Дэлхийн аль ч улс орон өөр, өөрийн бахархах түүхтэй. Жишээ нь, манай
хойд хөршид ялалтын баяраа жил бүр улаан талбай дээрээ томоохон цэргийн
парадыг зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнийг ОХУ-ын цэргийн сүр
хүчний илэрхийлэл гэж харж болох ч үнэндээ өөрсдийнхөө өнгөрсөн түүхийг
ард түмэндээ төдийгүй дэлхий нийтэд эргэн сануулж, түүгээрээ бахархдаг
хэрэг. Урд хөршид ч ялгаагүй. БНХАУ байгуулагдсаны баярыг Бээжингийн
зүрх болсон Тянь Ань Миний талбайд сүр дуулиантайгаар хийдэг. Гэтэл
дэлхийн дайтай явсан монголчууд түүхээ өөр хоорондоо булаацалдаж танай,
манай гэж өмчлөх болсоор удаж байна.
Тухайлбал, Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж үзэн Улс тунхагласны баярыг халж, "Монголын бахархал"-ын өдөр болгон өөрчилж, бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлаад хоёр жилийг үдэв. Уг нь өмнөх Ерөнхийлөгчийн үед Чингис хааны төрсөн өдрийг зургадугаар сарын 1-нээр тогтоосныг өдгөөгийн Ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 14 болгон өөрчилсөн юм. Нэр нь "Монгол бахархал"-ын өдөр гэж хуульчилсан болохоос ачир дээрээ АН-ынхан Чингис хааныг өмчилсөн нь энэ байв. Үүнд нь эгдүүцсэн МАН ч зүгээр суусангүй. АН-ыг өнгөрсөн түүхээ баллуурдлаа хэмээсээр Улс тунхагласны баярыг өмчилчихөв. Нэгэн цагт нэр нэгтэй явсан ч өрх тусгаарласан МАХН-ынхан ч МАН-тайгаа барьцан Улс тунхагласны баярыг тэмдэглэж, бөх барилдуулдаг уламжлалтай боллоо. Одоо бол "Монгол бахархал"-ын өдрөөр АН-ынхан Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Улс тунхагласны баяраар МАН, МАХН-ынхан Сүхбаатарын хөшөөнд ээлжлэн цэцэг өргөдөг болов. Өчигдөр тохиосон Улс тунхагласны баяраар гэхэд МАХН-аас УИХ, Засгийн газарт сонгогдсон гишүүд 11:40 цагт, УИХ-ын дарга, МАН-ын дарга тэргүүтэй гишүүд 12:30 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн. Үргэлжлүүлээд МАН-ынхан Тусгаар тогтнолын ордонд баярын хурал хийж зарим хүнийг шагнасан бол МАХН улс аймгийн цолтноос бүрдсэн 256 бөхийг Бөхийн өргөөнд барилдуулав.
Уг нь "Монгол бахархал"-ын өдөр, Улс тунхагласны баяр гэдэг АН, МАН, МАХН-ынхны дансанд бүртгэлтэй явдаг зүгээр ч нэг тэмдэглэлт өдөр биш. Нийт монголчуудын баяр. Бас бахархах түүх нь. Тэр тусмаа Улс тунхагласны баяр бол Монгол Улсыг дэлхий нийтэд өрх тусгаарласныг зарласны баяр. Гэтэл ялалтын бялуугаа хувааж байгаа юм шиг өнгөрсөн түүхээ ч өөр хоорондоо хувааж өмчилдөг гаж тогтолцоо бидэнд ийнхүү тогтлоо. Үүнийг аль нэг намын зөрчил гэхээс илүүтэй бид үндэстнийхээ үүх түүхийг илтгэх баяраа ч хамтраад тэмдэглэж чадахгүй болтлоо хагаралдсаны илрэл. Яагаад АН, МАН, МАХН гэлтгүй "Монгол бахархал"-ын өдөр, Улс тунхагласны баяраараа Чингисийн, Сүхбаатарын хөшөөнд бүгдээрээ цэцэг өргөөд, бөхөө барилдуулж болохгүй гэж. Улсын баяр наадмаар гурван өдөр нэгдэж чаддаг атлаа түүхт ойн өдрөөрөө нуруу, нуруугаа хараад суудаг байж болохгүй. Өнгөрсөн түүхээ аль нэг намын үзэмжээр өмчлөөд байвал бидэнд бахархах түүх үлдэхгүй. Эсрэгээрээ хэн нэгний энгэрийг цоолдог намын өдөр болно. Үүнээс үүдэлтэйгээр түүх үнэ цэнээ алдана. Түүхийг бүтээдэг болохоос өмчлөх эрх чэнд ч байхгүй. Гагцхүү түүх түүхээрээ л үлдэх ёстой.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих