"UBU” их сургуульд түүхийн багш нарт зориулсан Солонгосын түүхийн сэдэвт уулзалт болов. Энэ үеэр тус улсаас ирсэн уран зургийн түүх, хадны сүг зураг судлаач, доктор Чжан Со Хо-той ярилцлаа.
-Монголын түүхийн багш нарт Солонгосын түүхийг хэрхэн заах ярилцлагыг зохиожээ. Түүхийн багш нартай ярилцаж байхад Монголын багш нар Солонгосын түүхийн талаар хэр үнэн зөв мэдээлэлтэй байна?
-Бид "Юу Би Юу” их сургууль /хуучнаар Улаанбаатар их сургууль нэрээ сольж ийм нэртэй болжээ/ дээр Солонгосын түүхийн сэдэвт гурван өдрийн семинарыг амжилттай зохиолоо. Солонгосын түүхийн мэдлэг, ном сурах бичигт байгаа мэдээлэл үнэн зөв эсэхийг үзлээ. Сурах бичигт байгаа мэдээллийг харахад агуулгын хувьд хангалттай бус дутуу санагдсан. Мөн 1970-1980 оны түүхийг л багтааснаас бус орчин цагийн болон өнөөгийн түүхийн талаар ямар ч мэдээлэл байсангүй.
-Уулзалтад оролцсон багш нараас Солонгосын түүхийг онцолж судалдаг багш байв уу?
-Миний хувьд Монгол, Солонгос судлалын холбоог байгуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хоёр орны хамтын ажиллагаанд юу хэрэгтэй байгааг бодож мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилласан. Үүний үр дүнд багш, оюутнуудын дунд олимпиад зохион байгуулсан. Ингээд олимпиадаас шалгарсан таван багш, таван оюутныг Солонгост урьж орчин цагийн болон түүхийн талаар ярилцсан. Энэ арга хэмжээг хоёр удаа зохиосон. Үүнд хамрагдсан багш, оюутнуудын хандлага ч сайн байсан. Гэхдээ жилд таван хүнийг Солонгосын түүхтэй танилцуулна гэдэг их цаг хугацаа орох юм шиг санагдсан. Гэтэл Монголын талаас нэг санал гаргасан нь Солонгост багш нарыг урихаас өөрөөр Монголд тухайн багш нарыг цуглуулж уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэж. Ингээд багш нарыг яаж цуглуулж, яаж хамруулах вэ гэдгээ бодсон. Гэтэл яг энэ үед "Юу Би Юу” их сургуулиас бидэнд Улаанбаатар хотноо дунд, ахлах сургуулийн түүхийн багш нарт ярилцлага зохиох боломжтой гэсэн санал ирүүлсэн.Ингээд Солонгосын түүхийн сэдэвт уулзалт ярилцлагаа амжилттай зохиолоо. Уулзалтад оролцсон оролцогчдоосоо таван хүнийг сонгож Солонгос авч явж ярилцсан зүйлээ бодит байдлаар үзүүлэхээр шийдсэн. Гэхдээ уулзалт ярицлагад оролцсон багш нараас Солонгосын түүхийг гүн гүнзгий судалсан, судалж байсан багш байсангүй.
Бид ярицлагадаа зөвхөн Солонгосын түүхийн талаар ярихыг гол болгосонгүй. Хамгийн гол нь хоёр орны харилцаа ямар байсан талаар түлхүү ярилцлаа. Монголын түүхэнд Бөртэ чоно Гоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний хөвөөнд нутаглав гэдэг. Тэгвэл Солонгост үүнтэй төстэй үлгэр домог, түүх бий. Үүнийг холбож ярих нь багш нарт нэлээд сонирхолтой байсан болов уу. Гүгэрёо улсын үед Кан Гэ Ту гэдэг хаан байсан. Тэр хааны үеийн чулуун дээр бичсэн түүх бий. Гэтэл энэ хааны үеэс 800 жилийн сүүлд Чингис хааны тухай, нүүдэлчдийн тухай бичсэн хадан дээрх бичээс одоо олдохгүй байна.Харин Кан Гэ Ту хааны тухай бичээс нь 1600 жилийн өмнө бичэгдсэн хэдий ч Солонгосууд эртнээс судалсан байдаг. Энэ талаар сургалтад суусан багш нарт ярьж өгсөн. Багш нар Монголын түүхийн талаар бодох, эргэцүүлэх юмтай болж байна гэж бодож байна. Энэ бол Солонгос хүн үүх түүхээ авч үлдсэн тухай ярьж байгаа зүйл биш юм. Зөвхөн бие биедээ хэрэгтэй юу хийж болох, бие биенээсээ юу сурах вэ гэдгийг ярьж байгаа юм. Сургалтад суусан багш нар бидний ярьсан илтгэлийг анхааралтай сонсч сурах, мэдэх гэсэн их хүсэлтэй байгаа нь анзаарагдлаа. Хамгийн гол нь бидний бэлтгэл хангалттай сайн байсангүй. Дараа дараагийн шатанд бид бэлтгэлээ улам сайжруулж ирнэ. Энэ бол бидний анхны оролдлого. Цаашид улам их зүйл хийх урам зориг авлаа.
-Таныг хадны сүг зураг судлаач гэж сонссон. Манайд Хүннүгийн үеэс эхлээд бүх л үеийн хадны сүг зураг байдаг гэж ярьдаг. Харин Солонгост байгаа хадны сүг зураг хэдий үеэс эхэлсэн байдаг вэ. Тэрхүү бичээс, зурагт юу өгүүлж, харуулсан байдаг бол?
-Хадны сүг зургийн хувьд Монголд чулуун зэвсгийн үеэс Түргийн үе хүртэлх хугацаанд бүтээгдсэн бичээсүүд байдаг. Хадны сүг зургийг түүх талаас нь үзэхэд аль үед бүтээгдэж вэ гэдгээрээ ялгаатай байдаг. Тухайлбал, чулуун зэвсгийн, төмрийн, Хүннү, Түргийн үе гэх зэргээр ялгаатай. Чулуун зэвсгийн үеийн хадны сүг зургаас тухайн үед амьдарч байсан зэрлэг ан амьтан, тэр үеийн хүмүүсийн дүр төрх ямар байсныг харж болно. Мөн чулуун зэвсгийн үе болон төмрийн үед ямар ялгаа байсныг харж болно.Мөн амьдралын хэв маяг нь хүртэл яаж өөрчлөгдөж байгааг харж болно.
Хүн төрөлхтөн дамжиж өнгөрсөн түүхийн үе шатуудын зарим нь хүний түүх бичлэгт үлдээгүй, хаягдчихсан байдаг. Үүнийг хадны сүг зурагнаас олж авч байна. Ингэснээр хадан дээр бичсэн сүг зураг, хадан дээр бичсэн ном, номгүй үеийн түүх гэсэн нэр томъёо гарч эхэлсэн. Энэ бүх үйл явцад түүх бичлэгийн өмнөх хүн төрөлхтний амьдарч байсан дүр зургийг тодорхойлж байгаа юм.
Хүн төрөлхтөн дэлхий ертөнц дээр 5-10 сая жилийн өмнө амьдарч эхэлсэн гэж үздэг. Гэтэл түүхээ бичиж ирсэн цаг хугацааг яривал дөнгөж хоёр мянган жил болж байна. Тэгэхээр ямар ч түүх бичиггүй долоон сая 800 мянган жил болсон байна. Үүнийг л хадны сүг зургаас тодорхойлж байна. Тиймээс энэ шинжлэх ухааны судалж байна.
-Монголтой харьцуулахад ямар байдаг бол?
-Монголын өргөн уудам нутагт энэ төрлийн түүхэн дурсгалт сүг зураг хадгалагдан үлджээ. Солонгост ч гэсэн сүг зураг бий. Гэхдээ Монголынх шиг их биш. Зарим нь маш сонин зургууд бий. Ялгааг нь харахад Солонгос бол далайгаар хүрээлэгдсэн хагас хойг. Харин Монгол далайгаас алс оршдог улс гэдгээрээ ялгардаг. Солонгосын сүг сурагт далайд завиар явж загас барьж байгаа, загасны зураг байх нь элбэг. Харин Монголын хувьд ийм зураг огт байдаггүй. Монголд харин аргал, буга зэрэг амьтны дүрс байх нь элбэг. Гэхдээ энэ хоёр улсын сүг зургийг харьцуулж судална гэдэг хэцүү.
-Хүн төрөлхтөн үүсч бий болохдоо газар нутгаар хуваагдаагүй байсан гэж ярьдаг. Тэгэхээр хадны сүг зургийг судлахад энэ байдал илэрдэг үү?
-Хамтын ажиллагааны хэлхээ холбоо, бүс нутгийг харьцуулж харвал нийтлэг соёлын хэв шинж гарч ирэх ёстой. Түүхээ бичиж эхэлсэн буюу төмрийн үед хар далайгаас нүүдэл ирсэн байдаг. Монголоор дамжин Солонгосын хойг хүрсэн байдаг. Энэ үеэс өмнө адууг төдийлөн уналагад ашигладаггүй байсан байгаа юм. Харин төмрийн үед адуу ашиглаж ирсэн байх жишээтэй. Учир нь төмөр ашиглаж эхэлснээр төмрөөр амгай хийж морийг хазаарлаад унадаг болсон байна. Энэ бол улс хоорондын хэлхээ холбоог түргэтгэж өгсөн. Яагаад гэвэл морь унадаг болсноор зам туулах чадвар нэмэгдэж, хугацаа нь богиноссон байна. Тиймээс өрнө дорнын хооронд хүртэл хэлхээ холбоо тогтсон байна. Энэ үйл явцад хувцас хэрэглэл, загварыг бие биедээ дамжуулсан байгаа юм. Ингэж явсаар Хүннүгийн үед энэ харьцаа хамаагүй түргэссэн байгаа юм. Энэ үйл явцад Солонгосын хойгийн соёл болон Монгол нутаг дэвсгэрт байсан соёл төстэй болж ирсэн.
Ховд аймгийн Алтай суманд Ямааны ус гэх газар бий. Тэнд байдаг сүг зурганд гардаг морин тэрэг нь Когүрёогийн үеийн сүг зурагтай төстэй. Тэр бүү хэл тухайн цаг үеийн Казахстан, Сибирь, Солонгос, Хятад зэрэг улсын хадны сүг зургийн хэлбэр, загвар нь ижилхэн.Тэгэхээр энэ зураг, бичээсийг хараад тэр үед тухайн улс хамтын ажиллагаатай байжээ гэж тодорхойлж болно. Ингэснээр Хүннүгийн үед хүмүүс хэрхэн харилцаж байсныг таамаглах боломжтой болж байгаа юм. Гэхдээ хар далайгаас эхлээд дундад Ази, Сибирь, Солонгосын хойг хүртэл соёл нь ижил. Гэтэл тэр үеийн соёл Хятадад байдаггүй.
Бид энэ чиглэлийг өргөн хүрээнд судалж байгаа учир нь ийм дурсгалт зүйлүүдээр дамжуулж соёлын харилцааг төсөөлөх, таамаглах боломж гарч ирж байгаа юм. Хятад бол тариачны соёл. Монгол бол нүүдэлчдийн соёл. Тэгэхээр Солонгос нь газар тариалангийн соёлд илүү ойр байж уу эсвэл нүүдэлчдийнхээ талд ойр уу гэдэг асуудал гарч байгаа юм. Солонгосын соёлд Хүннүгийн болон умардын соёл их нөлөө үзүүлсэн гэх дүгнэлт хийж болохоор байгаа. Харин нэлээд сүүлд буддын шашин орж ирсэн байдаг. Энэ үеэс эхлээд умардын соёлын нөлөө багасч ирсэн. Энэ үеэс Монгол Солонгосын соёлын холбоо буурч, бүдэгрээд эхэлсэн нь угаасаа харьцаа холбоогүй байсан юм шиг буруу сэтгэгдэл төрөх шалтгаан болж байгаа юм. Бидний судалгаа шинжилгээний ажлын зорилго бол хүн төрөлхтөн хэзээ бий болж, ямар хөгжлийн үйл явцыг дамжиж өнөөдөр аль хэсэгт ирээд байгааг мэдэх юм. Ингэснээр цаашид яах вэ гэдгийг төсөөлөх зорилготой.
-Та судалгааныхаа бүтээлүүдээс дурдаач?
-Би 1993 онд Монголд ирээд хоёр жил болсон. Энэ хугацаанд судалгаа хийж 1995 онд "Монголын хадны бичээс” гэх ном хэвлүүлсэн. Үүнийхээ дараа ОХУ-ын Санкт Петербургт таван жил сураад Оросын шинжлэх ухааын академийн харъяа материалын түүхийн хүрээлэнд судлаачаар ажилласан. Тэнд ажиллаж байхдаа Енисей мөрнөөс эхлээд Монгол, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг өргөн уудам газрыг багтаасан судалгааны ажил хийж докторын зэргээ хамгаалсан. Ингээд "Төв Азийн хадны зураг” гэсэн номыг Оросын ШУА, Солонгостой хамтран гаргасан. 2007 онд Монголын ШУА-ийн Архелогийн хүрээлэнгийн Цэвээндорж багштай хамтарч "Говь-Алтайн хадны зураг”, 2008 онд "Увсын хадны зураг”, 2009 онд Казахстаны хадны зураг, 2010, 2011 онд Киргизстаны хадны зураг гэсэн хоёр ном хэвлүүлсэн. 2012 онд Түүхийн хүрээлэнгийн Чулуун, Архелогийн хүрээлэнгийн Цэвээндорж багштай хамтарч "Алтайн соёл” номыг мөн гаргасан. 2013 онд хэд хэдэн эрдэмтэнтэй хамтарч"Алтай хязгаар” бүтээл гаргасан. 20 орчим эрдэм шинжилгээний өгүүллэг бичсэн. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон удаа оролцож байсан.
-Та манай улсын хэд, хэдэн аймгаар явж судалгаа хийсэн юм байна. Ер нь хадны сүг зураг аль аймгаас түлхүү олддог вэ?
-Монголын газар нутгийг баруун зүүнээр нь авч үзвэл өөр байна. Улаанбаатараас дорно зүг рүү явах тусам тосон будгийн зураг элбэг байдаг. Харин баруун зүг рүү явахаар хадны сүг зураг их бий. Гэхдээ энэ бүхнийг үлдээсэн хүмүүс нь өөр байдаг. Баруун тийшээ явах тусам хадны сүр зураг элбэг. Баян-Өлгий, Говь-Алтайд түлхүү их. Ер нь Баян-Өлгий аймаг нь Алтайн нурууны үргэлжлэл учраас тэр чигээрээ хадны бичээсийн өлгий. Хойд Алтай, Монгол Алтай, Хятад Алтайд хадны сүг зураг асар их. Одоо бид Алтайг хувааж ярьж байгаа. Тухайн үед хуваадаггүй нийт нэг л газар нутаг байсан. Ер нь Алтайн нурууг дагаад нэг соёл оршдог.
-Солонгосын түүхэн кинонд манайхан нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Монголын түүхийг буруу гаргаж байна гэдэг?
-Кино гэдэг уран сайхын бүтээл. Тиймээс түүхийн баримтаас хазайх явдал кинонд байдаг. Ийм байхыг ч үгүйсгэхгүй. Манай улсад ч түүхэн киног дагасан шүүмж яриа их өрнөдөг.Тэгэхээр кино бол түүх биш, түүхээс сэдэвлэсэн уран сайхны бүтээл. Гэхдээ эдгээр кино нь орхигдсон, мартагдсан түүхийг сэргээх чухал ач холбогдолтой байж болно. Түүхээс гажуудсан тохиолдолд монголчууд эмзэглэх нь аргагүй, үгүйсгэхгүй. Ер нь шүүмж гэдэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг хэлбэр шүү дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих