Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны томилгоогоо хэл амтай эхлүүллээ. Тэрбээр өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааныг яаралтай хуралдуулсан бөгөөд зарим агентлагийн дарга нарыг өөрчлөх шийдвэр гаргасан. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томиллоо. Түүний эл дур мэдэн томилгоо хийсэн явдлыг эсэргүүцэх хүн цөөнгүй байна. Тэр ч бүү хэл Ч.Сайханбилэгийг хууль зөрчиж томилгоо хийлээ гэж огцруулах тухай ярьж эхэлсэн ч байх шиг. Ер нь массын нэлээдгүй хэсэг нь яагаад заавал Б.Хурц, Б.Билэгт гэж хардаж эхлэв. Үнэхээр АН-д эдгээрээс өөр боловсон хүчин байхгүй юм уу. Шулуухан хэлэхэд зурагдсан пянз шиг нөхөд хууль хяналтын байгууллагыг толгойлсоор удлаа. Одоо бүр хооронд нь сэлгэж ажиллуулдаг жишиг тогтов. Ямар сайндаа ТЕГ-ын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлчихөөд Татварын ерөнхий газрын даргаар томилчихлоо. Мөн ялгаагүй Б.Хурцыг эргүүлээд л ТЕГ-т аваачиж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг л хэн нэг хүний заавраар ажиллаад байх шиг. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг иймэрхүү томилгоог хийж байсан удаатай. Экс сайд өнгөрсөн жил ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Ингэхдээ "Би нэг агентлагийн даргыг томилох эрхгүй юм уу" хэмээн нэлээн уурлаж байв. Тэгэхээр Ч.Сайханбилэг уг шийдвэрийг ганцаараа яаран сандран хийгээгүй. Үүний цаана экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бодлого явж байгаа гэдгийг энэхүү томилгоо баталж өглөө. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч хэлж байв. Ч.Сайханбилэг бол томруулсан Н.Алтанхуяг гэж чуулганы хуралдааны үеэр ширүүхэн хэлсэн санагдана. Цаашид Ч.Сайханбилэг агентлагуудын дарга нарыг хууль бусаар томилохгүй гэх баталгаа алга. Ийм байхад шинэ Засагт хамтрах гээд байгаа намууд яаж Ч.Сайханбилэгт итгэх билээ дээ.
Нөгөө талаар шинэ Засгийн газрыг байгуулах асуудал яригдаж, хамтрах эсэх тухай ярьж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яаран сандран шөнө дөлөөр томилгоо хийж байгаа нь анхаарал татаж байна. Уг нь түүний хэлж байсан шиг иймэрхүү шийдвэрийг улс төрийн соёлын хувьд зөвшилцлийн хүрээнд томилох ёстой. Даанч шинэ сайдад тийм соёл алга. Яг л Н.Алтанхуяг шигээ ганцаараа зүтгэж эхэллээ. Тэгэхээр цаашид Ч.Сайханбилэг хамтарсан намуудаа хулхидахын илрэл гэж улстөрчид хэлж байна. Ерөөс өчигдрийн томилгоо намуудын хамтрах эсэхэд нөлөөлж магадгүй болчихоод байна. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үнэн дүр төрх илчлэгдэж, улс төрийн зөвшилцөл гээчийг мөн л мэддэггүй нөхөр гэдгээ батлан харууллаа. Түүний энэ байдалд бусад улстөрийн намууд ч эргэлзэж эхэлж байгаа гэнэ.
Д.Анар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих