2014 онд Дорнодчууд аймгийн төвөө жишиг ногоон хот болгох зорилт дэвшүүлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Чойбалсан хотын ногоон байгууламж, цэцэрлэгжилтэд нийт 96 сая төгрөг зарцуулахаар болсон юм. Тухайлбал хотын ногоон байгууламжид 10 сая төгрөг, Монгол дайчдын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, ногоон байгууламж 50 сая, Чойбалсан хотын төв цэгийг бичил цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах 23 сая, 8 дугаар багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах 5 сая, 26 дугаар байрны гаднах ногоон байгууламжид 8 сая төгрөгийг тус тус зарцуулна.
Цэцэрлэгжилт, бүтээн байгуулалтын эдгээр ажлууд эхлэхийн өмнөхөн холбогдох мэргэжлийн байгууллагынхан уулзаж, санал солилцлоо. "Чойбалсан хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах журам, Чойбалсан хотод мал аж ахуйн талаар баримтлах бодлого” нэртэй уг хэлэлцүүлгийг Хэрлэн сумын ИТХ-ын Байгаль орчны бодлогын хороо, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хорооноос зохион байгуулж, аймгийн Үйлдвар ХАА-н газар, Дорнод бүсийн эрдэм шинжилгээний төв, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, "Дорнод НАА” ХХК, Польтехникийн коллеж, Иргэдийг хэмт хэрэг зөрчлөөс хамгаалах монголын нийгэмлэгийн Дорнод салбарын зөвлөл, Хэрлэн сумын ЗДТГ-ын Захирагчийн алба, Чойбалсан хотын сууц өмчлөгчдийн холбоод, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар, БД компаний төлөөлөл гээд нийт 40 хүн оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид Чойбалсан хотын төв цэгээс эхлэн хоёр тийшээ тэлэх маягаар ногоон байгууламж байгуулах, Мод тарих нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хэрхэн ашиг тустай талаар олон нийтэд сайтар сурталчлах, Зүлэг мод тарьдаггүй аж ахуй нэгж байгууллагууд болон байгаль орчны мэргэжилтэй ахмад туршлагатай боловсон хүчинг энэ ажилд хамруулах гэх мэт олон санал санаачилгуудыг гаргаж байсан юм.
Жил бүр Чойбалсан хотод их бага хэмжээгээр мод тарих үйл ажиллагаа зохиогддог ч эргээд хариуцах, хамгаалах эзэнгүй байдгаас болж үр дүнгүй өнгөрөх нь бий.
Тиймээс Ногоон байгууламжийг байнга арчилж, хамгаалдаг эзэнтэй, хариуцдаг бүтэцтэй болгох нь чухал.
Энэ жилээс БОНХЯ иргэдийн тарьж ургуулсан ойг худалдаж авдаг жишигтэй болж байгаа. Үүний адилаар хотынхоо ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж, мод тарьсан иргэдийг урамшуулах, тарьсан модыг нь төрөөс худалдан авдаг болвол иргэдийн идэвхи сонирхол нэмэгдэнэ гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Дорноднэт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих