Хувьсгалын өмнө барьсан хуруу дарам хэдхэн байшингийн нэг нь 1916 онд Сангийн яам байрлаж байсан 2 давхар шар байшин. Гаднаас харахад хуучирч муудсан эл байшин XIII хорооллын VI хороо, 21 дүгээр сургуулийн зүүн талд буй. "Сангийн шар" нэртэй эл байшингийн хажуугаар нь өнгөрөхөд цаанаа л нэг ёозгүй, муу энерги шингэсэн, гэж хавийн хүмүүсийн ярих нь олонтаа. Түүхээс үзвэл XX зууны Богд хаант Монгол Улсын үед Ерөнхий сайд асан, сайн ноён хан Намнансүрэнгийн санаачилгаар баригдсан аж.
"Сангийн яамны шар байшин сүг сүнс, чөтгөртэй" гэсэн ярианаас болоод хувь хүнд дуудлагаар зарсан гэх. Ямар замаар хувь хүн уг байшинг газартай нь өөрийн болгосныг чөтгөр бүү мэд. Авсан эзэн нь 2008 онд байшингийн хур хогийг зөөж гаргаад, манаач Даржаа гэх эрийг томилсон аж. Учир нь балгас болтлоо нурсан байшинд тэнэмэл хүмүүс хоноглож, тэр бүү хэл 2001, 2004, 2007 онд зүй бусаар хүмүүс нас баржээ. Анхны тохиолдол ч нь тус байр нийтийн орон сууц байхад. Эхнэртэйгээ муудсан Ц гэх залуу өөрийгөө хоёрдугаар давхрын шатны хөндлөвч модноос боомилон хороосон юм. Үүний дараа 2004 онд 21 дүгээр байранд амьдардаг 53 настай Г гэх ганц бие эмэгтэй "Сангийн шар" байшинд бусдад хүчиндүүлэн үхсэн. Хүчингийн хэрэг үйлдэж, талийгаач Г-гийн амь насыг хөнөөсөн хүмүүс одоо ч олдоогүй аж. Харин 2007 оны намар орон гэргүй тэнэмэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн архи согтууруулах ундаа их хэмжээгээр уусны улмаас хоёулаа амь насаа алджээ өнөөх хуучны байшинд. Гадны нөлөөгүй үхсэн 35-40 насны хоёр тэнэмлийг таних мэдэх хүн гарч ирсэнгүй. Нэг хэсэг телевизээр зарлаад эцэст нь цагдаа нар хаа нэг газар оршуулсан бололтой. Хувийн эзэмшилд очсон байшинг эзэд нь цэвэрлэж, ойр хавийн хог новшийг зөөгөөд байшингийн нэг өрөөг засаж сэлбэн манаачдаа хүлээлгэж өгчээ. Даржаагийн хувьд бурхан шашин шүтдэггүй, залуудаа атаман нэгэн байсан гэж өөрийгөө ярьдаг, нэлээд зүрх зоригтой эр байлаа. Нас тавь шахсан эр боломжийн цалин өгнө гэсэн болохоор" хуучин байшингаас цэрвэж сэжиглэсэнгүй уухайн тас зөвшөөрчээ. Даржаагийнх Дарь-Эхэд байдаг болохоор мань эр нохойгоо авчирсан гэдэг. Эхний сар байшинд хоног, төөрүүлэх гэсэн траншейны тэнэмэл, ганц нэг шилш "Гомбоо" хувааж уух гэсэн архичидтай хөөцөлдсөөр ажирахгүй өнгөрөв.
Хожим байшингийн хажуугаар яваа хүмүүс хашаанд орж ирээд морь харах, бааж шээхээс өгсүүлээд Даржаад нэлээд хүндрэл учруулжээ. Мань эр нас тавь шахсан ч нэлээд биерхүү, нүүр нь зодоон цохионы улмаас нэл шарх сорвины ул мөр үлдэж, бас хүнгэнэсэн дуутай нэгэн байсан болохоор хэн ч харсан сүрдэнэ. Бас манаачийн ганц хань болох хар алаг нохой хашаа руу ойртсон болгон руу боргож сүр хүчийг илтгэнэ. Манаа хийсний ачаар хоёр сар өнгөрөхөд "Сангийн шар" байшин руу ойртох зоригтон гарсангүй. Байшин эл хуль, цаанаа нэг уйтгартай. Даржаагийн хувьд ажил нь цэгцэрч хийх ажилгүй уйдах шинжтэй болоод явчихав. Өдөржин, "Чейз" зохиолын цуврал уншиж, хариуцсан обьектоо нүдний цөцгий мэт манаж суулаа. Нэгэнт тог нь тасарсан харанхуй өрөөнд гал түлж дулаацна. Бас хоол цайгаа хийж идээд хэвтэж байхад Даржаа уйдах шинжтэй. Мань эр архийг олдвол уучихдаг, байхгүй бол хайгаад явдаггүй, тийм хэнэггүй нэгэн байж. Намрын тэр орой XIII хорооллын хүнсний захаас идэж уух юмаа цуглуулчихаад харьж явахад зүс таних хүүхэн "Сайн уу ах аа?" хэмээн угтав. Тэр хүүхэн ойролцоогоор гуч орчим насны хүүхэн байсан бөгөөд царай зүс бие галбирын хувьд дажгүй санагдав. "Та харуул манаагаа хийгээд уйдаж сууна уу. Надад гуя байна. Хоёулаа ганц шил архи хувааж уух уу" хэмээн архи ханхлуулан өгүүлжээ.
Даржаагийн эхнэр одоогоос таван жилийн өмнө бурхан болсон учир мань эр бариу зөрүүн дээр элдэв шалдав хүүхэнтэй энгэр зөрүүлэхээс ер төвөгшөөхгүй. Өчигдөрхөн цалингаа авсан овоо хэдэн төгрөгтэй явсан болохоор манаач "Ганц шил архи аваад манайд очъё. Чи өөр хүн дагуулж яваагүй биз" гэж түс тас хэлжээ. Хүүхэн мөрөө хавчиж "Би ганцаараа явна" гэсээр Даржааг дагасан байна. Тэр хоёр нэг шил архи, 2 шил шар айраг аваад манаачийн гэрт ирэв. "Өөрийгөө Туукаа" гэж танилцуулсан хүүхэн шартаж үхэх шахсан нэгэн бололтой авчирсан архинаас хоёр хөнтрөөд хамаг хөлс нь сад тавин яриа нь олшроод ирэв. Архи, шар айргаа хувааж уусан Даржаа ч өнөөх хүүхнийг татаж чангаасан нь ойлгомжтой. Хаалгаа дотроос нь түгжиж байгаад Туукаагийн хамаг хувцсыг тайчин өөрийнхөө хөвчирсөн илдийг ичимдэг рүү нь зоогоод үнэгэн шогшоогоор намуухан бүлж эхлэв. Тэгтэл хаалгыг нь хэн нэгэн хүчтэй балбаж, цонхных нь цаанаас "Болиоч ээ чи, ямар муухай бүдүүлэг эр вэ?" гэх дуу сонсдов. Даржаа өмд, цамцаа хальт углаад цонхоор шагайвал хэн ч алга. Хаалгаа нээгээд гар чийдэн тусгаж нэгдүгээр давхрын бүх өрөөгөөр ороод тэнд хэн ч байсангүй. "Муусайн тэнэмэлүүд л биз" гэж хараал урсгасан манаач эргэн орж ирээд Туукаатай загас усаа наадуулж яг дур тавихын алдад дахин хаалгыг нь хүчтэй балбаж эхэлсэн байна. Сексийн ажлаа гялс дуусгасан Даржаа хараал урсган төмөр труба гартаа атгаад гарчээ. Гэвч дээд, давхар, хашаанд амьд амьтан алга. Эргээд орж ирвэл Туукаа хамаг хувцсаа өмсчихсөн "Сая чамайг дээшээ шатаар өгсөхөд хажуугийн хаалганаас хэн нэг хүн гарч ирээд нусаа хүр хийтэл нийчихээд буцаад орчихлоо. Энэ шар байшинг сүнстэй гэсэн үнэн юм аа. Би явахгүй бол горьгүй" гэж цухалдан хэлээд гарч оджээ. Тэр шөнө архиндаа цохиулсан Даржаа нам унтаад өглөө 7 цагийн үед сэрэв. Тэгтэл яг хажуугийн өрөөнд хэн нэгэн "Бор борын бялзуухай" гэдэг уртын дууг шуранхайллаа. Цаана нь хүмүүсийн тас тас хөхрөх, мөн сампин час няс цохих чимээ сонсдоно.
Бодолдоо уяатай нутаг минь ботгон нулимстай
Бор
борын бялзуухай тэнгэрийн амьтай гэхийг сонссон Даржаа орноосоо өндийж
хажуугийн өрөөнд оров. Байшингийн адар нэл шороо тоос, хана баганы
хооронд аалзны тор хэрсэн тэрхүү түнэр харанхуй өрөөнд амьд хүн байна
гэхийн аргагүй. Тэгээд энэ уртын дуу хаанаас гарч, манаачийн чихний
хэнгэргийг цоолтол сонсогддог билээ. Тэр өдөр Даржаа өөртөө хариулт
олсонгүй. Хоёр хоногийн дараа өдрийн хоолоо хийж идчихээд гадагш гарч
тамхилав. Тэгтэл хоёр давхрын онгорхой цонхон дээр жаахан охины төрх
харагдаад далд оржээ. Хэн байдаг билээ гэж манаач яаран дээш гарвал
хоёрдугаар давхрын хамгийн арын өрөөнд баян хуур хөгжмөөр "Манжуурын
толгойд"-ыг ёстой л хөл дэвсээд бүжиглэмээр уран гоё тоглож байлаа.
Мухрын өрөөний хаалгыг ганц мөрлөөд орвол тэнд хов хоосон. Дараагийн
өрөөнд ороход тэнд батгана хошуугаа чихэх аргагүй хар цаас, барилгын
материал, мод, төмрийн хаягдал гэх мэтийг чихжээ. Гэнэт манаачийн ард
сүрдхийх чимээ гаран тэр эргэн харав. Ойролцоогоор 8-9 настай болов уу
гэмээр уйтгартай шаргалдуу царайтай, үсээ мэлзийтэл самнаж, улаан хөх
тууз уясан охин. Ер нь насыг нь тодорхой хэлэх боломжгүй. Магадгүй 12,
13 настай байж ч мэднэ. Яагаад насыг нь хэлэх боломжгүй гэхээр тэр охин
соц үеийн дал, наян оны хувцастай байж. Тэгмэгц Даржаагийн хэл татчихав
уу гэмээр, охин алгуурхан гишгэсээр түүний өөдөөс дөхлөө. Эхлээд охинтой
харц мөргөлдөхөд манаач эрийн бие арзас арзас хийгээд, хөл нь даагдахын
аргагүй хүндрээд явчихав. Охины нүд амьгүй мэт ямар ч галгүй, хоосон
эсвэл шилэн нүдтэй эсвэл туулайных шиг цэлгэр. Түүний махан биен дотор
ямар нэг сүнслэг амьд зүйл, гал дөл алга. Яг хов хоосон хонгио мэт.
Ойртох тусам охины биеэс өвөрмөц сонин үнэр ханхийлээ. Олон жил
уудлаагүй авдрыг онгойлгоход нэг тийм үнэр сэн хийдэг дээ. Яг хажуугаар
нь зөрөх агшинд охины биенээс ханхийх эхүүн үнэрийн цаана арц хүчний
үнэр шингэсэн ахуйг Даржаа анзаарчээ. Түүнээс нэлээд холдож доод давхар
луу буудаг шатны хажууд ирсэн манаач эргэн харвал хэн ч байсангүй.
Өрөөндөө ороод аймаар ядарч туйлдсан, бас муу бакель гутлаа тайлах
тэнхэлгүй болсноо мэдэрчээ.
Хожим Даржаа үл таних охины хувцсыг
нэгд нэгэнгүй ой тойндоо бичиж авсан бөгөөд цэмбэн материалаар хийсэн
мөрөвчтэй банзал нь энгэртээ олимпийн Миша баавгайны зурагтай, ялимгүй
хэр суусан цагаан ноосон трико, цэцэгтэй даавуун цамц, хамгийн
хачирхалтай нь "Заря" үйлдвэрийн урт түрийтэй саарал гутал. Хуучин
цагийн тийм хувцсыг одоо олоод ир гэвэл Монголд лав байхгүй. Үүнээс хойш
Даржаа манааныхаа албыг гүйцэтгэхдээ айдас хүйдэс дунд өнгөрөөх болов.
Айсанд хүнд аргал хөдлөхийн үлгэрээр мань эрийн нүдэнд том хар хятад
сампин барьсан отго жинстэй ноён хүртэл зурсхийн харагдсан гэнэ. Дараа
нь улаан цэргийн офицер, бас цагаан дугуй малгай духдуулсан урт гэзэгтэй
бошгийг халагч хүүхэн, драпан пальто, тарваган малгай өмссөн жар далаад
оны дарга байрын төрхтэй хэдэн эр ч байшинд үзэгдэх болжээ. Даржаа
угийн хуйхтай эр байсан тулдаа шүд зуусаар нэг жилийг өнгөрөөгөөд
эзнээсээ амралтын мөнгөө аваад тэр чигээрээ арилж өгсөн гэдэг. Манаагаа
хийж явахдаа мань эр хүрэмнийхээ халаасанд тайвшруулах эм, зүрхний
дусаалга байнгын авч явсан тулдаа арай ч галзуурч солиорсонгүй хүндхэн
шиг нэг жилийг үдээд дахиж манаагаа хийхээ больжээ.
ОДОО ЦАГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих