Орчин цагийн хамгийн сонирхолтой дайны нэг хэлбэр болох долоон жилийн
турш яригдсан хий дамжуулах хоолойн маргаан эцэстээ ямар ч ялагчгүйгээр
өндөрлөлөө. Европын зах зээлд ноёрхох гэсэн адил зорилготой АНУ, ОХУ-ын
дамжуулах хоолойн төсөл жил дараалан хаагдлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европт өмнөд урсгалаар байгалийн хийн хоолой барих төлөвлөгөөгөө цуцалж буйгаа мягмар гаригт мэдэгдсэн байна. Түүний энэхүү шийдвэр есөн сар үргэлжилж буй Украины хямралын нөлөөнөөс үүдэлтэй юм. Өмнөд урсгал хийн хоолойг Оросын байгалийн хийн хамгийн том компани болох "Газпром"-ын санхүүжилтээр 930 км урт барихаар төлөвлөж, өнгөрсөн оны аравдугаар сард Болгарт шавыг нь тавьснаар барилгын ажлыг эхлүүлээд байсан юм. Гэвч хий нийлүүлэгч нь хийн хоолойгоо бүрэн санхүүжүүлж, эзэмших нь Европын холбооны өрсөлдөөний хуулийг зөрчих магадлалтай гэж Европын комиссын зүгээс үзсэнээр өнгөрсөн зургадугаар сард төслийг түр зогсоогоод байсанаж. Оросын эрх баригчдын зүгээс Европын комиссынхныг цэвэр улс төрийн зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан хэмээн буруутгаж байсан юм. Гэвч удаан үргэлжилсэн дайнаас залхсандаа бус үр дүн гаргахын тулд дуусгавар болгосон гэдгийг тэрээр онцолж байжээ.
БАКУГААС ЭХЛЭЛТЭЙ МАРГААН
ОХУ-аас
байгалийн хийн шууд хараат Европын хувьд Украин Беларусаар дамжин
өнгөрдөг хийн хоолой нь хэрэгцээг бүрэн дүүрэн баталгаатай хангаж
чадаагүй тул АНУ-тай хамтран дамжуулах хоолойн шинэ төслийг санаачилж
байв. 1990-ээд оны эхээр Төв Ази болон Кавказаар дамжуулан бие дзасан
газрын тос, байгалийн хийн дамжуулах хоолой барих төслийг санаачилж 2000
оны эхээр эхлүүлэхээр болов. Ингээд 2006 онд 1000 милийн урттай,
Азербейжаны Бакугаас Газар дундын тэнгис хүртэлх анхны газрын тосны
дамжуулах хоолойг нээсэн юм. Хараахан бэлэн болоогүй байсан дамжуулах
хоолойг / хожим нь Набукко гэж нэрлэсэн/ Туркменистанаас эхлэн Турк,
Европ цаашлаад Төв Ази хүртэл холббхоор төлөвлөж байсан юм.
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Туркменистан
Каспийн тэнгисээр дайран өнгөрөх дамжуулах хоолойг бүрэн дүүргэх
чадалгүйг АНУ ойлгох хүртэл нэлээд хугацааг авсан юм. Тиймээс 2000-аад
оны дунд үеэс Вашингтон "Набукко" гэх шинэ төлөвлөгөөнд щилжсэн юм.
Энэхүү дамжуулах хоолой Бакугаас дахин эхлэхдээ Кавказаар дамжин
өнгөрөхөөр төлөвлөсөн байв. Дамжуулах хоолойн зорилго нь Төв Азийн бие
даасан байдал, Европын эрчим хүчний аюулгүй байдлын зэвсэг байх байсан
юм.
Гэвч 2006 онд Украин улс Москвагаас авсан барьцаа хөрөнгийн хохирлоо барагдуулаагүй гэх шалтгаанаар байгалийн хийн нийлүүлэлтээ цуцалснаар Европ хийгүй үлдэх шахаж, шинэ төслийн ажлыг түр завсарлав. Ийнхүү дараагийн гурван жилийн хугацаанд төслийн ажил зогсов. Газрын тос, байгалийн хийг нийслэл Баку хотоос нь Гүрж, Туркийн нутгаар дамжуулан цааш Европт гаргах Набукко хий дамжуулах хоолойг барих ажлыг барууны орнууд дэмжин хөрөнгө оруулж эхэлсэн ч төсөл зурагт нь Ирак, Ираны нутаг багтаж байгаа нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгосон юм. Ерөнхийдөө хийн хоолойн төсөл ОХУ-ыг тойруулан дамжуулах хоолой барих байсан тул ОХУ-аас чадах шахалтаа үзүүлж байсан байна.
"ӨМНӨД УРСГАЛ" ХООЛОЙГ ТАНИЛЦУУЛАВ
2007
онд В.Путин Оросууд эсрэг нь байгалийн хийн "Өмнөд урсгал" хэмээх шинэ
хоолой барих төсөл эхлүүлэх гэж буйгаа зарлав. Энэ нь төслийн тол
өрсөлдөгч гэгдэж буй "Набукко" хоолойн төслийн хүч, нөлөөг бууруулахад
чиглэж байв. 3300 орчим км урт "Набукко" хоолой 31 тэрбум шоо метр хий
дамжуулах хүчин чадалтай бөгөөд төв Азиас Турк, Болгар, Румын, Унгар,
Австрийн нутагт хий хүргэхээр төлөвлөсөн байсан бол "Өмнөд урсгал" 63
тэрбум шоо метр хий дамжуулах хэмжээний өргөн хийгээд том, Хар тэнгисийг
Болгартай холбох төсөл байв.
ЭХНИЙ ЯЛАГДАГЧ
Азербейжан
дамжуулах хоолойн хийн хангамжийг дүүргэх үйлдвэрлэгч, эх үүсвэр
хайсаар эцэст нь 2013 оны зургадугаар сард эцсийн байдлаар бууж егөв.
Өөрөөр хэлбэл "Набукко" төслийг цуцалж буйг зарласан нь ОХУ-ыг ялагчийн
тавцанд аваачаад байв. Гэвч Европын холбоо бууж өгөлгүй Украины
хямралаар "далимдуулан" ОХУ-д шахалт өгч "өмнөд урсгал" хоолойг
цуцлуулснаар олон жил үргэлжилсэн маргаан эцэс болов.
"ДАЙН" ДУУСАХГҮЙ
Дэлхийн
анхны хийн хоолойн "дайн"-ы өрсөлдөгч хоёр тал жил дараалан бууж өгч
байгаагаа мэдэгдсэн ч тэмцэл дуусаагүй бололтой. "Өмнөд чиглэл" хоолойн
анхны үндэслэл "Набукко" хийн хоолой байсан. Гэхдээ саяхан буюу өнгөрсөн
сард "Набукко" хийн хоолойн барилгын ажлыг 2015 оноос эхлүүлж, хоёр
жилийн дараа бэлэн болно хэмээн Унгарын тал мэдэгджээ. "Газпром"-ын
зүгээс 9.4 тэрбум ам.долларын зардал гаргаад байгаа "Өмнөд урсгал"
хоолой ч мөн шинэ байдлаар эргэн ирнэ гэдгийг В.Путин хэлсэн. Тэрээр
өмнөх төслийн оронд Турк, Грекийн хилээр дайруулах хувилбар хэлэлцэж
байгаа тухай мэдэгдсэн юм. Харин "Өмнөд урсгал" хоолойгоор Европт
нийлүүлэхээр төлөвлөж байсан хийг Турк, Грекээр дамжуулж болох юм гэсэн
хувилбарыг гаргаж ирээд байгаа юм байна. Ямартай ч ялагчгүй өндөрлөсөн
"дайн" шинэ хувилбараар дахин өрнөх бололтой.
Б.СУВД-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих