Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин "Алтан-дорнод Монгол"
компанийн захирал Т.Ганболдын "NRI" компанийн "Голомт" банкаар дамжуулан
хийсэн дервөн сая ам.долларын гүйлгээг цахим хуудсаараа дамжуулан
түгээсэн нь олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор
"Эрдэнэт" үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа
болон "Голомт" банкны гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар өчигдөр тайлбар
хийлээ. Ч.Бямбаа даргын хувьд гүйлгээ хийх үед "Алтандорнод Монгол"
компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм байна. Тэрээр ийнхүү
ярилаа.
"Миний хувьд өмнө нь С.Паушокийг "Алтандорнод Монгол" компанийн захирлаар ажиллаж байхад тэргүүн дэд
захирал
нь байсан. Тухайн үед С.Паушок Арбитрын шүүхэд ялагдаад Монголд үйл
ажиллагаа явуулахад хүнд болчихсон байсан. Тэр үед С.Паушоктой танилууд
байсан болохоор надад хандаж "Алтандорнод Монгол" компанийг монгол хүн
удирдаж, татварын болон бусад байгууллагуудтай харилцаж явах нь зөв юм
байна" гээд 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд итгэмжлэл хийж өгснөөр
тэргүүн дэд захирлаар нь томилогдсон. Нэг ёсондоо Монголын Засгийн газар
С.Паушок нарын хооронд үүссэн үл ойлголцлыг шийдвэрлэтэл надад компаниа
удирдах эрх олгосон юм.
Удалгүй намайг Москвад дуудаж
уулзсан. Тэгэхэд С.Паушок "Би цаашид Монголд ажиллаж чадахгүй нь.
Засгийн газартай нь ч учраа олохгүй юм байна. Компаниа заръя" гэдэг
саналыг тавьсан.
Ямар нөхцөлөөр?
-Нэлээд
ярилцсаны эцэст төлбөрийн нөхцөлөө тохирчихвол компанид байгаа өр, актив
зэрэг бүх зүйлтэй нь заръя гэсэн. Тухайн үед би найз нөхөдтэйгөө
ярилцаад "Алтандорнод Монгол" компанийг үргэлжүүлэн ажиллуулж болох юм
байна гээд 23 сая ам.доллараар худалдаж авахаар С.Паушоктой гэрээ
хийсэн. Ингэхдээ эхний удаад хоёр сая ам.долларыг хурдан хугацаанд
шилжүүлэхээр тохирсны дагуу "Голомт" банкнаас хоёр сая ам.долларыг зээлж
шууд С.Паушокт төлсөн байдаг. Ингээд ажил цаашаа явсан. Гэтэл ШШГЕГ-аас
өрөө гүйцээж төлөхийг шаардаж эхэлсэн. Хоёрдугаарт, татварын албатай
гурван жилийн хугацаанд өрөө барагдуулъя гэж тухайн үеийн Баттөмөр
даргатай ярьсан ч үр дүнд хүрээгүй. Тэгэхэд Баттөмөр дарга хууль гаргаж
ирээд "өр барагдуулах хугацаа 75 хоног байдаг юм" гээд халгаагаагүй.
Үүнтэй зэрэгцээд УИХ дээр бөөн асуудал үүссэн. АН-ын нөхөр "Алтандорнод
Монгол"-ыг авчихлаа. Цаана нь хэн байна гэх зэрэг шалтгаанаас
үүдэлтэйгээр ажиллахад хүндрэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, ажлыг нь
явуулахгүй байснаар бүх зүйл нь зогсонги байдалд орж эхэлсэн. Ийм
байдалтай байж байтал "Голомт" банкнаас авсан зээл нэхэгдсэн. Мэдээж
богино хугацаатай авсан болохоор төлөхөөс өөр аргагүй шүү дээ. Тухайн
үед "Голомт"-ынхонд учраа хэлэхэд өөр худалдаж авах сонирхолтой хүн
байвал худалдах замаар зээлээ хааж болно гэсэн санал хэлсэн. Миний хувьд
ч үйл ажиллагаа нь зогсонги байдалд орчихсон, дээрээс нь улс төр орсон
компанийг ажиллуулахад хэцүү юм байна гэж.үзсэн. Тэгэхэд өөр нэгэн
компани орж ирж гэрээ байгуулсан нь одоогийн яриад байгаа Т.Ганболд
байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, "Голомт"-д арай илүү гэрээний нөхцөлийг
санал болгохын хажуугаар С.Паушоктой очиж уулзаад "Алтандорнод
Монгол"-ыг худалдаж авсан байдаг.
-Х.Тэмүүжин сайдын дэлгэсэн төлбөрийн гүйлгээ ямар учиртай юм бэ?
-Миний
С.Паушокт төлсөн мөнгийг буцаагаад Т.Ганболдын компани төлсөн байдаг
юм. Мэдээж төлбөрийг нь төлж байж гэрээгээ хийнэ шүү дээ. Гэтэл энэ
төлбөрийг нь өөр зүйлтэй холбож яриад байгаад би гайхаж байна.
Хоёрдугаарт, үүний цаана авлига байна гэж яриад байгаа. Тийм зүйл огт
байхгүй. Энэ бол цэвэр бизнесийн тэр дундаа хоёр компанийн хооронд
болсон өгөө аваа. Нэг ёсондоо "Алтандорнод"-ыг Т.Ганболдын компани
худалдаж авсан гэсэн үг. Тиймээс энэ бүх зүйлийг шалгаж үзнэ гэвэл бүх
анхан шатны баримтууд нь нээлттэй. Би сая "Голомт" банкаар орж бүх
баримт бичгээ гаргуулж авсан. Тухайлбал, 2011 оны тавдугаар сарын 11-нд
"Голомт" банкнаас авсан хоёр ам.долларыг шууд С.Паушок руу шилжүүлсэн
байгаа юм. Дараа нь 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд хоёр сая
ам.доллар Т.Ганболдын компаниар дамжиж буцаад манай компанийн дансанд
орж ирэхэд нь "Голомт" банк зээлээ шууд суутгаад авсан байдаг.
Т.Ганболдын хувьд С.Паушокт 19 сая ам.долларыг төлсөн байдаг. Үлдсэн
дөрвөн сая нь миний төлж байсан зүйлийн үлдэгдэл. Түүнийг л надад
эргүүлж төлсөн. Ийм зүйл болсон.
-С.Паушокийн зүгээс төлбөрийн баримтыг ил болгосон гэх яриа байгаа?
-Мэдэхгүй байна.
-Ерөнхий
прокурор Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд болох гэж байгаатай
холбоотойгоор дээрх баримтыг дэлгэсэн гэж яриад байгаа шүү дээ?
-Д.Дорлигжав
даргын өвөөг нь Чангаа гэдэг юм билээ. Үүнийг би сүүлд олж мэдсэн.
Манай аавыг Чангаа гэдэг. Үүнээс үүдэлтэйгээр Д.Дорлигжавын дүү гэж
ойлгосон юм шиг байна лээ. Гэхдээ Д.Дорлигжав даргын өвөө нь миний аав
байж болохгүй биз дээ. Би Д.Дорлигжавыг танина. 1990 оноос МоАХ-нд цуг
явж байсан. Хоёр ч удаа Увс аймагт нэр дэвшиж байсан. Энэ утгаар нь
намайг хардсан байж магадгүй.
"Голомт" банкны гүйцэтгэх захирал Д.БАЯСГАЛАН:
-Миний
хувьд тухайн үед "Голомт" банкны ТУЗ-ийн дарга байсан. Гэхдээ ямар
нэгэн байдлаар компанийн бизнесийн нууцтай холбоотой асуудлыг ярихыг
хүсэхгүй байна. "Алтан-дорнод Монгол"компани Арбитрын шүүхэд ялагдсаны
дараа нэлээд олон монгол компаниуд худалдаж авах тухай асуудлыг
С.Паушоктой шууд болон шууд бус утгаар нь ярьж байсан. Тухайн яагаад
"Голомт" банк чухал байсан гэхээр "Алтан-дорнод Монгол"-ын бүх лиценз,
өмч хөрөнгө "Голомт"-ын барьцаанд байсан. Мөн манай банкны томоохон
харилцагч байсан. Тухайн үед бидний зүгээс "Алтан-дорнод Монгол"-ыг
худалдаж авах хүн зээлийг нь заавал төлөх ёстой ганцхан шаардлагыг тавьж
байсан юм. Тэгэхэд Ч.Бямбаа захирлын компани худалдаж авах гэрээгээ
байгуулаад авсан. Дараа нь одоогийн яриад байгаа Т.Ганболд захирлын
компанид шилжсэн. Гэхдээ энд бизнесийн нууц, хоорондын тохирооны
асуудлыг ярьж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих ёс суртахууны эрх надад
байхгүй. Сонирхол ч байхгүй. Яг одоогийн үүсээд байгаа зүйлтэй
холбогдуулж ярихад миний хувьд гайхаж байна. Ч.Бямбаа захирлын хэлсэн
төлбөрийн гүйлгээ даалгаврууд ямар замаар гарсныг нь мэдэхгүй. Хамгийн
гол нь, эдгээр зүйл нь арилжааны банктай холбоотой гүйлгээ байснаас ямар
нэгэн албан тушаалтантай холбогдсон гүйлгээ биш гэдгийг миний хувьд
хаана ч хэний ч өмнө хэлнэ. Хэрвээ зохих ёсны байгууллагууд нь шалгана
гэвэл бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Ер нь бизнесийн байгууллага
хоорондахь жирийн харилцааг ингэж дэвэргэх шаардлага байхгүй болов уу.
Миний хувьд тухайн үед "Голомт"-ын ТУЗ-ийн дарга байсан гэдгээрээ энэхүү
мэдээллийг хийж байна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих