одоо хариуцлагатай
улс төрийн хүчин гэдгээ нотлох цаг ирлээ. Өөрөөр хэлбэл, улс төрөө хойш
тавьж улс орноо өмнө нь тавих цаг юм.
Үндэсний шуудан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих