Энэ сарын эхний өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод иргэд цагдаа нарын дунд эгээтэй л мөргөлдөөн гарчихсангүй.
Юу гэвэл өнгөрөгч 8-р сарын 19-нд буюу өдгөөгөөс 3 сар гаруйн
өмнө Дорнод аймгийн Ардчилсан Намын байранд хэсэг этгээдүүд дайран орж
намын байрны хамгаалалтын ажилтныг хөөн гаргаад ХЭГ-ын ажилтнууд,
намын байранд түрээсээр ажиллаж байсан албан байгууллагынхан, намын
жирийн гишүүдээ байтугай цагдаа нарыг ч оруулахгүй болгож хаалга
үүдийг нь тас хаагаад дотроос нь түгжин орогнож эхэлсэн хэрэг
гарснаас үүдэлтэй юм байна.
Аймгийн Ардчилсан Намын дарга Д.Цэрэнчимэг болон ХЭГ-ын дарга
С.Базаргүр нараас хуулийн зөвлөхөөрөө дамжуулан хууль хяналтын
байгууллагад хандаж намын байрыг булаан эзэлж албаны болон хувийн эд
хөрөнгө, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтны эрх чөлөөнд халдсан гэмт
хэргийн шинжтэй энэ үйлдлийг шалган гэм буруутныг тогтоон хариуцлага
тооцох, намын байраа чөлөөлүүлэх хүсэлт гаргасан ч Дорнод аймгийн
цагдаа, прокуророос эл хэргийг хэрэг мөн, биш гэж маргаан үүсгэх
зэргээр цаг нөхцөөн аргацаасаар шалгах ажлаа цалгардуулан, хуулиа гууль
болгосоор бараг гурван сарыг үдсэн байна.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга асан Оюунбаатар нь аймгийн
Засаг дарга С.Ганбат, баз хүргэн Г.Болдбаатар нарын ам нөлөө, худал
хуурмагаар бүрдүүлсэн баримт гэгчид автаж Ардчилсан намын байрыг булаан
эзэлсэн хэргийг удаашруулах, улмаар дарж өнгөрөөх сонирхолтойгоо үйл
хөдлөл бүхнээрээ илэрхийлэн цаг алдуулсаар байсан ч хуулийг дээдлэх
зарчимд үнэнч Ардчилсан Намын гишүүд дэмжигчид хэрэг явдлын өрнөлтийг
тэвчээртэй хүлээсээр 12-р сарын 1-ийг хүргэжээ.
Энэ хэрэг явдал нь Монгол Улсын түүхэнд ч бараг гарч байгаагүй
бүдүүлэг, дэндүү цагаандаа гарсан бусармаг хэрэг болох нь хэн бүхэнд
тодорхой тул төр засгийн анхааралд ч өртөж, хэрэг явдлыг үнэн мөнөөр нь
шалган тогтоохыг дээрээс шаардсаны хүчинд цагдаагийн дарга Оюунбаатар
албанаасаа бууж Г.Болдбаатар нарын цагдаагийн байгууллагад шалгагдаж
байгаад дарагдсан хэрэг ч сөхөгдөөд эхэлсэн байна.
Өнгөрөгч 12-р сарын 1-нд аймгийн ИТХурал хуралдаж аймгийн 2014 оны
төсвийг хэлэлцэх тов гарсан байсан тул аймгийн АН-аас аймгийн хөгжлийн
бодлогыг тодорхой болгох, төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах,
аймгийн удирдлагын удаа дараагийн хууль зөрчсөн үйлдлийг таслан
зогсоохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн цуглааныг зохион
байгуулахаар болж нийтэд зарлаж уг цуглаанд хэдэн зуун хүн оролцож
аймгийн удирдлагад хандан зохих шаардлагаа тавьж дуу хоолойгоо хүргэсэн
нь цуглаанд оролцож байсан Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийг нэгмөсөн
намын байраа чөлөөлж суллан авах үйл ажиллагаанд шилжин ороход
хүргэсэн байна.
Цуглаанд оролцсон Ардчилсан Намын гишүүд Цагдаагийн байгууллагад
хандан намын байрандаа нэвтрэн орох гэж буйгаа мэдэгдсэн тул тэдний
дуудлагаар Цагдаагийн дэд хурандаа Одчулуунаар ахлуулсан голчлон
офицеруудаас бүрдсэн бүлэг хүрэлцэн ирж намын байрандаа нэвтрэхийг
оролдож байсан гишүүд дэмжигчидтэй тулгарчээ.
Олон сар хүлээсээр тэвчээр алдарсан, нилээд бухимдаж сэтгэл хөөрсөн
Ардчилсан Намын олон гишүүд дэмжигчидийг цагдаа нар намын байрандаа
нэвтрэхэд нь саад хийж булаан эзэлсэн байрныхаа дотроос таг түгжин
цагдаа нарыг өөрсдийг нь хүртэл оруулахгүй, хэнийг ч нэвтрүүлэхгүй
байсан үл мэдэгдэх хүмүүсийг хамгаалах байдалтай хандаж эхэлсэн нь
тэнд цугларсан олны уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж иргэд цагдаа нарын
хооронд мөргөлдөөн ч үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн.
Харин тухайн нөхцөлд ажиллаж байсан цагдаагийн офицеруудын
хүлээцтэй хандлага, Ардчилсан Намын удирдлагуудын зарчимч, хуулийг
дээдэлсэн шаардлага, шийдвэртэй байдал, гишүүд дэмжигчдийн зүгээс
тэвчээр гаргаж, бодит байдлыг ойлгосон зэргээс шалтгаалан
зөвшилцсөөр, эхлээд цагдаагийн байгууллага намын байранд өнгөрсөн
хугацаанд болж өнгөрсөн хэрэг явдлыг шалган баримтжуулах, дараа нь
гишүүд дэмжигчид байрандаа нэвтрэх тохиролцоонд хүрснээр хурцадмал
байдал намжин Ардчилсан намын байрны үүд хаалга нээгдсэн юм.
Энэ үед Ардчилсан Намын байрыг булаан эзлэх ажлыг зохион байгуулсан
байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа Г.Болдбаатар, Т.Энхтөр,
Ц.Хаснаа нарын хэдэн хүн хүрэлцэн ирээд зайдуухан зогсож харагдсан ч
тэднийг анзаарсан намын гишүүдийн хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлд шантарсан
бололтой ганц ч үг хэлэлгүй зайлан одно лээ.
Ийнхүү гурван сар гаруй сунжирсны эцэст Ардчилсан Намын байр чөлөөлөгдөж хаалга үүд нь нээгдэв.
Байрандаа нэвтэрсэн намын гишүүдийн яриаг сонсохул намын байрыг
чухам л "архины мухлаг, янхны оромж” болгон хувиргасан байна гэлцэн
пүү пай болон бухимдацгааж цагдаагийн офицерууд ч тэдний уур бухимдлыг
ойлгон хуваалцcaн бололтой намын байрны эзлэгдсэн өрөөнүүдээс гарсан
хог новш, архины шил, хэрэглэсэн бэлгэвч, ариун цэврийн хэрэглэл
зэргийг хамтран баримтжуулж эд мөрийн баримт болгон хадгалалтанд авч
буй харагдсан.
Намын гишүүд яаравчлан намын байраа цэвэрлэх, салхи оруулах, дахин
халдлага гарахаас сэргийлэн хамгаалалтанд авах ажлыг зохион байгуулах
санаачлага гарган шуурхай ажиллаж эхэлсэн ба намын удирдлагаас намын
байр чөлөөлөгдөж хэвийн үйл ажиллагаа явагдаж эхэлснийг олон нийтэд
зарласнаар энэ өдрийн мөргөлдөөнд ч хүрч болзошгүй нөхцөл байдал намжиж
нэг удаадаа тайвширцгаасан юм.
Харин цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн, эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн явдал хэрхэн өрнөх, эл хэрэг явдлын улмаас
алба амины эд хөрөнгө, ашиг сонирхол нь хөндөгдсөн хүмүүсийн зүгээс
ямар алхам хийх нь асуулт хэвээр үлдлээ хэмээн Дорнод аймгаас
мэдээллээ.
mnews.mn
Ц.Түмэн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6584
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих