1959 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Чойбалсан хотын Хөдөлмөрчдийн Депутатын хурлын Гүйцэтгэх Захиргааны хурлын 11 тоот протоколоор "Баян” нэгдлийн төвийг түшиглүүлэн Баянтүмэн сумыг байгуулж сумын даргаар С.Батмөнх томилогдож ажиллаж байсан бөгөөд эдүгээ Гонгорын Сумъяа томилогдон ажиллаж байна.
Тус сум нь 832.0 мянган га газар нутагтай малын бэлчээрийн 554.1 мянган га хадлангийн талбайтай, газар зүйн байршлаар тал хээрийн бүсэд багтах бөгөөд урд талаараа Матад сум, баруун талаар Булган сум, баруун урд баруун хойд талаар Цагаан – Овоо сум, хойд талаараа Сэргэлэн сум, зүүн хойд талаар Чойбалсан сум, зүүн болон зүүн урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг.
Улаанбаатар хотоос 648 км, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 12 км-ээр алслагдсан.
Манай нутагт Сүүл нуур, Амгалан булаг, Гурваны булаг, Улаан булаг зэрэг булгууд, Хоймор, Очирт, Чонот, Баруун зүүн дунд шорвог, Борцойт, Тэмээт, Дарьт зэрэг давс хужиртай говьтой, Хялгана, хиаг, мангир таана зонхилсон тал хээрийн бүсийн шигүү ургамалтай бөгөөд Хэрлэн голын сав дагуу бургас мод ургадаг. Мөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 3 уул, 13 овоо, 8 булаг, 32нуур цөөрөм, 2 рашаан байдаг.
Баянбулаг, Ачаа давдаг зэрэг газруудаар хүрэн нүүрсний орд газартай, алт, шохой, нефтийн нөөцтэй бөгөөд цагаан зээр, үнэг хярс, чоно, элбэнх, тарвага, зурам, ондатр, загас галуу, нугас, тоодог зэрэг ан амьтадын баялагтай.
Монгол орны уур амьсгалын мужлалаар хүйтэвтэр, зундаа чийглэг уур амьсгалтай мужид багтана. Цаг агаарын дундаж температур–150-тай үнэмлэхүй хамгийн бага температур-380, хамгийн их температур 39.50 хүрнэ. Хөрс ургамшилтын хувьд хээрийн бүсийн хэв шинжийг хадгалсан чихэр өвс, таван салаа, сөд, гишүүн, халгай, агь, ганга зэрэг эмийн ургамал хиаг, ерхөг, таана, мангир, сонгино зэрэг бэлчээрийн үнэт ургамлаар элбэг.
Сумын нийт хүн ам 2065, 692 өрхтэй, нийт өрхийн 43 хувь нь сумын төвд, 57 хувь нь хөдөөгийн багт амьдарч байна.
Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд мал сүргийн тоо толгой жил ирэх тутамд өсөж байгаа бөгөөд 2011 оны малын тоогоор 78015 мянган толгой малтай болоод байна.
Сүүлийн жилүүдэд улс, орон нутгийн хөрөнгө оруулалт хийгээд төсөл хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 24 цагийн эрчим хүчинд холбогдсон, 2012 онд сүлжээний арк суурилуулж интернет, үүрэн телефоны сүлжээг нэвтрүүлээд байна.
Сумын албан ёсны вэб сайт: http://bayantumen.dd.gov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих