Нийслэлд болоод хөдөө орон нутагт хятадуудын хийсэн гэмт хэрэг олон гардаг ч, мөрдөн байцаалтын явцад болон прокурорын шатнаас ямар нэгэн байдлаар мултарч дөнгөдгийг Улсын дээд шүүхийнхэн хэлж байна. Тэдний олонх нь хятадууд. Гэхдээ энэ мэдээж, бодит байдлаас бага тоо. Үнэн хэрэгтээ хэрэг хийсэн хятадуудын 90 гаруй хувь нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хаалгаж чаддаг гэсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Харин яаж гэдгийг мөнгөнд дуртай хүмүүс хамгийн сайн мэдэх биз. Хамгийн гол нь тэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хулгайн ан хийж, ховордсон амьтад руу буу шагайдаг болжээ.
Хулгайн ан хийдэг хятад иргэд ямар зорилгоор Монголд ирж байна вэ?
Нэгэн баримт дэлгэхэд, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт саяхан хулгайгаар гөрөөс, үнэг агнаж явсан хэсэг хятад иргэд саатуулагджээ. Хулгайн ан хийсэн хятад иргэд ямар зорилгоор Монголд ирснээ хэлэхгүй байгаа тул тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэднийг шалгахад хятадуудаас 20 орчим сая юань, буу зэвсэг илэрчээ. Хятад иргэдийг Ц гэгч иргэн дагуулж явсан байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Мөн энэ төрлийн хэргүүдийг судалж үзэхэд, манай хот, хөдөөгийн хулгайн анчид ховордсон амьтдыг агнаж, эд эрхтэнийг хятадуудад өгдөг байснаа ч илчилсэн байна. Тиймээс энэ асуудлыг тоохгүй өнгөрч болохгүй нь. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хууль бус хулгайн антай тэмцэхэд хөрөнгө мөнгө, хүн хүч хүрэлцэхгүй байхад дээрээс нь хятадууд олноороо орж ирээд, хулгайн анд мордвол юу болох вэ. Бид хэдүүлээ билээ, хятадууд хэдүүлээ билээ. Мөн хулгайн анчдын овоо хараанд өртөж буй ховордсон ан амьтан маань хэд байгаа билээ. Тиймээс төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болжээ.
Аялал жуулчлалын компаниудыг шалгая
Бас нэгэн ийм мэдээлэл байна. Хятадын нэгэн мэдээллийн сайтад Монголд ан агнаж болох тухай, ан агнахад хичнээн төгрөгийн төлбөр төлдөг, ямар амьтан агнахаас шалтгаалаад төлбөр нь өөр, өөр байдаг тухай мэдээлэл гарчээ. Тус сайтын мэдээлэлд "Ан агнах сонирхолтой бол Монголд очвол мөрөөдөл чинь биелнэ” гэсэн утга бүхий зүйл бичсэн байна. Түүнчлэн энэхүү Аялал жуулчлалын нийгэмлэг нь хоёр улсын хооронд анчдыг зуучилж өгдөг бололтой юм. Тухайлбал, Монголын амьтдыг агнахыг хүссэн хятад анчид Бээжингээс Улаанбаатарт онгоцоор нисч ирээд, дөрвөн одтой зочид буудалд байрлана. Энэ нь аяллын хөтөлбөрт багтаж байгаа гэжээ. Ингээд хоол унд идэж амраад, Улаанбаатар хотоос гарч явдаг юм байх.
Энэ мэдээллийг ухаж үзвэл Монголын амьтдыг агнахаар зорьсон хятад анчин 20 мянган юаниар энд ирдэг байна. Ангийн отогт ирээд буга, баавгай, янгир, зэрэг амьтдаас агнахад 60-100 мянган юань төлдөг. Мөн цасны ирвэс 100000, хүрэн баавгай агнахад 60000 юань байдаг аж. Харин хандгай, адуу, зээр, аргал, янгир, шилүүс, элбэнх, зэрлэг гахай, бор гөрөөс, чоно, үнэг, цасны туулайны агналтын тоо хязгааргүй бөгөөд үнэгүй гэнэ. Ингэхдээ хоёр, хоёроороо баг болж хуваагдаад дундаа нэг буу хэрэглэдэг аж. Агнасан амьтдаа хэрхэх талаар ч энэ мэдээлэлд дурдсан байна гэх. Энэ юу гэсэн үг вэ?
Тиймээс хулгайн антай тэмцдэг байгууллагууд болон Монголын хууль хяналтын байгууллагууд, аялал жуулчлалын компаниуд энэ талаарх мэдээллийг хянаж, шалгаж үзмээр байна. Мөн холбогдох мэдээллийг дараах сайтаас авч үзнэ үү?
Б.ЭНХТУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих