"Зөвлөлтийн танкид бууж өгч байгаа нь" 1939 он. Япончуудын зохиомжилж авсан зураг гэж үздэг. Яагаад гэхээр толгойгоо боосон цэрэг нь танкчин биш, харин 8 дугаар хуягт бригадын 111 дүгээр пулемётын батальоны буудагч Акксандр Бурняшев, цагаан алчуур барьсан нь 11 дүгээр танкийн бригадын 24 дүгээр танкийн батальоны танкийн цамхагийн буудагч Алексей Герасимов нар аж. Тэд 1939 оны зургадугаар сарын тулалдаанд фронтын огт өөр өөр газарт олзлогдсон байна.
Энэ дайнд яг хэдэн цэрэг алагдаж, хэд нь олзлогдсон гэх нарийн тоо байдаггүй. Ихэвчлэн ойролцоогоор авсан тоо бий. Одоо ч Халх голын нөгөө эргээр оршуулаагүй шарил олон байдаг. Ямар ч байсан ялагдсан япончуудаас ойролцоогоор 1000 гаруй цэрэг манайханд олзлогдсон гэсэн бүдэг бадаг тоо бий. Хожим оросуудад тэднийг шилжүүлээд, тэндээсээ хагас хугас нь эх орондоо очжээ. Харин яг дайны үед хоёр удаа олзлогдсон хүмүүсээ нэгийг нэгээр гэсэн зарчмаар солилцсон байна. Монгол, Зөвлөлтийн тал 1939 онд 88, 1940 онд 116 олзлогдсон япон цэргийг солилцоогоор өгчээ. Тэгэхээр цаад утгаараа мөн төдий хэмжээний улаан цэргийг манайхан хүлээж авсан гэж ойлгож болохоор.
Хамгийн анх танкийн 11 дугээр бригадын батальоны хүн эмнэлгийн зааварлагч Хаим Дроб гэдэг еврей үндэстэн цэрэг япончуудад олзлогджээ. Энэ анги Өндөрхаан хотноо байрлаж асан бөгөөд 1939 оны хоёрдугаар сарын 28-ны үеэс Монгол-Манж гогийн хил дээр байдал хурцадсан тул гуравдугаар сарын дундуур Тамсагбулап шилжин ирж, Монголын АА-ийн VI морьт дивизийн хажууд Халх голоос 110 километрт байрласан байна. Тавдугаар сард Буйр нуурын орчмоор Японы онгоцууд хил нэвтэрч VII заставыг бөмбөгдсөний дараа тус ангиас орос, монгол цэргүүд бүхий тагнуулын бүлгийг Халх голын баруун эрэг рүү илгээжээ. Энэ бүлэгт Дроб орсон байна. Тэнд манайхан япончуудтай тулгарч буудалцан буцаад зүүн эрэг дээрээ гарсны дараа гэнэт түүнийг алга байгааг мэджээ. Дроб шөнийн харанхуйд нөхдөөсөө төөрөөд улмаар барга цэргүүдэд баривчлагдсаныг манайхан мэдсэнгүй. Тиймээс хэсэг хайгаад олдоогүй тул алагдсан байх гэж үзжээ. Ингээд анги нь түүнийг Монгол Улсын хилийг хамгаалж яваад баатарлагаар амь үрэгдсэн тухай дээд командлалдаа илтгэх хуудас бичсэн аж. Гэтэл хэсэг хугацааны дараа Английн сонинуудад олзлогдсон улаан цэрэг Дробын зураг гарч, ярилцлага нь хэвлэгдэн, Халх голын зүүн эрэгт Монголын морьт цэргүүд хориглодог гэж бодсон чинь тэр аяараа оросууд байгаа талаар япончууд шуугиж эхэлжээ.
Хоёр дахь олзлогдсон хүн нь сөнөөгч онгоцны нисэгч Д.Гусаров. Халх голын дагуу тагнуулын нислэг үйлдэн, Японы онгоцуудыг тосон байлдахаар нисэж яваад нөхдөөсөө тасран улмаар япончуудын талд буужээ. Түүнийг нөхөд нь олон хоног хайгаад олоогүй байна.
Ер нь Зөвлөлтийн цэргийн ангиуд байтугай Монголын ардын армийнхан яг энэ үед газар орноо тун муу мэдэж байснаас ихээхэн хохирол амсаж байсан тухай манай эрдэмтэд ч өгүүлдэг. Тухайлбал Зөвлөлтийн нисгэгчдийг Халхын голд ирсэний дараа тусгай хичээл зааж, дараа нь шалгалт авдаг байжээ. Д.Гусаровын өгсөн шалгалтын дүнг сонирхоход, Хувийн карт хөтлөх-дунд, Газрын зураг уншилт-муу, БНМАУ-ын газрын зургийн мэдлэг-муу, Нисэх буудлын сүлжээний мэдлэг-муу, Хаалган-Долнуурын чиглэлийн мэдлэг-муу, Хайлаарын чиглэлийн мэдлэг- муу, №008 дугаар тушаалын мэдлэг-муу гэсэн үнэлгээ авч байсан аж. №008 дутаар тушаал нь нисгэгч бусдаасаа тасарч, зүг чигээ алдсан тохиолдолд зөвхөн 270 градусыг барин шатахуунаа дуустал нисэх тухай заавар ажээ.
...Тавдугаар сарын 28-29-нд өрнөсөн тулалдааны явцад Зөвлөлтийн дөрөв, Монголын таван цэрэг олзлогдсон тухай Японы "Домэй", "Кокуцу" агентлаг мэдээлж, зураг хөрөгтэй нь нийтэлжээ. Олзлогдсон цэргүүдэд тамхи, ундаа өгөхөд ихээхэн баярлаж байсан тухай ч дурдсан байна. Мөн олзлогдсон хүмүүсийн дотор еврей, украин, буриад үндэстэн олон байна гэжээ. Буриад гэж ногай үндэстэн Батыр Кайбалеевыг хэлсэн бөгөөд тэднээс гурвыг нь манай тал солилцоогоор авсан тухай баримт байна. Харин япончуудад олзлогдсон А.Комаристийн шарилыг дайны талбарыг цэвэрлэх явцад олсон аж. Япончууд түүнийг улс төрийн удирдагч гэдгээр нь ихээхэн тамлаж, хамрыг нь огтлон, хамаг шүдийг нь цөм цохиод, толгойд нь жадлан хороосон байжээ.
...16 дугаар танкийн батальоны БТ-5 танкны экипажийн дарга В.Горбатенко Баянцагааны тулалдаанд олзлогджээ. Хожим тэрбээр. "Долдугар сарын 3-ны өдөр 50 километрийн марш үйлдээд шууд давшилтад орсон. Хаашаа явж байгаа. хаана нь хүний өөрийн байгааг мэдэх аргагүй байсан. Естой хөл толгойгоо мэдэхийн аргагүй болсон. Гэнэт бид япончуудын галын шугам руу давхиад орчихсон. Тэдний их бууны дөрвөн сум тусч, танк шатсан. Бид арайхийн гартал дайснууд пулемётын галаар угтаж би шархадсан. Жолооч маань ч шархадсан. Тэр танкаасаа гарч чадахгүй орилж байлаа. Энэ үед баахан япончууд ирээд миний хажууд байсан буудагчийг мөлхөх үед жадалж хороосон. Мөн жолоочийг ёолоход бүснээс нь түүний бууг сугалж аваад буудаж алсан. Харин намайг үхсэн байна гэж үзсэн. Би шөнө нь мөлхсөөр яваад азаар Халх голын эрэг рүү гарч, өөрийнхөнтэйгөө таарсан" гэжээ.
Засгийн газрын мэдээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6471
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих