Өдгөөгөөс 33 жилийн тэртээ Монгол даяар бөөн баяр хөөр болж байлаа. 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконураас "Союз-39” хөлөг амжилттай хөөрч, монгол малчны хүү Ж.Гүррагчаа анх сансарт ниссэн учраас арга ч үгүй. Тэрээр сансарт ниссэн Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.
Ж.Гүррагчаа ЗХУ-ын хашир туршлагатай сансрын нисгэгч В.Жанибековын удирдлага дор дэлхийн агаар мандлаас гаран В.Ковалёнокийн ахалсан "Салют-6-Т-4” станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг, 42 минут ажиллахдаа дэлхийн бөмбөрцгийг 125 удаа тойрчээ. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн гишүүд үүрэгт ажлаа төлөвлөгөөний дагуу амжилттай гүйцэтгээд 1981 оны гуравдугаар сарын 30-ны 11:40 цагт эх дэлхийдээ эсэн мэнд газардсан билээ.
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Ж.Гүррагчаа нь 1978 оноос эхлэн ЗХУ-ын Ю.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлжээ. Тэрээр сансарт ниссэнийхээ дараа 34 насандаа ЗХУ болон БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан бөгөөд одоо хошууч генерал цолтой юм.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих