Зөвхөн морь малын наймаа хийдэг байсан манайхан эдүгээ хүний
худалдааны зах зээлд чимээгүйхэн хөл тавиад нэлээд хэдэн жилийн нүүр
үзэж байна. Үүнийг бид мэдсэн хэрнээ мэдээгүй юм шиг, харсан хэрнээ
хараагүй юм явсаар маш нарийн зохион байгуулалтад орох хүртэл нь
өөгшүүлэв. Халуун хошуутай малаа арилжихдаа уйлахаас наагуур болдог
монголчуудын зарим нь нутаг нэгтнээ хил давуулан худалдах нь нэг хамрын
наана цаана байгаа хоёр айл хоорондоо хонь, ямаа наймаалцахаас бараг
амархан болжээ. Хамгийн аюултай нь хөгжил дэвшлийн гол эх үүсвэр болох
хүн амынхаа тоог өсгөж өгөх үүрэгтэй ирээдүйн ээжүүд энэ наймааны гол
золиос болж байна.
Дэлхийд орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа ордог энэ гэмт хэргийн арга хэлбэр улам нарийсч байгааг хууль хяналтын байгууллагынхан өгүүлэв. Харь хүнтэй хайр сэтгэлийн улмаас бус зарын дагуу гэр бүл мөлжих, хүний биеийг үнэлүүлэх, хөдөлмөр албадан хийлгүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг сорох гээд хүний наймааны ертөнцөөр хөл хө-дөлгөөн огтхон ч тасрахгүй байна. Манайд л гэхэд 2000 онд хүний наймааны золиос болсон хоёр хүн бүртгэгдэж байсан бол 2006 онд 127, эдугээ лавтай 600 дөхсөн гэх тоо байна. Хүний наймаа гэхээр мал шиг холбож байгаад худалддаггүй, маш нарийн зохион байгуулалттайгаар ихээхэн далд нууц явдагийг хэлэх хэрэгтэй. Ингэхэд энэ төрлийн наймааны зах руу дөнгөж хөл тавьсанаа хүргэе.
Ер нь хүний наймаачид сонин хэвлэлээр ил тод зар өгдөг гэдгийг нэлээд хэдэн хүнээс өмнө нь сонсч байлаа. Энэ тухай ч их ярьдаг. Сүүлийн үед онлайн хэлбэр рүү орж байгаа тухай ч зохих албаныхан хуучилна билээ. Мэдээж найдвартай хамгаалалт авсан учраас л энэ бүхний араас хөөцөлдөхөөр шийдсэнээ хэлэх нь зүйтэй биз ээ.
"Шуурхай зар" сониноос хэд хэдэн зарлал сонгож авлаа. Ярилаа. Зарим нь ч нэг их сэжиг төрүүлэхээргүй юм таарав. Харин "Замын-Үүдийн зоогийн газарт өндөр цалинтай зөөгчийн ажилд оруулна" гэсэн зарын дагуу ярихад залуухан охин утсаа аваад, газар болзон маргааш уулзъя гэлээ.
Миний бие ч ерөнхийдөө өндөр
цалин өгөх гуанз зоогийн газар бус биеэ үнэлэх талын юм сонирхоод
байгаагаа түүнд ойлгогдохоор хэмжээнд шуудхан ярив. Нөгөө охин ч ойлгох
шиг болсон тул цаашаа хил гарна, тэр талаар санаа зоволтгүй гэлээ. Би
найз охид маань Эрээнд байдаг, сайн сайхан амьдарч, ихээхэн мөнгө төгрөг
олдог тухайгаа ярьдаг хэмээхэд тэр миний найз зөндөө бий гэсэн юм. Энэ
завсар тэднийгээ ч сайн сайхан амьдардаг тухай дурсаад авахаа
мартсангүй.
Маргааш нь нөгөө охин хэлснийхээ дагуу оройхон огт
өөр утаснаас яриад, болзсон газраа сууж байна гэв. Очлоо. 24-25 настай
болов уу гэмээр залуухан бүсгүй байв. Тэрбээр өмнөд хөршид очоод ямархуу
ажил хүлээж байгааг гадарлаж байгаа биздээ гээд зардал мөнгө
авахгүйгээр эндээс явуулна гэдгээ хэллээ. Түүний төрсөн ах Замын-Үүдээр
том оврын машинтай гардаг, Улаанбаатар энэ хоёрын хооронд тээвэр хийдэг
найдвартай хүн бий гэв. Өөрийгөө Хүүхдийн ордны япон хэлний багш Турк
улсад энэ ахтайгаа нэг жил ажиллаж байгаад ирсэн гэх зэргээр хуучиллаа.
Мэдээж нэр ус, ажил хаягаа надад үнэнээр нь хэлээгүй байх л даа.
Би түүнд хүүхэдгүй, нөхрөөсөө салсан, өвчин хуучтай өндөр настай ээжтэйгээ амьдардаг, тэгээд мөнгө төгрөгний хэрэг ихээхэн гардаг тухай ярьсан юм. Ер нь ардаас татаж түлхээд байх хүнгүй гэдгээ хэлсэн хэрэг. Энэ талаар ч нэлээд шалгаав. Цагдаа, хүчний байгууллагад хамаатан садан чинь бий юу, ээж чинь өргөдөл гомдол бариад энэ тэрүүгээр яваад байх юм биш биз гэх зэргээр зөндөө л юм асуулаа. Урд нь хэд гурав хоногоор хотод энэ ажлыг хааяа хийдэг байсан болохоор ээж нэг их тоохгүй байх. Тэгээд ч би өндөр цалинтай ажил гурван сар хийгээд ирэх тухайгаа дуулгасан гэв.
Нөгөө охин, хоёр хоногийн дараа ах маань ирнэ, би өөрийнхөө найз охины хамт чамтай явна. Чи Эрээнд очоод өвөр-монгол хүний бааранд ажиллана. Тусгай байранд амьдарч хоол унд, байр сав үнэгүй. Сардаа ажлынхаа ачаалал, орлогоос хамаараад 2-3 сая төгрөгийн цалин авна. Тэнд 14 хоног ажиллаад Монголдоо ирж хэд хоног амрах боломжтой гэлээ. Ерөнхийдөө миний бие тэнд очоод үйлчлүүлэгчиддээ иллэг хийх, эсвэл зүгээр л ууж идээд хамт байх ёстой юм байна. Хэрвээ үйлчлүүлэгч хүсээд, бас чи зөвшөөрвөл тэр хүнтэйгээ хамт нэг хоёр хоногоор гадагшаа явж болох тухай ярив. Ер нь эзнийхээ эрэлт хэрэгцээг ч хааяа хангаж байхад зүтээр гээд инээлээ. Тэгээд эхний 14 хоногт нэг сая төгрөг өгнө, харин паспортыг чинь тэр баарны эзэн барьцаа болгон хурааж авна гэв. Урд нь энд биеэ үнэлж байсан бол тэнд нэг их гайхаад, цочирдоод байх юм үгүй дээ. Хятадууд чинь сүүлийн үед ихээхэн соёлтой болсон шүү дээ. Тийм болохоор маргааш гэхэд гадаад паспортоо ав, би туслана гэлээ. Хэрвээ очоод таалагдахгүй бол эргээд л ир. Тэр тал дээр ямар ч асуудал байхгүй. Ах маань одоохондоо урд байгаа. Тун удахгүй ирнэ гэх зэргээр яриа өрнөсөн юм. Би түүнээс ахын чинь утасны дугаарыг авъя гэхэд шууд татгалзаад, харин би чинийхийг өгчихнө гэлээ.
Маргааш орой нь түүний ах гэх хүн утасдлаа. Уулзъя гээд манай гэрийн хаягийг асууж байна. Ямар ч байсан түүний төрсөн ах гээд байгаа тэр нөхөр урд хөршид биш хотод байгаа нь тодорхой болов. Тэр ч бүү хэл нөгөө хүүхнийг өөрийнхөө төрсөн дүү биш, Туркэд ажиллаж байхдаа танилцсан тухайгаа ярив. Маргааш нь тэр нөхөр хоёр өөр дугаартай утаснаас байн байн залгаад, Толгойтод хүрээд ир, уулзъя гэлээ. Явах өдөр, хаана уулзахаа тохирьё гэснээр хоёр хоногийн дараа Баянзүрхийн товчооны ойролцоо орших МТ-ийн шатахуун түгээгүүрийн станцын дэргэд уулзахаар болсон юм. Тэрбээр хүнд даацын хоёр том тэрэг зогсч байх болно гээд утсаа тасалсан юм.
Явах өдөр нөгөө анх танилцсан охин маань найзтайгаа явна гэж байснаа болилоо гэв. Тэгээд манай ахад миний явахаа больсон энэ тэр талаар огтхон ч битгий дурсаарай гэж байх юм. Товлосон газраа очиход нэлээд хол нөгөө машинууд зогсож байв. Мөн л 25 орчим насны залуу машиныхаа бүхээгт тамхи татан сууж харагдлаа. Энэ зуур хамт явах найз нь гээд түүний үеийн тун хүйтэн царайтай нэг нөхөр хүрээд ирэв. "Замын-Үүд рүү ачаа олдохгүй байгаа тул нэг машинаа ачаад, гурвуулаа явна. Очоод чамайг "69"-өөр хил гаргана. Хилийн цаана би чамайг тосч аваад ажиллах газар чинь хүргэж өгнө" гэлээ.
Нөгөө охинтой холбогдох гэтэл над руу залгадаг утсаа тасалсан байв. Залуу ч түүнтэй битгий яриарай, ер нь түүнийг одоо март гэж байна. Мөн шууд ингээд гурвуулаа гаръя гэв.
"Жүжгээ" ерөнхийд нь дуусгах
хэрэгтэй болов. Миний бодоход "ах, дүү" хоёрын хамаардаг бүлэглэлүүд
намайг ургашаа гаргаж худалдаад, авч өгөлцөх мөнгөн дээрээ тохирч
чадалгүй маргалдсан байж магадгүй юм шиг санагдсан. Эсвэл тэр хүүхэн энэ
хүртэл зуучилж өгөөд хүлээсэн үүрэг нь дуусдаг байж магадгүй юм билээ.
Ер нь байн байна цаашаа хэн нэгэнтэй яриад л, учир битүүлэг үгс
хэлэлцээд энэ наймаанд гаршсан хүмүүс гэдэг нь мэдрэгдэж байсан.
Би
ч нөгөө залууст хамт явахгүй гэдгээ шууд хэллээ. Харин өнөөдрийн галт
тэргээр гараад Замын-Үүд дээр хүлээж байя гэсэн юм. Нөгөө хоёр хамт явъя
аа, замдаа сайхан зугаатай явна, чи тэртэй тэргүй тэнд очоод нөгөө
ажлыг л хийх юм чинь юундаа айж ичсэн юм. Монголдоо монголчуудаасаа айж
цэрвээд байвал тэнд очоод яаж ажиллах юм гэх зэргээр нэлээд ухуулга
хийсэн боловч би галт тэргээр явна гээд салсан. Мөн хамгаалалтын хүмүүс
маань ч уг "тоглоомоо" зогсоохоор шийдсэн билээ.
Эндээс харахад ийм наймааг залуучууд маш нарийн зохион байгуулалттай хийдэг юм байна. Паспортыг л гэхэд бараг ганц цагийн дотор гаргаж өгнө гэлээ. Хилээр ч ялгаагүй "69" машинд суулгаад тэр дор нь нэвтрүүлнэ гэж байсан. Ер нь нэр усаа худлаа хэлэх, уулзах газраа байн байн өөрчлөх гээд тун хянуур юм билээ. Нөгөө талаас энэ ажилдаа нэлээд туршлагажсан шинжтэй харагдсан шүү гэдгийг хэлэх байна.
Ийм замаар чухам хэдэн монгол бүсгүй хүний наймааны золиос болсныг бүү мэд. Ямар ч байсан ийм төрлийн гэмт хэрэгтэй холбоо бүхий 60 гаруй хэрэг шүүхээр шийтгэгдсэн гэх нэг тоо харагдана билээ. Мөн хүний наймааны гол хэлбэр болох эмэгтэйчүүд бүсгүйчүүдийг урд хөршүүд рүү өндөр цалинтай ажил амлан гаргаад биеийг нь үнэлүүлэх явдал манайд давамгайлдаг гэсэн. Хятад, Макао, Сингапур руу ихэвчлэн гаргадаг гэсэн яриа байдаг. Саяхан Австралийн төрийн бус нэг байгууллага энэ талаар судалгаа хийхдээ, Монгол Улс 2.839.073 хүнтэй гээд түүний 25.700 хүн орчин үеийн боолчлолд байгааг дурджээ. Мөн энэ үзүүлэлтээр дэлхийн улсуудаас 16-д нь жагссан байна. Тэд манай улсад "ССС" гэсэн үнэлгээ тавиад Засгийн газар нь онцгой бодлого боловсруулах ёстойг анхааруулсан байлаа. Хүний наймаачдын ертөнц рүү цухасхан шагайхад ийм байв.
Х.Ану /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих