Хядлага
Хүчирхэг машины хөдөлгүүрийн хүржигнэсэн
дууг тас, тасхийсэн их чимээ дарж, хээр талын нам гүм байдлыг эвдэв.
Зогсолтгүй сонсогдох энэ чимээ холын тусгалтай автомат бууны тачигнаан
байв. Машин дотор архи, тамхины эхүүн үнэр хамар цоргино. Люкээр /машины
дээврийн цонх/ цухуйсан том биетэй эр зогсоо чөлөөгүй буудсаар сумаа
дуусгаж, дүүрэн сумтай дараагийн дайзаа авахаар бусдыгаа шавдуулна.
"Одоо баруун дараад урдуур нь ороогоод өг", "За одоо шууд гол руу нь
зүсээд ороодох" хэмээн жолоочдоо зааварлахаас өөр яриа эс сонсогдоно.
Магадгүй буун дуу бүхэнд нэг амь тасарч байсан биз ээ. Дайны шугам...
Холын хамаатан ах маань намайг анд дагуулж явна гэхэд нь үнэхээр их баярлаж билээ. Насаараа ан хийсэн тэр хүн хаагуур явж, ямар ан хийдгийг нь үнэндээ мэддэггүй байв. Амьтны хойноос хонон өнжин хөөцөддөж, мөрийг нь мөшгиж, арай гэж ганцыг унагадаг л гэж төсөөлж явснаа нуух юун. Оч үсчүүлэн чад пад хийсэн дүрэлзэх задгай галын дэргэд тухлангаа архаг анчдын хууч яриа сонсоно гэдэг сонирхолтой байлгүй яахав. Нэрт анчин Д.Дамба гуайн бичсэн "Өвгөн анчны тэмдэглэл-1,2" хэмээх сайхан номыг, Р.Самдандовж хэмээх анчны бүтээсэн "Тэнгэрлэг тавилан" хэмээх чонын тухай цогц бүтээлийг уншсан хүнд ан гэгч нь үнэхээр л бахдалтай хийгээд хиймортой, байгалийн хишгийг зүй ёсоор хүртдэг сайхан зүйл шиг санагдах нь аргагүй. Эдгээр бүтээлд ан агнах буюу амьтан хөнөөх талаар бичсэн байдаг. Гэхдээ түүнээсээ илүү судлах, амьд байгаль, бодьгал болгоныг үнэн сэтгэлээсээ хайрлах хайр мэдрэгддэг. Эрт үеэс уламжилж ирсэн, өнөө устаад байгаа монгол ан агнуур бол хүн өөрөө байгалийн нэгээхэн хэсэг болж, хатуу хэцүү бүхнийг даван туулж байж олж авдаг шударга олз байсан гэж болно. Энэ тохиолдодд байгаль дээр үргэлжийн мөнхөд явагдаж байдаг гинжин хэлхээний нэг холбоос хүн гэдгийг мэдэрнэ.
Хамаатны ахтайгаа хийсэн зүйлийг ан гэж нэрлэж чадахгүй нь. Горхи мэт цус урсаж, газрын хөрснөө шингэж амжихаас нь өмнө дахин нэг амьтны амь тасарч, бууны гол төмөр арьсанд хүрвээс тамгалж чадахаар болтлоо улайсаж, машины дугуй хүрэн улаан өнгөөр бялдаж.... Ийм л зүйл болсон. Энэ бол ан биш байлаа. Харин хядлага гэвэл зохино. Тэр хүн бууз, баншны жижигхэн үйлдвэртэй юм. Ан хийх нэрээр түүхий эдээ үнэгүй олж авдгийг нь ийнхүү ойлголоо. Бид эхний оройдоо "ан"-гаа хийв. Маргааш нь өдөржингөө арьс хуулж, мах эвдэж өнгөрөөсөн. Гэдэс дотор, арьс үс бүгдийг хаяна. Гагцхүү махыг нь нандигнан авна. Бүх махаа алимны хайрцганд хийгээд дагуулж ирсэн ачааны микрондоо чихэв. Ачаа ачигчаа ч бас дүүргэв. Эрээнээс хятад жимс оруулж ирж буй мэтээр цагаан зээрийг хайрцаглаж буй нь энэ.
Монгол гөрөөс-цагаан зээр
Цагаан
зээр Төв Азийн өргөн уудам нутагт тархсан, нүүдэллэн амьдардаг
туруутан. Латин хэлнээ Procapra gutturosa гэсэн нэрээр нэрлэгддэг энэ
амьтныг шууд монгол гөрөөс гэж дуудаж болно. Учир нь гол нутагладаг
нутаг нь зөвхөн манай орон. Хоёр хөршийн нутаг руу нүүдэллэх нь хэвийн
үзэгдэл боловч үндсэн бэлчээр, голлох байршил нь чухам Монголын уудам
тал билээ.
Байгаль эхийн бас нэгэн онцгой бүтээл болсон энэ амьтны биеийн урт 100-150 сантиметр байх бөгөөд 170 хүрэх нь бий. 10-12 сантиметрийн урт сүүлтэй. Мөрний өндөр нь 54-84 сантиметр. Амьдын жин 20-39 килограмм.
Цагаан зээрийн үс маш сул бөгөөд хугарамхай байдаг. Өвлийн улиралд таван сантиметр хүртэл урт ургана. Хойноос нь элдсэн чоно мэтийн махчин амьтад тарган сайхан махны оронд ам дүүрэн үстэй үлдэх тохиолдол гардаг нь байгалийн зохилдлогоо. Нэг нь үхэхэд нөгөө нь үлддэг хорвоо болохоор тэр л дээ Хуурай газрын, хөхөөр хооллогч ихэнх сээр нуруутны адилаар намрын сүүл, өвлийн эхэн сард шаргачин авхайн орооны үе эхэлнэ.
Энэ үеэс хүч чадал, тарга
тэвээрэг сайтай, нас бие тэнцсэн ооно 15-20, зарим үед түүнээс олон
шаргачин хурааж дөнгөнө. Цагаан зээрийн хувьд хэцүүхэн өнгөрч мэдэх
өвлийн улирал эхэлнэ. Энэ үед сүрэг туршлагатай малчнаар маллуулсан мэт
"оторлож" эхэлдэг.
Тэднийг "нутаггүй" хэмээн нэрийдсэний учир усны тунгалаг, өвсний сөлтэйг даган нүүдэллэж, нэг газартаа удаан байдаггүйгээс болсон гэж болно. Зудтай өвөл цагаан зээр хэчнээн нүүдэллээд ч сүргийнхээ зарим гишүүнийг онд оруулж чадахгүй тохиолдол бий. Махчин амьтад, тэр дундаа чонын голлох хүнс нь цагаан зээр болдог. Түүнээс гадна Монгол орны зүүнээс баруун зүгт өргөстэй хашаагаар хашсан сунайсан урт төмөр зам тэдний нүүдэллэх замыг хаадаг. Энэ хаалт байгаагүй үед Алтайн нурууны бэлээс Их Хянганы нуруу, говь цөл, Хангай, Хэнтийн нурууны ойт хээр хүртэл маш өргөн уудам газар нутгийг хамран нүүдэллэдэг байжээ. Түүнчлэн Өвөрмонголын нутаг руу орж Шар мөрний хойд хэсэг, Ордосын тэгш тал хүртэл 1.5 мянган ам дөрвөлжин километр нутгийг хамран нүүдэл үргэлжилнэ. Цагаан зээр нүүдэллэх үедээ 200 мянга хүртэл толгойгоор сүрэглэдэг.
Тал хээрийн "зөгий"
Байгаль,
амьтан судлаачид цагаан зээрийн хуурай хээрийн экосистемд нөлөөлдөг
нөлөөнд онцгой ач холбогдол өгдөг. Энэ амьтан идэш тэжээлийн гинжин
хэлхээний нэгэн том бүрэлдэхүүн төдийгүй, ургамлаар хооллож, ялгадсаараа
газрын хөрсийг бордож, туурайгаараа өнгөн хөрсийг сийрэгжүүлдэг гээд
ашигтай тал олон. Түүнчлэн туурай болон биедээ ургамлын үрийг наалдуулан
тээж нэг ёсны тал хээрийн экосистемд "зөгий"-н үүрэг гүйцэтгэнэ.
Тараасан үрээ гишгэж хөрсөнд суулган хийсэхээс хамгаална. Ингээд харахад
мэргэжлийн "тариаланч" ч гэж нэрлэж болох ажээ. Зээрийн мөрөнд борооны
ус тогтож, бэлчээрийг чийглэж байдаг гэнэ.
Зээрийн тоо толгой хорогдоход дээр дурдсан шалтгаануудаас гадна хамгийн хор хөнөөлтэй, өрөвдөх сэтгэлгүй хүн хэмээх том дайсан голлох хөнөөл учруулдаг. Түүнчлэн энэ амьтны нүүдэллэдэг замын хаалт болох төмөр замыг бас хүн л бий болгосон билээ. Олны дунд "Цагаан зээр бол шүлхий хэмээх аюулт өвчний гол тараагч" гэсэн ойлголт байдаг. Эрдэмтэн, судлаачдын судалгаанаас харахад харин ч эсрэгээрээ байгаа нь хэдий хачирхалтай ч үнэн. Шүлхий өвчин голчлон хил дамнан өвчтэй мал, өвчний нян тээсэн эд бараа, тээврийн хэрэгсэл, хүнээр дамжин орж ирдэг ажээ. Ийнхүү орж ирсэн өвчний нян анхлан гэрийн тэжээвэр малд халдварлаж, түүнээсээ цагаан зээрэнд дамждаг болохыг судлаачдын туршилт баталсан байна.
"Төрөл зүйлүүд" хөөрхий...
Дэлхий
дээр орших юм бүхэн дахин давтагдашгүй, онцгой байдаг. Энэ чанар цагаан
зээрэнд, чоно, үнэг, ирвэс, хүнд ч адил. Гэвч хүн өөрийгөө амьтан,
байгалийн аль алинаас дээгүүр тавьж, бусдыг олзворлосоор иржээ. Үүний
дүнд маш олон зүйл дахин хэзээ ч сэргэхгүйгээр устсан байна. Өдгөө
зөвхөн музейн хананд байрлуулсан чихмэлээс, тэр бүү хэл хуучин номын
шарласан хуудаснаас зургийг нь олж харах хэмжээнд хүрсэн амьтан маш олон
бий. Олон сая жилийн өмнө устаж үгүй болсон үлэг гүрвэл, арслан зааны
талаар өгүүлсэн юм биш шүү. Харин бидний цаг үед устсан төрөл зүйлүүдийг
хэлж байгаа юм. Хэрвээ сайн анзаарах юм бол энэхүү нийтлэлд ч гэсэн өөр
өөрийн гэсэн өнгө зүс, түүхтэй, одоо бол устсан амьтдыг "төрөл зүйлүүд"
гэсэн хоёрхон үгэнд багтаачихаж байгааг анзаарч болно.
Гашуун туршлага
Намайг
анд дагуулж явсан ах маань цагаан зээрийн хядлагыг цэрэгт байхдаа
сурсан гэх. Дээхнэ үед армийн хүнсийг ингэж бэлддэг байсан бөгөөд
шаахай-72 мотоцикль, УАЗ-469 машинаар давхингаа цагаан зээрийг хядаад
өнгөрдөг байжээ. Замаар нь удаанаар урагшилж буй ЗИЛ-130 машины тэвш
рүү үхсэн, үхээгүй хамаагүй дөрвөн мөчнөөс нь барьж байгаад "нээг хоёр,
гурав аа" хэмээн шидэж орхидог байсан гэсэн. Тэр үед тал дээр давалгаа
мэт харагддаг асан цагаан зээрийн тоо толгой хэд дахин хорогджээ. Цаашид
ч цөөрсөөр байх шинжтэй. Энэ амьтны тоо толгой багасч, нүүдэллэх замыг
нь эргээд цөлжилтөд ч нөлөөлөх нь гарцаагүй. Учир нь амьд бүхэн
байгалийн зүй тогтлын
нэгэн үе билээ.
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн экологи, эдийн засгийн үнэлгээг ооно 500 мянга, шаргачин 550000 төгрөгөөр тогтоожээ. Гэвч энэ мөнгийг тэр бүр төлөөд байдаггүйг дурдах шаардлага байна уу. Мал, мах үнэд орсон үед манай улсын хүн амын тоотой тэнцүү зэрлэг амьтан хээрээр "тэнэж" явааг наад зах нь бууз баншны цех, цаашлаад цайны газруудад ч таатай олз мэт харагддаг нь ойлгомжтой.
Нэрт зохиолч, сэтгүүлч Ж.Мягмарсүрэн "Амьтдын тухай өгүүллэгүүд" хэмээх бүтээлдээ нэгэн эмгэнэлтэй түүхийг багтаасан байдаг. Энэ бол Америкт зэрлэг бух гөрөөс, Европод зубр хэмээн нэрлэгддэг амьтны устахын ирмэг дээрээс буцсан талаар нүдэнд харагдтал дүрсэлсэн тухай зураглал билээ. Нэгэн үе зөвхөн хэл, нурууны зөөлөн махыг нь аваад бусдыг нь хаядаг, эсвэл зүгээр л онч мэргэнээ шалгах гэж буудаж унагадаг байсан энэ амьтан нэг л мэдэхэд харагдаж үзэгдэхээ байтлаа устсан байна. Америкт ч бараг л нэг цаг хугацаанд тийм хэмжээнд хүрсэн. Эцэст нь гаршуулсан ганц хоёрхон толгой бодьгалаас дахин үржүүлж эхэлсэн нь устах аюулаас аварч чаджээ.
Монголд энэ түүх давтагдах вий гэсэн айдас цагаан зээрийн хувьдтөрөхөөс аргагүй. Тэднийг гаднын жуулчдаар агнуулж, машинаар хөөн буудаж, шөнө гэрэл тусган хараачилж, агнаж болох бүхий л арга хэрэгслийг ашиглан устгаж байна. Зээрийн мах жилд хэчнээн тонноороо бууз, баншны цех рүү ачигдаж, хэрэглэгчдийн ходоод руу цөлөгддөг тухай судлаад үзвэл чамгүй их тоо гарах биз. 1900-гаад оны үед Монгол орны цагаан зээрийн тоо толгой 4.5 сая байсан гэж үзжээ. Харамсалтай нь дэлхийн II дайнаар армийн хоол хүнсэнд хэд дахин багассан гэж үздэг. Үүнээс улбаалан энгийн цагт ч цэргийн хүнсэнд хэрэглэсээр байсныг ахмад үеийнхэн батална. Аав, өвөөгөөсөө цэрэгт ямар байсан талаар нь асуухад цагаан зээр "агнаж" явснаа хуучлах л байх. 1994 онд нэг зэрэг АН-2 онгоц ашиглан тооллого хийж Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутагт 2.5 сая зээр байгааг тогтоожээ. Мөн 1997 онд авто маршрутаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт хоёр сая цагаан зээртэй гэж үзсэн байна. Үүнээс хойш арав шахуу жил тооллого хийсэн мэдээ алга.
Асуулт ямагт асуулт хэвээрээ л үлддэг.
Байгаль дэлхий, ан амьтан, амьд бүхэнтэй хүмүүс бид яагаад ингэж шударга
бус ханддаг юм бэ гэсэн миний асуулт ч мөн тэр хэвээрээ үлдэг.
Р. Сэлэнгэсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих