Үлээсэн гүзээтэй эрчүүд ихсэж
Үлбэгэр сулбагар багачууд олширч
Идэр залуу эрчүүд нь эмс охидтой
Ихэр юм шиг ялгагдахаа больж
Миний Монголын дайчин эрсийн
Бие бялдар нь булбарай болжээ.
Эх байтлаа үрээ хаяж
Эм байтлаа эр эргүүлдэж
Эхнэр байтлаа сархад шүтэгч
Энгэр, хонгорцгоо нуух хүсэлгүй
Эмзэг эрхтнээ ил гарган
Эм заяагаа элэглэн гутаах
Эмс охид ч их болжээ.
Шавар тагзыг овоолон бариад
Шахалдаж уралцан амьдрах
Үдшийн бүрийд унтдаггүй
Үд өнгөрөхөд өндийдөггүй
Жаргал цэнгэл нь дуусдаггүй
Жаран ажлаа хийдэггүй
Залхуугаар заяагаа мануулж
Мангуугаар магнайгаа чимнэ
Хүчирхэг байснаа мартаад
Хүний бүхнийг илүүд үзнэ
Өөдтэй бүхнээ өнгөөр солиод
Өөрийн бүхэнг өшиглөж хаяна
Өчигдөр байгаагүй мэт
Өнөөдөр л байх мэт
Маргааш ирэхгүй мэт
Марган цэцэрхэгч их болжээ
Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжин сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид
Баасаар дүүрсэн гүзээгээ
Буян хэмээн эндүүрэгчид
Май л гэвэл аваад байх
Өгий л гэвэл үнсээд байх
Хормойгоон тосон хохимойгоо өгөгч
Хэзээ хаанаас юу хайрлах бол гэж
Амаа ангайн алхайн хэвтэгчид
Гараа тосон гансарч суугчид
Ядуу гэж өөрийгөө өмөөрч
Ядарсан гэж зальхай загнагч
Хэн нь ч бай та нар
Хийсэн үйлийнхээ хариуг
Хэлүүлж байж ухаарах юун.
Хөх монголын үрс минь
Сэр сэр сэр
Тэнгэрээс заяатайгаа сана
Эрлэгээс томилгоотойгоо мэд
Сэр сэр сэр
Хөх толбот үрс минь
Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих