Дорнод аймгийн төв Чойбалсан хот нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 655 км-д орших бөгөөд хойт талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгдсэн 28,3 мян га талбай бүхий нутагтай, уртаашаа 20 км сунаж тогтсон манай улсын том хотын зэрэглэлд ордог хот юм.
Монгол улсын шинэ үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-нд Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ.
Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг юм.
Анх 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулан шавыг тавьжээ.
Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос "Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна.
Тухайн үед хотын харъяат болон түр оршин суугчид, гадаадын харъяат иргэд нийт 2000-д хүн ам бүхий хот байгуулагдаж, оршин суугчдыг 4 хорин болгон зохион байгуулжээ.
Энэ үед Баянтүмэн /эдүгээгийн Чойбалсан/ хотод Шуудан цахилгаан мэдээний хороо, Гар үйлдвэрийн 1,2-р артель, Зам барилгын контор, Улсын худалдааны бааз, Хөдөлмөрөө хоршсон 4 жижиг гар үйлдвэрийн хоршоолол, Нефть бааз, Баянбулагийн нүүрсний уурхай, Морьт корпус шинээр байгуулагдаж, 1923 оноос хойш ажиллаж байсан боловсрол, соёл, банкны салбар, холбоо, тээврийн байгууллагууд дээр нэмэгдэж харъяалагджээ.
Баянтүмэн |Чойбалсан хот| удаа дараагийн дайн самууны үеийг өнгөрүүлэхдээ 1939 онд дайсны онгоцонд бөмбөгдүүлж, Зөвлөлт Монголын их цэргийг хүлээн авч, дайлаар мордоход нь үдэж, ялалт байгуулаад буцахад нь угтан авч байсан дайчин түүхтэй юм.
Дайны үеийн хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын тусламжаар тавигдсан Соловьевск-Баянтүмэний төмөр зам нь цэрэг дайны зориулалтаар анх ашиглагдаж байсан бол улмаар хотын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд одоо УБТЗ-ын харъяа Баянтүмэн тасаг ажиллаж байна.
Халх голын дайн 1939 онд эхэлсэн боловч манай хотын хувьд 1935 оноос эхлэн дайны байдалд шилжин, тухайн үеийн Зөвлөлт, Монголын цэргийн анги, нэгтгэл дивизүүд ирж байрлаж эхэлсэн байна. 1939 оны 4, 5, 6-р сараас эхлэн Японы самуурай нар Баянтүмэн хотын дээгүүр тагнуулын нислэг хийн, 1939 оны 6 сарын 27-нд хот руу 20 гаруй онгоцоор агаарын дайралт хийж, 120 гаруй бөмбөг хаян 5 хүний амь эрсдэж, 800 гаруй мянган төгрөгийн хохирол учруулжээ.
Баянтүмэн хотын албан газрууд, айл өрхүүдийн гэр, байшинг хар эрээн өнгөөр будан өнгөлөн далдлалт хийсний ачаар энэ бөмбөгдөлтөд учирах хохирлыг харьцангуй хөнгөвчилж байжээ. Дайны хүнд үед хотын иргэд улаан армийн дайчдын хамтаар Чойбалсан хотыг тойруулан 8 метр өргөн, 4 метр гүн, 100 км урт танкийн саадыг ухаж хотыг хамгаалж байв.
Энэ хүнд үеүдэд Баянтүмэн хотын ард иргэд цэргийн хэрэгцээнд мал, түлш, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, гэр зэргийг ихээхэн хэмжээгээр бэлтгэн нийлүүлж байлаа. Мөн сайн дураараа байлдаанд биечлэн оролцох хүсэлтийг олон арван хүн гарган дайнд явах, шархадсан цэрэг дайчдад туслах зэрэг ажилд оролцож байжээ.
Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор, 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, хошой баатар, маршал Х.Чойбалсаны нэрэмжит болгосноор "Баянтүмэн” хотын нэр түүх болон үлдэж, Чойбалсан хотын түүх эхэллээ.
Чойбалсан хотынхон 1939 оны Халх голын дайн, 1941-1945 оны Зөвлөлт эх орны дайн, 1945 оны чөлөөлөх дайнуудад бат бэх ар талын үүргээ нэр төртэй биелүүлж, энх цагтай золгож байсан билээ. Дайны түгшүүрт үеийг ардаа үдсэн хотынхон маань авьяас билэг хүч чадлаа дайчлан үйлдвэр аж ахуйн газар, соёл боловсрол, худалдаа үйлчилгээний газруудыг шинээр байгуулж эхэлсэн.
1940 онд хувь нийлүүлсэн анхны хоршоо, гуанз 3, дэлгүүр 6, бой өлөнгийн завод, 1941 онд талх, нарийн боов, чихэр, архины цех бүхий хүнсний комбинат, 5-р морьт дивиз зэрэг Монгол цэргийн байгууллагуудаас гадна Зөвлөлттийн 17-р арми байрлаж, Зөвлөлтийн барилгын ангиуд тусгай зориулалтаар 100 шахам барилга, байгууламжуудыг барьж Чойбалсан хотын барилгажилтын 2 дахь үе эхэлсэн юм.
Аймгийн номын санг 300 гаруй номтойгоор 1946 онд, Хөгжимт драмын театрыг 1948 онд байгуулж, соёлын салбар үүд хаалгаа нээн ажиллаж эхэлсэн байна. Тус театр жилдээ 5-7 шинэ уран бүтээл бэлтгэн тоглодог байсан ба, үйлчилгээний 9 цэгтэй номын худалдаа, 5 мянган үзмэртэй орон нутгийг судлах музей, Г.К.Жуковын музей болон Кинотеатр, номын сан, спорт заал, биеийн тамирын стадион зэрэг үйлчилгээ үзүүлдэг газруудтай болсон байна.
Түүнчлэн Чойбалсан хотод 1945-1980-аад онд олон сургууль, курсүүд байгуулагдаж, шинээр олон ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхэлсэн байна.
Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургуулиуд болох Багшийн сургууль 1952-1958 онд, ХАА-н Техникум 1958 оноос, Барилгын ТМС 1963 оноос, ХАА-н ТМС 1973 оноос шинээр байгуулагдан тус тус хичээллэж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн улс орны бүтээн байгуулалт, оюуны хөрөнгө оруулалтад ихээхэн хувь нэмэр оруулж иржээ.
Аймгийн Эрүүлийг хамгаалах хэлтэс зүүн 3 аймагт үйлчлэх нэгдсэн эмнэлэгтэй Эрүүлийг Хамгаалах Газар болон өргөжжээ. Хүн эмнэлгийн 30 орчим нэгжтэй 10.0 мян хүнд 16 их эмч, 89 бага эмч үйлчилдэг, мэргэжлийн больниц диспансер 7, Нэгдсэн эмнэлэг 1, Эмийн сан 4, ясли 9 бүхий Эрүүлийг хамгаалах үйлчилгээ ажиллаж байлаа.
Түүнчлэн 1956 онд нисэх онгоцны буудал, 1957 онд Барилга анги, 1959 онд ЗХУ-ын тусламжтайгаар Гурил тэжээлийн үйлдвэр, 1960 онд Зөвлөлт- Монголын хувь нийлүүлсэн Сов-Монгол металл байгуулага байгуулагджээ. Мөн энэ үед Монгол орон даяар нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших үйл явц өрнөх үед Чойбалсан хотын харъяанд " Хөдөлмөр " нэгдлийг санаачлан байгуулж, хотыг хүнсний ногоогоор хангах ажлыг зохион байгуулж байжээ.
1960-1990 оны үе бол хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын хувьд өмнөх бүх түүхийн үетэй харьцуулан үзэхэд хөгжлийн оргил үе нь байсан гэж үзэж болох юм. Энэ үед Адуунчулууны нүүрсний уурхай, Дулааны цахилгаан станц, Мах комбинат, Ноос угаах үйлдвэр, Хүнсний комбинат, Геологийн экспедиц, Техник туслалцааны барилга трест, Нефьт хангамжийн газар, Авто засварын газар, Гадаад худалдааны дамжлага бааз, Худалдаа бэлтгэлийг удирдах газар, Материал техникийн хангамжийг удирдах газар, Нэгдэл дундын үйлдвэр, Ус суваг ашиглалтын контор, Силикат тоосгоны үйлдвэр, Хивсний үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд нь зөвхөн Дорнод аймаг, Чойбалсан хотыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар хангаад зогсохгүй Монгол орныхоо зүүн бүсэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн том төв олон өргөжин хөгжиж байлаа. Үүнд:
1959 онд ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар ашиглалтад орсон жилдээ 5000 тн гурил, 6000 тн багсармал тэжээл үйлдвэрлэдэг гурил тэжээлийн үйлдвэр нь эдгээрээс хамгийн ууган нь байлаа.
- ЗХУ-ын тусламжаар баригдсан жилдээ 76.0 м3 хөрс хуулж, 430 мян/тн нүүрс гаргадаг Адуунчулууны нүүрсний уурхай,
- 36.0 мянган киловаттын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц,
- Хоногт 90 тн мах болон 62.4 сая төгрөгийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 сая шахам төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг эдийн засгийн харилцах туслах зөвлөлийн гишүүн орнуудад экспортолдог, БНБАУ-ын техник, эдийн засгийн тусламжаар баригдсан Махкомбинат,
- Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас хонины ноос хүлээн авч жилд 2000 тн ноосонд анхан шатны боловсруулалт хийж, 17,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын 10-аад улсад экспортлон гардаг ноос угаах үйлдвэр,
- Жилд 3200 тн талх, 500 тн гурилан бүтээгдэхүүн, 1100 тн төрөл бүрийн гоймон, 300.0 мян/л сүү, 120.0 мян/л амтат ундаа, 3800 тн давс олдворлодог Хүнсний комбинат,
- Зүүн гурван аймгийн нутагт геологийн зураглалыг хийж, төрөл бүрийн ховор металлын орд газрууд түлш, барилгын материалыг хайж нээх үүрэг бүхий Геологийн экспедици,
- Жилд 10.6 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэдэг Техник туслалцааны барилга трест,
- БНПАУ-ын тусламжаар баригдсан жилд 36 сая ширхэг тоосго үйлдвэрлэх Силикат тоосгоны үйлдвэр,
- 150 машин, 100 моторт их засвар хийх чадалтай Авто засварын газар,
- Үйлчилгээний 5 салбартай, 4.8 сая төгрөгийн орлоготой ажилладаг Нэгдэл дундын үйлдвэр,
- Зүүн 3 аймаг хариуцаж үйлчилдэг Ус суваг ашиглалтын контор,
- Жилд 600 мянган кв.м хивс үйлдвэрлэх хүчин чадалтай Хивсний үйлдвэр,
- ЗХУ, БНБАУ, БНПАУ, БНСЧСУ, БНСРУ, БНАСАУ, Югослав болон Японы зарим фермүүдтэй худалдаа хийж, түүхий эд экспортлон, импортоор бараа хүлээн авч зүүн гурван аймагт үйлчилдэг Гадаад худалдааны дамжлага бааз зэргийг нэрлэж болно.
Эдгээр олон зуун ажилчидтай томоохон үйлдвэр, худалдааны байгууллагууд, мөн Хилийн ба Барилгын цэргийн ангиудын ажиллагсад, албан хаагчид, дээр дурьдсан сургуулиудын олон мянган сурагч, оюутнууд Чойбалсан хотод төвлөрөх болжээ.
1970-1980-аад онд 35 мянган хавтгай дөрвөлжин метр ашигтай талбайтай олон арван орон сууцууд ашиглалтад орж, орон сууц ашиглалтын болон Барилга, цахилгаан техник монтажийн контор байгуулагдлаа.
Үйлдвэр аж ахуйн томоохон байгууллагууд бий болохын зэрэгцээ хотын оршин суугчдын аж төрөн амьдрах орчин үеийн нөхцлийг бүрэн хангасан орон сууцны 2-5 давхар олон арван барилгууд шинээр баригдан хотын өнгө үзэмжийг урьд өмнө байгаагүйгээр чимэглэн хөгжүүлж эхэлсэн.
Түүхэн үеийн гэрч болсон Монгол дайчдын хөшөө, Бунхан толгой дахь Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө, ЗХУ-ын баатар нисгэгч Н.Ф.Гастеллогийн хөшөө, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын гэр музей гэх мэт олон дурсгалт газар хөшөөнүүдийг бүтээн босгожээ.
Гэвч зах зээлийн шинэ харилцаанд шилжсэн 1990-ээд оноос хойш улс орны эдийн засаг хүндэрч, төвлөрсөн тогтолцоо байхгүй болсноос томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд чадамжгүй болж, үүд хаалгаа барьж эхэлсэн нь хотын хөгжил цэцэглэлтийн хурдцад сөргөөр нөлөөлсөн юм.
Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олон арваараа шинээр байгуулагдаж эхэллээ. Энэ үед ганзагын наймаагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан хувийн хэвшлийнхний чадавхи нь дээшилж, 2000 оноос хойш худалдаа үйлчилгээний чиглэлийн "Найнги”, "Амтлаг хүнс” ”Ольхон”, "Хан хэрлэн”, "Боржин", "Венера", "Тулга”,”Их чулуут” "Чадангууд” "То ван” "Талын сувд”, "Их урсгал” "Бөхийн өргөө”, зэрэг олон арван компани байгуулагдаж, төв, цогцолборууд баригдлаа.
Мөн 1990-д оноос өмнө явуулж байсан үйл ажиллагааныхаа чиглэлийг зах зээлийн өнөө үеийн нөхцөлд нийцүүлэн үйл ажилагаагаа өөрчлөн буюу хослуулан явуулж байгаа аж ахуйн нэгжүүд олон байна. Үүнд: "Чандмань тал” ХК /Хуучнаар Усны аж ахуйн сууринд тулгуурласан/ барилга барих, засварын ажил хийх, авто зам барих, засварлах, "Дорнод худалдаа” ХК /Хуучнаар ХБУГ-ын сууринд тулгуурласан/ зүүн бүсийн худалдааны төв зах ажиллуулах, "АйСВН” ХК /Хуучин Тээврийг удирдах газарт тулгуурласан/ зорчигч тээвэр, худалдаа үйлчилгээний чиглэлээр, "Дорнод Гантүлхүүр” ХК /Хуучнаар Авто засварын газрын сууринд тулгуурласан/ худалдаа үйлчилгээ, хөнгөн цагаан тогоо хийх зэргээр ажиллаж байна.
Манай хотын төвд 1990-оноос хойш боловсролын болон эрүүл мэндийн системийн байгууллагууд өргөжин, Зүүн бүсийн Оношлогоо эмчилгээний төв, 6 Өрхийн эмнэлгүүд, "Дорнод Дээд сургууль” /1991 онд анх Багшийн коллеж нэртэйгээр/, 2002 оноос "Шинэ зуун” хувийн дунд сургууль, 2004 оноос "Шинэ хөгжил” цогцолбор сургууль, 6-р сургууль , 2005 оноос "Flоwеr” хувийн дунд сургууль тус тус байгуулагдан амжилттай ажиллаж байна.
Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагийн "Залуус” талбай, Бурхан Буддагийн чөлөөт цагийн цогцолборыг 2005-2008 онуудад бүтээн байгуулаад байна.
Хотын гол замын сүлжээ хэвтээ хос замаас тогтсон байдаг. Чойбалсан хотын дотор төв болон хөндлөн урсгалт бетонон хучилттай зам 20 гаруй км, сайжруулсан шороон зам 60 гаруй км байдаг.
2003-2010 онуудад төв замын 10 гаруй км замын 8000 м2 талбайд нөхөн сэргээлт хийж засварласан ба ОХУ-ын Чита хотын нэрэмжит 600м, Агын Буриадын Автономит тойргийн нэрэмжит 800 м, Худалдаачдын гудамжны 540 м, Хивсний гудамжны 500 м бетонон зам, Нисэхийн чиглэлд 1,9 км замуудыг шинээр тавьсан юм.
Чойбалсан хотын хэмжээнд тохилог орон сууц 53 байна. Орон сууцны хангамжийн хувьд сумын нийт 11.0 мянган өрхийн 3.9 нь амины сууцанд, 4.0 нь тохилог орон сууцанд, 2,1 нь гэрт амьдарч байна. Нийт хүн амын 48,9 хувь нь дулаан, цахилгаанытөвлөрсөн системд холбогдсон тохилог орон сууцанд амьдардаг.
Чойбалсан хотын цэцэглэн хөгжих үйл явцын хурдцад гадаад харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт чухал байр суурийг эзэлсээр ирсэн. Мөнхийн хөрш ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар (Чита хот, Агын Буриадын Автономит тойрог), БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Манжуур, Хайлаар хот, Шинэ барга баруун, зүүн хошуу, Хянган аймгийн Рашаан хот болон Австри улсын Кернтен мужийн Ферлах хотынхон манай хотыг хөгжин дэвжихэд их хувь нэмэр оруулсан.
Тус хотод 2009 оны жилийн эцсийн байдлаар хөдөлмөрийн насны 27,5 мянган иргэнээс 10,1 мянга нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Манай сум 122057 толгой малтай, үүний 9.5 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын мал, 90.5 хувийг иргэдийн мал эзэлж байна.
Одоо Ерөнхий боловсролын төрийн болон хувийн 12 сургуульд 9039 суралцагч, 10 цэцэрлэгт 1810 хүүхэд боловсрол эзэмшиж байна.
Мөн Дорнод Монголын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шаталсан сургалттай Техник технологийн сургуульд 2500 гаруй оюутан суралцаж, зүүн бүсийн хэмжээнд багш, орчуулагч, нийгмийн ажилтан, барилга, хөдөө аж ахуйн болон бусад мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж байна.
Түүнчлэн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг маршал Х. Чойбалсангийн нэрэмжит олон улсын Нисэх онгоцны буудал, Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасаг, Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК, "Дорнод НАА” ХХК, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Гаалийн газар, Дорнод Монголын Дархан газрын захиргаа, Хүнс, барааны болон мал, амьтны гаралтай түүхий эдийн төрөлжсөн захууд ажиллаж байна.
Санхүү үйлчилгээний чиглэлээр Монгол банкны Дорнод дахь салбар болон арилжааны 6 банк, банк бус санхүүгийн 5 байгууллага, худалдаа үйлчилгээний 800 гаруй цэг, салбар хүн амд үйлчилгээ үзүүлж байна.
Чойбалсан хот маань хот, улс хоорондын мэдээлэл дамжуулах байгууламж болох сансарын холбооны VSAT систем, NEAXT -61 Е-10 системүүдээр дамжин дэлхийн бүх улс оронтой холбогддог. Үүрэн телефоны Мобикомын салбар 2003 оны 12 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд Скайтел, Юнитель, Жи Мобайл зэрэг салбарууд орж ирсэн байна.
Чойбалсан хот нь хүн ам, эдийн засаг, нийгэм, оюуны төвлөрөл болсон, улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хүн ам, хөгжлөөрөө Монгол улсынхаа эхний 4 дүгээрт багтдаг хот билээ.
Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төрөл бүрийн эх үүсвэрээр орон сууцны барилга, хот байгуулалтын өнөө үеийн шаардлага хангахуйц олон тооны бизнес үйлчилгээний төвүүд баригдаж, иргэд, ААН, байгууллага бүр бүтээлчээр ажиллаж хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Үүний үр дүнд 2007 онд Чойбалсан хот маань "Бүтээлч хот”-оор, Чойбалсан хотын "Таван чадан” ХХК-ийн Чадангууд цогцолборын барилга улсын "Шилдэг барилга байгууламж”-аар шалгарч байсан.
Хотын хөгжлийн эдийн засгийн үндэс өнөөдөр:
1. Адуунчулууны нүүрсний уурхай нь жилдээ 600000 тн нүүрс гаргах хүчин чадалтай, нөөц нь 400 сая тн.
2. Цахилгаан ба дулаан үйлдвэрлэдэг ДБЭХС ХК нь 95 МВт-ын хүчин чадалтай. Одоогоор энэ компани нь Чойбалсан хотыг дулаан, цахилгаанаар хангахаас гадна Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, мөн тус аймгийн зарим сум, өөрийн аймгийн 10 сумдыг цахилгаанаар хангаж байна. Төмөртэйн овооны цайрын орд, Улааны болон Цавын холимог металлын ордыг эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг.
З. Цэвэр усан хангамж, ариутгах татуурга, нийтийн ахуйн үйлчилгээг хариуцдаг "Дорнод НАА” ХХК, хог цэвэрлэгээ, орчны тохижилт хариуцдаг "Чойбалсан хөгжил” ОНӨҮГ, гэрэлтүүлэг, реклам чимэглэл хариуцдаг "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ зэрэг орон нутгийн өмчийн байгууллагууд тус тус үйл ажиллагаа явуулж, хотын хүн амын цэвэр, аюулгүй орчинд ая тухтай амьдрах, амьдралын чанарыг сайжруулах зорилтыг хангаж байна.
4. "Дорнод гурил” ХК-ийн Гурилын үйлдвэр жилд 8000тн гурил, 6000тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар жилд 4000 тн гурил, 2000 тн тэжээл үйлдвэрлэж байгаа ба газар тариалантай хослуулах бодлоготой ажиллаж байна. Энэ жил тус компани 600 га-д усалгаатай газар тариалан эрхлэх байгууламж, системийг ашиглалтад оруулсан юм.
5. Махны үйлдвэрлэл худалдааны "Дорнод” ХК нь 1970 онд ашиглалтад орсон ба тус үйлдвэр нь хоногт 240 бод, 3000 бог нядлах хүчин чадалтай, 2000 тн мах хадгалах зоорь, малын арьсанд анхан шатны боловсруулалт хийх 6 цех, хиамны цехтэй юм. Одоогоор хүчин чадлынхаа 20 хувийг ашиглаж байна. "Дорнод мах” ХК-ийн суурин дээр "Дорнод мах маркет” ХК 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд 2008 оны байдлаар чанар технологийн шаардлага хангасан 201.3 тн үхрийн мах, 104.6 тн адууны мах хүнсний хэрэглээнд бэлтгээд байна.
6. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жилээс жил нэмэгдсээр байна. Жишээлбэл: Одоогийн байдлаар "Улз ус” ХХК цэвэр усны дэвшилтэт техник, технологи, сав, баглаа боодлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, МУ -ын стандарт 5007:2003 шаардлагыг ханган, цэвэршүүлсэн усыг жилд 3.6 тн үйлдвэрлэж, зүүн гурван аймгийн цэвэр усны хэрэгцээг хангаж байна.
"Их чулуут” ХХК – ийн мал нядалгааны төвлөрсөн цэг нь мах, дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг 8858.2 тн үйлдвэрлэн, махны худалдааны төвлөрсөн цэгүүдийг болон хүн амын махны хэрэгцээг хангаж байна.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт "Найнги”, "Дорнын тал”, "Түшнээ” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж, дотоод зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Мөн Бизнес инкубатор буюу иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих төв нь үйлдвэрлэл эрхлэхээр сонирхож буй иргэд, байгууллагуудад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, шаардлагатай байр, тоног төхөөрөмжөөр хангах, иргэдэд туршлагаа харилцан солилцох, хамтран ажиллах боломжийг олгодог бөгөөд төвийн хүрээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг цех 3, зайрмагны үйлдвэрлэл эрхэлдэг цех 1, нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг цех 2, нийт 6 цехэд 24 хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
Чойбалсан хот орчимд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, Хэрлэн голын сав нутагт эрчимжсэн газар тариалан хөгжүүлэх, уул уурхайн болон барилгын материалын үйлдвэрлэлийн эхлэлүүд тавигдаж, амжилттай ажиллаж байна.
Зүүн бүсийн төв-Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тусгасан. Үүнд:
- Бүсийн чанартай Засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа нь төвлөрч ажиллана.
- Олон улсын худалдаа, бараа солилцоо, гаалийн баталгаат агуулахын бүс бий болгоно.
- Бөөний худалдааг хөгжүүлэх бөөний сүлжээний төв нь бүсийн тулгуур төв дээр үйл ажиллагаагаа явуулна.
- Бүс нутагт жилд бэлтгэгдэх малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах арьс шир, мах боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Чойбалсан хотын мах комбинат, ноос, оёдлын үйлдвэрүүдийг түшиглүүлэн байгуулна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг экспортод гаргана.
Үйлдвэрлэлийн бус орчинд саланги ажиллаад амжилтад хүрэхгүй байгаа жижиг аж ахуйнуудыг үйлдвэрийн районд төвлөрүүлэх бүрэн боломжтой боловч түүнийг зохион байгуулах нэгдсэн зохион байгуулалт, хөрөнгө дутагдаж байна. Иймд эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зохион байгуулалттай бодлого боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалттай орчинд нь жижиг, дунд үйлдвэрлэлийг төвлөрүүлж, санхүү эдийн засгийн дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэл технологийн парк бий болгох нөхцөл бүрдсэн. Зах зээлийн эдийн засгийн хот төлөвлөлтийн жишгээр хүн амын ая тухтай ажиллаж, амьдрах орчин үеийн шинэ үйлдвэрлэлийн парк байгуулах, үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оруулах, эдгээрийг зөв зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх боломжоор хангагдана.
- Мөн одоо ажиллаагүй зогсонги байдалд байгаа хивс, тоосгоны үйлдвэрүүдийн байранд тухайн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийг төвлөрүүлж, техник технологийг шинэчлэх, зах зээлийн удирдлагаар хангаж, уналтанд орсон үйлдвэрлэлийн баазаа сэргээж, бизнесийн тааламжтай орчинг бүрдүүлнэ. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, ашиглалтгүй дэд бүтэц, барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн маркетинг, менежментийн шинэ орчинг бий болгох ач холбогдолтой юм.
- Адуунчулууны уурхайд нүүрс олборлолт хийж, өөрийн аймгийн болоод хөрш зэргэлдээ аймгуудын түлшний хэрэгцээг хангахаас гадна экспортод нүүрс гаргана.
- Цахилгаан эрчим хүчийг төвийн системтэй холбогдож, ӨМӨЗО-ны аймгуудад эрчим хүч экспортлоно.
- Чойбалсан хот орчимд – махны чиглэлийн улаан, мах-сүүний чиглэлийн Казакийн цагаан толгойт, симментал үүлдрийн үхэр, /Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан сумд/, махны чиглэлийн үзэмчин, барга хонины /Цагаан-Овоо, Сэргэлэн, Хэрлэн сумд/ эрчимжсэн мал аж ахуй хөгжинө.
- Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах ба мах, сүү боловсруулах дунд хүчин чадлын үйлдвэрүүд байгуулж, тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан аймгийн хэрэгцээг хангана.
- Түмэн голын бүсийг хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын "Түмэн гол”, "Азийн аялал”-д хамрагдах, зохион байгуулах жуулчлалын төвийг ажиллуулна.
- Бүсийн хэмжээнд мэргэжил эзэмших тодорхой хэрэгцээг хангах их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиуд болоод сургалтын төв төвлөрнө.
- Төлөвлөлтийн хугацаанаас цаашид Чойбалсан хот нь Хэрлэн голынхоо 2 эргийг дагаж хөгжинө. Одоо балгас болсон оросын цэргийн хотхоны сууриуд дээр орчин үеийн шинэ хотын төлөвлөлт хийгдэх болно.
Чойбалсан хот нь хотын барилгажсан дэвсгэр газрын хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ болох байгаль экологийн хүчин зүйлсийн үнэлгээгээр "тохиромжтой”, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн үнэлгээгээр "тохиромжтой”, архитектур-орон зайн төлөвлөлт, ландшафтын хүчин зүйлсийн үнэлгээгээр "хязгаарлагдмал тохиромжтой”гэж дүгнэгдсэн ба дээрх 3 бүлгээр нэгтгэн хот байгуулалтын иж бүрэн үнэлгээг гаргахад "тохиромжтой” гэсэн үнэлгээтэй гарсан байдаг.
Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хүн амын хэтийн төлөв, хөдөлмөрийн нөөц, нийгмийн дэд бүтэц, архитектур орон зайн төлөвлөлт, хотын цэцэрлэгжилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэргийг удирдлага болгон цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, төслүүдэд хамрагдан хот төлөвлөлтийн шийдлүүдийг мөрдөж ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих