ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ ҮЗЭЛ
УИХ-ын
2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл
баримтлал нь үндэсний аюулгүй байдал, түүнийг хангах нөхцөл, баталгаа,
баталгаажилт, дархлаа, зарчмыг тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг
хангах арга замыг зааж, тогтолцоог бүрдүүлсэн үндэсний аюулгүй
байдлыгхангах бодлогын гол баримт бичиг юм.
АВЛИГА ГАЗАР АВСАН НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлалд "Төрийн удирдлагын чадавхи сул, шудрага
бус байдал, авлига газар авсан нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж
байна" гэж заасан байдаг. Энэ бол авлига газар авсан байна, энэ нь
үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн бодлогын чухал дүгнэлт
болно.
Авлига газар авсан нь үндэсний аюулгүй байдалд хэрхэн заналхийлж буйг товч авч үзвэл: (1) төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх, хоёр хөрш болон бусад улстай тэнцвэртэй харилцах зарчмыг алдагдуулж байна; (2) төр аж ахуйн үйл ажиллагаанд хэт оролцоход хүргэж, чөлөөт өрсөлдөөнийг хумиж, зах зээлийн эдийн засгийн зарчмаас ухрахад хүргэж байна; (3) төсөвт орох татварын орлогыг багасгаж, төсвийн зарцуулалтыг үр дүнгүй болгож, төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг алдагдуулж байна; (4) улсын гадаад дүр төрхийг муутгаж, гадаадын хөрөнгө оруулалт буурахад нөлөөлж байна; (5) сүүдрийн эдийн засгийг хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж байна; (6) бараа, үйлчилгээний үнийг хөөрөгдөн, ядуурал буурахгүй байхын нэг үндэс болж байна; (7) ардчилсан тогтолцоонд заналхийлж, төрийн албаны чадавхийг сулруулан нэр хүндийг нь унагаж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж, тэгш эрх, шудрага ёсыг алдагдуулж, нийгмийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна; (8) мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлал, хүртээмжтэй байдлыг алдагдуулж байна; (9) мөнгө угаах зэрэг эдийн засгийн болон зохион байгуулалттай , гэмт хэрэгтэй холбогдож байна; (10) олон нийт авлигыг хэвийн үзэгдэл мэт ойлгодог болж, хариуцлагагүй байдал газар авч байна.
Дүгнэж хэлэхэд авлига газар авснаар үндэсний язгуур ашиг сонирхол зөрчигдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах нөхцөл, баталгаа, баталгаажилт алдагдаж, үндэсний аюулгүй байдлын дархлаа суларч, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Авлига бол Монголын сайхан орныг муухай харагдуулдаг, ардчилал, эрх чөлөөний заналт дайсан, авлигатай тэмцэх ажлыг дээрээсээ эхэлж цэг тавих ёстой", Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл "Авлига тусгаар тогтнолд заналхийлж байна", Эмэгтэй удирдагч сангийн Удирдах зөвлөлийн дарга В.Удвал "Хөгжлийн дайсан-өндөр түвшний авлига", Английн түухч, улс төрч, зохиолч Лорд Актон "Эрх мэдэл авлигад өртдөг, хэмжээгүй эрх мэдэл хэмжээгүй авлигад өртдөг", НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан "Авлига нь ардчилал, хууль дээдлэх ёсыг булшилж, хүний эрхийг зөрчиж, зах зээлийг бусниулж, амьдралын чанарыг муутгаж, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг цэцэглүүлдэг" гэж тус тус хэлсэн нь авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлдэгийг тодотгож байгаа билээ.
АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИХ ҮЗЛИЙГ НИЙГЭМД ТӨЛӨВШҮҮЛНЭ
Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлалд "Авлигатай хийх тэмцлийг үндэсний
хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй
оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг
эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ." гэсэн
бодлогын зорилтыг тавьсан.
Энэ зорилтын хүрээнд улс төрийн
нам, ирганий нийгмийн оролцоог хангах, авлигаас урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар олон зүйлийг ярьж болох ч
өнөөдрийн онол-практикийн хурлын зорилготой холбогдуулан хэдэн санал
хэлье.
• Авлигтай тэмцэх бодлогын хүрээнд Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Ухаалаг төр"-ийн санаачилгыг дэмжин
хэрэгжүүлж, санал болгосон хуулиудыг нь батлан гаргах шаардлагатай гэж
үзэж байна. Ялангуяа лиценз, тусгай зөвшөөрлийн тухай, төрийн аж ахуйн
үйл ажиллагааг хязгаарлах тухай, төсвийн хөрөнгө оруулалтын тухай,
төрийн бараа, үйлчилгээний худалдан авалтын тухай, төрийн байгууллага,
албан тушаалтны шийдвэр, түүний бүртгэл хяналтын тухай, төрийн
сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай
хуулиудыг гаргах нь авлигатай тэмцэхэд чухал ач холбогдолтой болох юм.
•
Үндэсний хууль тогтоомжийг Авлигын эсрэг НҮБ-ын 2003 оны конвенцод
нийцүүлэх ажил 2006 оноос хойш хийгдээгүй явж ирлээ. Энэ ажлыг яаралтай
хийх, тэхдээ дараах зүйлийг анхаарах шаардлагатай: (1) Конвенцийн
холбогдох заалтуудыг гэмт хэргийн тухай болон авлигын тухай хууль
тогтоомжид тусгах, (2) цаашид олон улсын конвенцид нэгдэн орохдоо
үндэсний хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь
боловсруулан УИХ-д оруулж байх, (3) авлигын гэмт хэргийн тодорхойлолт,
бүрэлдэхүүн, хариуцлагыг Конвенцид зааснаар нь хүлээн зөвшөөрөх, уг
Конвенцид 172 улс нэгдэн орж уг гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон улсын
нэгдсэн хэм хэмжээ, стандарт тогтоож байхад Монголын онцлог өөр байх
ёстой хэмээн зөрж давхих нь зохисгүй.
• Монгол 2010 оноос
авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөхгүй явж байгаа тул иргэний нийгмээс
боловсруулсан Шудрага ёсны үндэсний тогтол-цоог бэхжүүлэх, авлигатай
тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэж батлан гаргах саналыг дэмжиж байна.
•
Улс төрийн санхүүжилтийг ил тод болгох, төсвийн зарцуулалт, төрийн
өмчийн ашиглалтыг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, хэвлэлийн эрх
чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг сайжруулснаар авлигатай
тэмцэх эрх зүйн орчинг сайжруулна.
• Авлигын эсрэг парламентчдын
дэлхийн байгууллага (ӨОРАС) өндөр түвшний авилгыг хүн төрөлхтөний эсрэг
гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрч тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж
байгааг дэмжиж идэвхтэй оролцох нь чухал болно.
Авлигыг үл
тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэхэд хувь хүн бүр, нэн ялангуяа улс төрч
бүрийн "үгүй" гэж авлигад хэлэх нь нэн чухал болно.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих