Нэг.Сургуулийнхаа тухай:
Одоогоос хорь гаран жилийн өмнө санагдана. Би дөрөв дүгээр ангийн сурагч байлаа. Аймгийн төвд буюу олны хэлж заншсанаар "Хиймэл нуур”-ын зүүхэн талд "10-н мянгат” гэх орон сууцууд баригдан олон айл шинэ байранд орсон юм.
Ээж маань аймгийн Ардын Депутатуудын Гүйцэтгэх Захиргаанд үйлчлэгчийн ажил олон жил хийсэн тул тэр шинэхэн орон сууцны хорооллын 35 дугаар байранд хоёр өрөө байр "Засаг”-аас өгсөн юм. Шинэ байранд орсон тул харьяаллын дагуу 8 дугаар сургуульд суралцах болов.
1991 оны 12 дугаар сард юмдаг. Шинэ жил болохын өмнөхөн аймгийн төвийн сургуулиудаас хүүхдүүд тус сургуульд ирж ангиудад хуваагдан орлоо. Сургуулийн маань гадна талд барилгын өндөр шар кран дүнхийж байдагсан. Кран олон жил тэр л байрандаа байсан даа. Сургуулийн доторх хана туурга, шал шат, анги танхимын хана туурганаас будаг ханхлах. Бас зарим ажил нь гүйцэд дуусаагүй байсан уу хааяа тоос бужигнана. Биднийг Лхамуужав, Гомбожав, Алтаннавч, Оюун, Цэцэгмаа, Уранчимэг, Батбаяр, Гончигням, Оюунбилэг, Баясгалан, Төмөр нарын олон багш тосон авсан билээ.
Тэр цагаас хойш миний сурагч насны амьдралын дурсамж дүүрэн он жилүүд үргэлжилсэн. 10 нас дөнгөж хүрсэн биднийг ааш зан дөлгөөн, гадаад төрхөөрөө нэн сайхан намбалаг эмэгтэй багш хүлээн авч нэг анги хамт олон болгосон нь математикийн багш Лхамуужав. Өөр өөр сургуулиас ирсэн айл айлын эрх танхи хүүхдүүд сургууль, ангиараа хуваагдан талцаж, хоорондоо таарамж муутай байсан бидний хувьд нэг ангийн "горим”-д шууд шилжин ороход хэцүүхэн. Харин энэ бүхнийг ангийн багш маань эмэгтэй хүний, эх хүний уран нарийн ухаан зарж асар богино хугацаанд нэгэн "цул” болгож чадсан юм.
Сурагч насны гэгээн дурсамж бүхэн сайхан. Урлагийн үзлэг, намрын спартикат, ангийн цэвэрлэгээ гээд олныг хамарсан үйл ажиллагаанд оролцож явсан маань одоо ч миний амьдралд өгөөжөө өгсөөр байгаа. Бидний үед багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээхийн төлөө хүний өөрийн анги гэж ялгалгүй уйгагүй хөдөлмөрлөдөг байсан. Түүнийх нь дүнд олон сайхан хүмүүс одоо энэ нийгэмдээ, улс, аймаг орон нутагтаа ихийг хийж бүтээж явна.
Сургуулийн багш нар дотор буриад багш олон байсан болоод тэр юм уу хүмүүс "Буриадын сургууль” гэдэгсэн. Буриад хүмүүс ажилсаг, аливаад сэтгэлээсээ ханддаг гэх мэт олон сайхан чанар байдаг болохоор би сургуулийнхаа тэр нэрэнд одоо хэр нь дуртай. Энэ л сайхан сургуулийн анхны сурагчдын нэг, тогоонд нь чанагдаж гарсан бүтээгдэхүүн нь би.
Хоёр.Болод захиралынхаа тухай:
Сургуулийн анхны Захирал Болод гэх ширхээ сахалтай, хар рамтай нүдний шилтэй, өндөр цайвар хүн байлаа. Самбар дээр монгол бичгээр сайхан гэгч нь бичнэ. Хүүхдэд их сайн. Ямартаа л бага ангийн хоёр жаахан хүүхэд сургуулийн шатаар гүйж яваад түүнийг шүргэчихээд "Уучлаарай ахаа” гэхэд нь инээгээд өнгөрсөнсөн.
Миний хувьд шүлэг яруу найрагт дуртай, урлаг уран сайханд элэгтэй, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох дуртай "хэнхэгдүү” хүүхэд байлаа. Болдын Мөнгөнтуул гэдэг байсан болохоор ч тэрүү зарим хүн Болод захирлын охин гэж андуурах үе хааяа гарна. Учир нь сургууль дээр зохиогдсон шүлгийн наадамд түрүүлээд аймгийн наадамд оролцох болоход захирал намайг дагуулаад л явна. Бусад хүүхдүүд багштайгаа эсвэл эцэг эхтэйгээ хамт ирдэг байсан.
Одоо бодоод байхнээ бүхэл бүтэн сургуулийн захирал нэг хүүхэд тэмцээн уралдаанд оролцох тоолонд хамт явах хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу. Хамгийн сайхан нь тэрээр хүний хүүхдийг амжилтад хүргэхсэн гэсэн чинхүү сэтгэл өвөрлөж, цаг заваа зарцуулж чаддаг мундаг хүн байжээ.
1998 оны намар санагдаж байна. Сургуульдаа ороод удаагүй байтал ахлах ангийнханыг багш нарын өрөөнд дуудаж оруулав. Гэтэл захирал багшийн зураг хананд өлгөөстэй, хажууд нь намтрыг нь том ватум цаасан дээр дармалдан бичсэн байлаа.
-За Мөнгөнтуул захирлынхаа намтрыг бусдадаа сонсогдохоор уншаад өгөөрэй гэж Алтаннавч багш зөөлөн дуугаар надад үүрэг болгов. Бидний хайрт багш... гээд л цааш нь уншихад надад тун хэцүү байсан ч үүргээ гүйцэтгэх ёстой байсан тул хоолой зангируулан тэр бичээсийг уншиж билээ. Аав шиг минь дотно сайхан хүнийгээ бурханы оронд заларсан тухай тэр өдөр мэдээд эмгэнэлийнх нь үгийг унших надад тун хэцүү байсан. Өөрийн хүүхдээс дутуугүй хандаж ирсэн намайг хүний зэрэгтэй явааг тэнгэрийн орноос хараад тэрээр баярлаж байгаа байх даа.
Гурав.П.Гомбожав багшийнхаа тухай:
Биднийг 9 дүгээр ангид ордог намар сургуулийн захиргааны шийдвэрээр ахлах ангийн сурагчдыг авьяас сонирхол, ур чадвараар нь төрөлжүүлэн цаашид эзэмших мэргэжлийнх нь эх суурийг тавих, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх зорилгоор түүх нийгмийн, байгалийн ухааны гэсэн хоёр шинэ анги нээн шалгалт авч элсүүлсэн юм.
Тэр шалгуураар бид нийгмийн ухааны ангид элсэн П.Гомбожав багшийн ангид орж бүтэн хоёр жил суралцаж төгссөн. Манай ангид сургуулийнхаа нэрийг гарган улс, аймгийн хэмжээний уралдаан тэмцээн, олипиадад өндөр амжилттай оролцсон олон чадварлаг хүүхдүүд багтсан нь сайхан. Хичээл сурлагаас гадна урлаг, спортоороо ч бид сургуульдаа дээгүүрт багтдаг мундаг хамт олон байлаа.
Нийгмийн ухааны улсын олимпиадын дэд байр, гадаад хэлний болон монгол хэлний аймгийн олимпиадын шагналт байрын эзэд, урлагийн "Яргуй наадам”-ын шагналтнууд манай ангиас төрсөн. Мөн тухайн үедээ аймгийн хэмжээний сурагчдыг хамарсан илтгэл, мэтгэлцээний манлайлагчид ч бас л манай ангийнх. Ийм олон амжилтын үр дүнгийн ард ангийн багш П.Гомбожавын маань аливаад зарчимч, хариуцлагатай ханддаг зан чанар байсныг одоо ч дурсан ярих дуртай.
Намайг урамшуулан, хөгжүүлэх гэсэндээ шүлгүүдийг маань эмхэтгэн 9 дүгээр ангид байхад "Сурагч насны дурсамж” нэртэй бяцхан түүврийг багш гаргаж байсансан. Цөөхөн тоогоор хэвлэгдсэн /инээв/ тэр анхны бүтээлийн минь эх хувь одоо ч багшид хадгалагдаж байна лээ.
Хичээл таслах нь бүү хэл хоцроод ангидаа ирэхэд л багшийн харц таатай хүлээж авахгүй. Манай ангийнхан дунд аав хүний том орон зай сэтгэлд нь үгүйлэгдсэн хэд хэдэн хүүхэд байсан. Тэр л орон зайг багшийн минь үггүй зэмлэх харц, тоотойхон дуугарах үг, тохитойхон харагдах үйлдэл нь нөхдөгсөн. Одоо ч бидний хэн нь хаана юу хийж, яаж амьдарч байгааг хэнээс ч илүү мэддэг нь түүний бусдын төлөө гэсэн сэтгэл мөнхөд байгааг илтгэнэ. Амьдрал дандаа дардан байдаггүй болохоор ангийнхандаа учирсан зарим тоогүй зүйлийг багшдаа хэлж сэтгэлийг нь зовоохгүй юмсан гэж халгах үе хааяахан гарах л юм.
Багш минь эрэгтэй хүн гэхэд биеэ сайхан авч явдаг, цэвэрч нямбай, аливаад наягт няхуур ханддаг "айхтар сүрхий” хүн. Түүний яг ямар мэргэжилтэй, ажил амьдралын ямар замналтайг хүүхэд байхдаа асууж сонирхож байсангүй. Харин хэзээ хойно доо саяханы нэг цагаан сараар /аймагт байгаа ангийхантайгаа жил бүр очиж золгодог/ золгохдоо тодруулж асуувал нам, олон нийтийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан "Шилдэг сэхээтэн” юм билээ. Хүмүүс бидэнд дэргэдээ байгаа дотно сайхан хүмүүсийнхээ тухай сайн мэддэггүй том дутагдал байнаа.
Манай ангийнханы хувьд сайн яваа. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Батжаргал, аймгийн Цагдаагийн газрын хошууч Ц.Дайчинхүү, Монгол улсын Их сургуулийн доктор н.Шинэбаяр, Сэргэлэн сумын Засаг дарга Н.Гүррагчаа нараас гадна түүх нийгмийн багшаар Нэргүй, Насанбаяр ажиллаж байна. Мөн зарим нь бизнесийн салбарт ололт амжилт дүүрэн байгаа ба хилийн чандад зургаан нөхөд маань сайхан ажиллаж амьдардаг.
Аймгийн тэргүүний 8 дугаар сургууль, хайрт багш нар, ангийн нөхөд та бүхнээрээ би үргэлж бахархаж явдаг. 2016 онд тохиох төрөлх сургуулийнхаа 25 жилийн ойгоор учран золгохын ерөөлийг тус сургуулиар овоглодог хүн бүрт үлдээе.
Эрдэм ном дэлгэрэх болтугай.
Алтан гадас одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан П.Гомбожав багшийн шавь 1998 оны 10б ангийн төгсөгч Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дээд шагнал "Ган үзэгтэн” Болдын Мөнгөнтуул
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих