Гэтэл өнгөрсөн баасан гаригт "Голомт” банкны зүгээс Х.Тэмүүжингийн задалсан баримтын талаар тайлбар өгчээ. Тодруулбал, "Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан. Банкны харилцагчдын хооронд хийгдсэн бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Эндээс үзвэл, Х.Тэмүүжингийн жиргэсэн гүйлгээний баримт хуурамч биш, гүйлгээ "Голомт” банкаар дамжсан болохыг "Голомт”-ынхон нотолжээ. Дээрх баримт улс төрийн эгзэгтэй үед буюу Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох үеэр дэлгэгдсэн гэдгээрээ онцлог. Иймэрхүү баримтыг Х.Тэмүүжин дөнгөж УИХ-ын гишүүн болоод буюу Хууль зүйн сайдаар томилогдохоосоо өмнө бас дэлгэж байсан. Тэр нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа Х.Тэмүүжингийн халааснаас гарч ирсэн сумны хонгио болон хэнд ч үзүүлээгүй байгаа "хар дэвтэр”. Үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хөтөлсөн гэх "хар дэвтэр” өөрт нь байгаа гэж ярьдгаас биш байдаг, үгүйг нь хэн ч тогтоогоогүй байгаа. Харин энэ удаа нэрийг нь баллаж, бүдэгрүүлсэн твиттерийн жиргээ нь хөдөлшгүй үнэн болохыг банк баталснаар өгсөн, авсан эздийг тодруулах "дараагийн анги”-ийг хэн эхлүүлэхийг олон нийт хүлээж эхэллээ.
"АПУ-г хувьчлах үеэр надад 500 сая төгрөг өгье гээд мөнгөө бариад ирж байсан. Тэгэхэд нь би зөвшөөрөөгүй гаргасан” гэж Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ярьж байсан. Тухайн үед сөрөг хүчний намууд, хэвлэлүүд түүнээс эзнийг нь зарлахыг шаардахад "Би худлаа хэлсэн юм” гэсэн удаатай. Харин энэ удаа жиргэсэн баримтаа Х.Тэмүүжин хуулийнхны өмнө нотлох уу, эсвэл худал мэдээлэл цацсан болж булзайруулах уу, "хар дэвтэр” шигээ хөзөр болгоод нууц хэвээр үлдээх үү гэдэг нь сонин байна. Эздийг нь зарлахгүй юм бол ингэж жиргэх, "Голомт” банкаар баталгаажуулахын хэрэг юунд байсныг Х.Тэмүүжин сайдаас асууя.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих