МАН-ын дарга М.Энхболд Бага хурлаа хааж хэлсэн үгэндээ "Засагт хамтарч ажиллах талаар ирсэн саналыг бид "Улс орныхоо эрх ашгийг, намын эрх ашгаас дээгүүр тавьж” дэмжих шийдвэр гаргалаа” гэснээр удаан хүлээсэн урилгын хариу тодорхой болов.
Хамтарч ажиллах саналыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо УИХ-д суудалтай бүх намд илгээсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн санал энэ асуудлаар орно, орохгүй гэж хоёр хуваагдан эцэст нь засагт орох шийдвэрийг бүлгийнхэн дэмжсэн ч Удирдах зөвлөл нь үүнийг эсэргүүцсэн юм. Тиймээс эцсийн шийдвэрийг гаргуулахаар Бага хурлаа зарлаад байсан билээ. Харин баг хурал нэг удаа товоосоо хойшилсон ч ийнхүү шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ эдийн засаг уналтанд орж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт зогсоод буй энэ мөчид хамгийн зөв гарц нь шүүмжлээд суух биш хамтран хийх нь чухал гэж тэд үзэж байна.
Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар өчигдөр 17.00 цагаас Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхээр товлосон ч хойшлуулав.
АН, МАН-аас томилсон ажлын хэсгийнхэн энэ хугацаанд арваад удаа уулзалт хийжээ. Өмнө нь МАН-ын бага хурлаас 17.00 цагт тодорхой шийдвэр гарчихна гэж тооцоолон энэхүү хурлыг зарласан байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байсан юм. Ямартай ч эх сурвалжийн мэдээллээр МАН-ын бага хурлын гишүүдийн 54 хувь нь Засгийн газарт орж ажиллах нь зүйтэй гэж үзсэнээр ийнхүү Их эвслийн гэх тодотголтой шинэ засаг байгуулагдахаар болж байна.
УИХ дахь АН, ИЗНН, "Шударга ёс” эвсэл дээр МАН нэмэгдсэнээр бие даагчдаас бусад нь хамтран Засгийн газрыг хамтран байгуулах юм. Нам, эвслийн Зөвшилцлийн Ажлын хэсгүүдийн уулзалт ирэх долоо хоногт Засгийн газар байгуулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах зэрэг тодорхой асуудлуудаар үргэлжлэх юм байна.
Одоогоор бүх зүйл тодорхой биш байгаа ч УИХ-д авсан суудлынхаа квотоор намууд Засгийн газрын суудлаа хуваах болов уу гэсэн таамаг байна.
Ийнхүү УИХ дахь бие даагчдийн бүлэг цөөнхийн үүргийг гүйцэтгэх болж байна.
Л.ХАЛИУ /Dnews.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих