Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Төрийн өмчийн хороог татан буулгахаар болсон тухай мэдээлэл бий. Хэзээнээс татан буулгахаар болсон бэ?
-Танайхыг татан буулгалаа гэж надад хэн ч хэлээгүй. Тийм шийдвэр ч Төрийн өмчийн хороонд ирээгүй байгаа. Төрийн өмчийн хороо бол хуулийн хүрээнд байгуулагдсан. Төр болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд Төрийн өмчийн хороог байгуулсан юм. Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулахгүйгээр манай байгууллагыг татан буулгах боломжгүй. Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуягийн санаачлан боловсруулсан Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм билээ. Үүнийг нь манай хэвлэлийнхэн Төрийн өмчийн хороог татан буулгах нь гээд ойлгочихсон бололтой юм.
-Ерөнхий сайд зарим нэг чиг үүрэг нь давхцсан агентлаг, газруудыг татан буулгаж, нэгтгэнэ гэсэн шүү дээ?
-Ерөнхий сайд намайг дуудаж уулзсан. Төрийн өмчийг эзэнжүүлье, өмч хувьчлалыг эрчимжүүлье гэсэн үүрэг даалгавар өгсөн.
-Ингэхэд танайх аль яамд харъяалагддаг юм бэ?
- Ерөнхий сайдын шууд мэдэлд очсон.
-Төрийн өмчийг хороог татан буулгах асуудал аль дээрээс л яригдсан шүү. Өмч хувьчлалын ажил ерөнхийдөө дуусч байна. Төрийн өмчийн хороо одоо хэрэггүй гэх хүмүүс цөөнгүй байдаг?
-Зарим хүмүүс манайхыг зөвхөн өмч хувьчлалын ажлыг хариуцдаг гэж буруу ойлгодог юм шиг байна лээ. Их хувьчлал дууссан, ТӨХ бол үүргээ гүйцтэгэсэн гэж хардаг нь үнэн. Гэхдээ төрийн өмч байгаа цагт үүнийг хариуцсан байгууллага байх л ёстой. Газар, газрын доорх баялаг төрийн өмч мөн л бол ТӨХ байна. Манайх төрийн өмчийг ашиглах,хамгаалж, хадгалах, арвижуулах, өсгөж, үржүүлэх ёстой байгууллага гэдгийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй болов уу?
-Танай хорооны мэдэлд хичнээн компани байна?
-Өнөөдрийн байдлаар таван мянган аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг удирдаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг эд хогшил актлах, төрийн өмчийг блансаас, бланст шилжүүлэх, тайлан гаргах үүрэг манайд ногддог. Жишээлбэл, нэг том төсөл хэрэгжүүллээ гэхэд тэр төслийн хүрээнд хэрэглэх эд хогшил төрийн өмчид бүртгэдэг. Зүгээр сул цалин аваад сууж байдаг хүмүүс энэ байгууллагад нэг ч байхгүй л дээ. ТӨХ-г татан буулгана гэдэг үг зохимжгүй юм шиг санагддаг л даа. Харин төрийн өмчийн хэлбэрийг өөрчлөх, хөгжүүлэх, шинэчлэх гэвэл болж байна. Үүн дээр санал нэгдэж байна. Миний бодоход Төрийн өмчийг хороог шууд татан буулгачихаж болохгүй байх. Харин бүтэц дээр нь менежментийн өөрчлөлт хийж болно.
-Ер нь төр заавал өмчтэй байх хэрэг байна уу. Төрийн өмч болгон үнэгүйдэж, эзэнгүйдэж байна шүү дээ?
-Төр өмчтэй байх уу, үгүй юу гэдгийг бид бусад орны туршлага дээр үндэслэж шийдэх ёстой асуудал. Магадгүй гарч байгаа шүүмжлэл хэт нэг талаас хандах бас учир дутагдалтай юм. Бид төр өмчтэй байх уу, үгүй юу гэдгээ хөгжингүй орнууд яаж шийдэж байна, юун дээр алдаа гаргав, юу нь ололтой шийдэл байв гэдгээс туршлагажиж, санаа авах ёстой юм л даа. Түүнээс өөр төрд өмч хэрэггүй гэх юмуу, эсвэл төр заавал өмчтэй байна гэж өрөөсгөл харж, дүгнэх сайн хэрэг биш л дээ. Францийн туршлагыг бид судалж үзсэн. Франц бол 1960-аад онд бүх өмчээ хувьчилсан. Бүгдийг нь хувьчлахад ямар эрсдэлтэй юм, төр эмчтэй байх ямар давуу талтай юм гэдгийг Франц амьдралынхаа туршлагаас олж харсан орон юм билээ. Гэтэл өнөөдөр Франц буцаад төрийн өмчтэй болж эхэлж. Эргээд төрийн өмчөө байгуулж байна гэдэг аливаа улс оронд төрийн өмч байх ёстой гэдгийг францууд олоод харчихсна л хэрэг шүү дээ. Харин төрд өмч байвал ямар хэлбэрээр байх ёстой вэ гэдгийг бид француудын туршлага дээрээс хэрэгжүүлэх ёстой. Манайд төрийн өмчийн компаниуд зуун хувь төрийн мэдэлд байна. Харин манай ТӨХ-ны зүгээс үүнийг шинэ менежмент, шинэ удирдлагаар ажиллахын тулд өмчийн хэлбэрийг өөрчлөх, төрийн эзэмшлийн хувь хэмжээг нь өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Төрийн өмч төрийн мэдэлд заавал 100 хувь байх биш, 51,49,34 хувьтай байж болно шүү дээ. Бүр хорин хувьч байж болно. Харин хувьчлалаа өмнөх хувьчлалуудаасаа өөр менежментийн хувьчлалаар , концессын гэрээгээр, олон жилээр түрээслүүлэх хэлбэрээр хувьчилж болно.
- Өмч нь төрдөө, үйл ажиллагааг нь хувийнханд хариуцуулаад явах нв зөв гэж та үзэж байна уу?
-Тийм, энэ бол төрийн өмчтэй байх хамгийн зөв хэлбэр. Төрийн өмчийг эзэнжүүлэх, хяналттай болгоход хамгийн зөв арга л даа. Ийм л тогтолцоогоор төр ажиллавал түрүүнд хэлдэг төрийн өмч эзэнгүйдэх, үнэгүйдэх явдал байхгүй болох юм.
-Төрийн өмчийн хувьд чононд хонио хадгалуулсантай байгаа талаарх шүүмжлэл тасардаггүй. Төрийн компаниудад очсон дарга болгон хоноцын сэтгэлээр ханддаг. Ах дүү хамаатан саднаа авч ажлуулдаг гээд гомдол тасардаггүй шүү дээ?
-Ийм асуудал яригддаг л даа. Тиймээс нэгдүгээр би түрүүнд хэлсэн шиг төрийн өмчид хувийн хяналтыг оруулж ирэх хэрэгтэй. Өмч нь төрдөө, үйл ажиллагааг нь хувийнханд хариуцуулна гэсэн үг. Хоёрдугаарт төрд ажиллаж байгаа хүмүүсийг чадавхжуулах ёстой. Мэдээж, хувь хүний ёс зүй, хувь хүний сэтгэл аль ч байгууллагад чухал зүйл. Манай Төрийн өмчийн хорооны хувьд сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хэвлэлээр ил тод зарлаж байгаа. Тэр, тэр компаниуд тийм алдагдалтай ажиллаж байна гээд ил тод зарлачихаар ард түмний хяналт орж ирдэг. Ард түмний хяналт гэдэг маань гудамжинд яваа хэн нэгний хяналт ороод ирнэ гэсэн үг биш. Тэнд ажиллаж байгаа хүмүүс, бас эрдэмтэд судлаачдын хяналт орж ирдэг юм. Ер нь бол компанийн засаглалын гол тулгуур зарчим бол ил тод нээлттэй байх.
-"Эрдэнэт”-ийн агуулахад таван тэрбумын бэлгэвч байна. "Эрдэнэс Тавантолгой”-н агуулах хуучин дугуйгаар дүүрсэн. Компани нь маш их алдагдалтай, дарга нарынх нь халаас зузаардаг явдал төрийн өмч дээр л гардаг. Ийм хууль бус асуудлыг танайх яаж хянаж байна?
-Төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан хяналт тавьдаг. Нөгөө талаар компанийн захирлуудтай жил жилийн гэрээ байгуулж байгаа. Жилийн гэрээ байгуулж байна гэдэг хариуцлагын механизм бүрдүүлж байна гэсэн үг. Хэрэв тухайн компанийн захирал муу ажилласан, ажлын алдаа гаргасан бол гэрээг нь сунгахгүй гэж ойлгож болно. Гэхдээ өрийн өмчийг хамгаалахын тулд тогтолцоондоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тогтолцоондоо өөрчлөлт оруулж байна гээд ТӨХ-г татан буулгах асуудал биш. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгаж, хувийн хэвшлийг хяналтыг л оруулж ирье гээд байгаа юм шүү дээ.
-Төрийн компаниудын захирлууд хэдэн тэрбумын мөнгө угаасан хэргээр зарим нь эхнээсээ ял явлаа. "МИАТ”-ын дарга нар болон "Хөтөл”-ийн захирлуудын хэргийг дурдаж болох юм. Энэ бүхнийг хянаж байх ёстой ТӨХ-ны дарга /Д.Сугар/ өөрөө хамтдаа идэлцэж, уусан хэрэгт холбогдоод байгаа?
-Энэ асуудал хуулийнхан тайлбар өгөх байх. Ямар ч байсан ТӨХ-ны даргаар томилогдохдоо би нэг үүрэг авсан. Тэр тангараг нь төрийн өмчийг бүрэн бүтэн байлгахаас гадна өсгөж үржүүлэх. Үүний төлөө л би ажиллаж байна. Төр дөрвөн албатай. Тэр дөрвөн албыг нь дөрвүүлэнг нь би хашч үзсэн. Би энд ирээд эхлээд алдагдалтай ажиллаж байгаа компаниудын судалсан. Яагаад алдагдалтай ажиллаж байна, шалтгаан нь юу байв гэдгийг олж харахыг хүссэн. Мэдээж, төрийн компанийн дарга болгон идэж, угаад төрийн мөнгийг шамшигдуулаад явдаг гэж би бодохгүй байна. Үнэнч шударгаар ажиллаж, үүргээ биелүүлж байгаа маш олон хүнийг цөөхөн хүний идэж уусан асуудалд хамаатуулж болохгүй байх. ДЦС, нүүрсний уурхайнууд байнгын алдагдалтай ажилладаг. Нөхцөл нь тийм байхаас аргагүй. Тэдний үнийг чөлөөлчихье гэхээр ард түмний нуруун дээр ачаалал ирэх гээд байдаг. Нийгмийн хариуцлагатай ийм компаниудыг алдагдалтай ажиллаж байна гээд шүүмжлэх бас хэцүү л дээ. Юм болгон хоёр талтай болохоор бүх юмыг харлуулж, төрийн өмч болгон эзэнгүйддэг, төрийн дарга болгон хумсалдаг, хулгайлдаг гэж ойлгох нь учир дутагдалтай гэж бодож байна.
-"МИАТ” компани хувьчлах компаниудын жагсаалтад багтсан. Яг хэзээ хувьчлахаар бэлтгэж байна?
-"МИАТ” бол олон жил алдагдалтай ажиллаж ирсэн. Алдагдалтай ажиллаж ирсэн шалтгаанууд олон, шалтаг ч цөөнгүй байсан. Энэ компанийн 49 хувийг үндэсний компаниудад хувьчлах тухай яригдаж байгаа. Гэхдээ бид тохиормжтой нөхцөлийг хүлээж байна. "МИАТ”-ын 49 хувийг өндөр үнээр зарах тийм цаг үеийг хүлээж байгаа.
-Таныг экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэдэг. Тиймээс түүний хүнийг зайлуулахын тулд ТӨХ-г татан буулгах гэж байна гэсэн яриа байгаа л даа?
-Гадуур яригдаж байгаа хов жив болгонд ач холбогдол өгөх хэрэггүй. Ардчилалын төлөө, ардчилсан шударга ёсыг Монголын хөрсөнд цэцэглүүлэхийн төлөө хамтдаа зүтгэсэн журмын нөхөд. Олон жил хамтарч ажилласан. Би боддог юм. Хэвлэлийнхэн тэр тэрний хүн, энэ тэрний хүн гээд бичдэг. Бид чинь Монгол гэдэг нэг гэр бүл. Би талцаж, фракцилах дургүй. Н.Алтанхуяг даргатай олон жил хамтарч ажиллаа. Зан зангаа мэдэх журмын нөхөд. Үүнийгээ хэнээс ч айхгүй хэлнэ ээ. Энэ бол ТӨХ-г татан буулгах том шалтаг, жижиг шалтгаан ч биш. Тэгээд ч ТӨХ-г татан буулгах ажил хуулийн дагуу л өрнөх ёстой.
Ж.ЭРХЭС news
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих