Эдийн засгийн гачигдалд орсон Кумар Будатоки нэг бөөрөө таван мянган доллараар заржээ. Тэрээр энэ мөнгөөр асуудлаа шийднэ хэмээн тооцоолж байсан ч эрүүл мэндээрээ сүйрч, нөгөө хүмүүс амласан мөнгөнийхээ багахан хэсгийг л өгчээ. Жижиг ферм, шавар урцаар дүүрсэн Балбын жижигхэн тосгон Хокше арваад жилийн өмнөөс хүний эрхтний хууль бус наймааны төв болон хувирсан юм. Дөрвөн мянган оршин суугчтай тосгоны 121 хүн бөөрөө худалдсан хэмээн энэхүү зүй бус явдлын төлөө тэмцэж байгаа Кришна Накарми ярилаа. "Би гэр бүлдээ жаахан газар авч, амьдралаа сайжруулахын тулд бөөрөө худалдсан. Гэвч одоо надад ажил алга. Эрүүл мэнд минь муудлаа. Гэр бүлд минь ирээдүй алга” хэмээн хоёр хүүхэд, эхнэр, ээжийн хамт шавар тагзанд амьдардаг 37 настай Кумар өгүүлж байна.
Эрхтний наймаа дэлхий даяар цэцэглэж, тэр тусмаа амьдаар нь сугалаад авчихаж болдог бөөрний хууль бус наймаа бүр ч их дэлгэрчээ. Хокше тосгонд бөөрний наймаачид ямар ч ял шийтгэлгүй, чөлөөтэй холхиж байлаа. Тосгоны бараг бүх иргэн бөөрөө наймаалсан ямар нэг хүнийг мэддэг гэнэ. Хокше шиг эрхтний наймаа цэцэглэсэн өөр газар мэдэхгүй хэмээн Катмандугийн Бөөрний үндэсний төвийн эмч Риши Кафле өгүүлж байна. Хүний эрхтний наймаачид арваад жилийн өмнөөс Катмандугийн эргэн тойрны уулан дахь тосгон, суурингаар чөлөөтэй хэсэх болжээ. Хөдөөний иргэдийн олонх нь бичиг үсэггүй, бараг бүгд нэг бөөрөө сугалаад өгөхөд бэлэн байдаг аж. Хокше тосгон аль хэдийнэ "Бөөрний банк” хэмээх хочтой болжээ. Нэг иргэний жилийн орлого 700-хан доллар байдаг Балба улсын эрхтэн хандивлагч нар олон мянган долларын амлалтад хууртан эд эрхтнээ арилжиж байна. Тэд мэс засалд орохын тулд Энэтхэгт очдог ба худалдагдсан эрхтэн нь олон шат дамжсаар баян өвчтөн дээр очдог ажээ.
Бөөрөө зарсан хүмүүс дараа нь хөлөндөө өвчтэй болж, ядарч, цусны даралт нь ихэсч, шээсний замын асуудалтай болдог. Нэг бөөртэй хүн эрүүл саруул амьдрах боломжтой ч энэ нь зөвхөн биеэ сайн арчилж, хоолны дэглэм барьж, архийг бага багаар хэрэглэхэд л хүчинтэй юм. Хокше тосгоны бөөрөө худалдсан хүмүүсээс судалгаа авахад эрүүл саруул хооллож, гам барьдаг хүн бараг байхгүй аж. Зарим нь хэт их архи ууж, эрүүл мэнд нь бүр дордсон байв. Ихэнх нь хууль бусаар бөөрөө зарснаа мэдэгдэхгүйн тулд эмчид очихоос татгалздаг аж.
Будатоки арваад жилийн өмнө бөөрөө заржээ. "Хоёр бөөрний нэгийг нь авчихаж болдог гэж надад хэлсэн. Бөөр ямар хэрэгтэй, хэд хэрэгтэй байдгийг мэддэггүй байлаа. Эмч нар надтай тамил, хинду хэлээр яриад байсан. Би зөвхөн балба хэлээр ярьдаг. Хэлж, ярьж байгааг нь ойлгоогүй. Бичиг цаасыг нь ч ойлгоогүй гарын үсэг зурчихсан” хэмээн тэрээр өгүүлж байна. Балбад эрхтэн шилжүүлж суулгах мэс заслыг 2008 оноос хойш зөвшөөрөх болжээ. Гэхдээ зөвхөн ойр дотны төрөл садандаа хандивлахыг зөвшөөрдөг аж. Кумар Будатокид таван мянган доллар амалж бөөрийг нь сугалж авсан ч 1000 доллар л өгчээ. Үлдсэнийг нь дараа нь өгнө гэсэн ч нэгэнт Балбад буцаад оччихсон байсан тул тэгээд сураг алдарчээ. "Мэс заслын дараа би сульдаж, юун мөнгө хөөцөлдөх манатай болсон. Надад зуучилсан тэр эрийг дахиж олж хараагүй” хэмээн Будатоки хэллээ. Тэрээр олон цагаар ажиллаж, хүнд юм өргөж чадахаа больжээ. Эхнэр, дүү хоёр нь бас бөөрөө арилжиж орхисон байна. Одоо эхнэр нь фермдээ ажиллаж чадахаа больсон, замын хажууд төмс зарж суудаг болжээ. Бөөрөө авахуулсан дүү нь эхнэр, хүүхдээ тэжээж чадахаа болиод архинд оржээ.
Балбын Засгийн газраас хүний эрхтний наймааны эсрэг кампанит ажил өрнүүлж, цагдаагийн хяналт тавих болсноор дээрх үзэгдэл эрс багасах болов. Бөөрөө худалдах нь ямар эрсдэлтэй байдгийг хаалганаас хаалганд тайлбарлаж явдаг сайн дурынхан гарч ирсний ачаар сүүлийн найман сард ганц ч тохиолдол гараагүй аж. Гэтэл эрхтний наймаачид нэгэн сайн дурын ажилтныг ална, цогцсыг чинь гол руу хаяна хэмээн сүрдүүлсэн байна. Цагдаа нар сайн ажилласны эцэст арваад хууль бус наймаачныг баривчилж, гурвыг нь шүүхэд шилжүүлжээ.
Гэвч хүний эд эрхтний эрэлт хэрэгцээ
байсаар байна. Энэтхэгийн мянга мянган өвчтөн, мөн Балбад олон хүн нэг
бөөрний төлөө мөнгө төлөхөд бэлэн байгаа аж. 43 настай Жит Бахадур
Бөөрний үндэсний төвд хоёр жил эмчлүүлж байна. Тэрээр сард 360 долларыг
эмчилгээнд төлдөг бөгөөд хууль бус замаар ч хамаагүй бөөр худалдан авах
хүсэлтэй. "Хууль ёсоор бөөр авна гэж хоёр жил хүлээлээ. Би тайван
амьдрах боломжийг хүсч байна. Эмчилгээнд ийм их мөнгө зарцуулж байхаар
бөөр худалдаж аваад суулгачихвал надад амар” хэмээн Бахадур ярилаа.
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих