Монголын үндэсний музейд хадгалагдаж байгаа монголчуудын түүх соёлын нэн ховор дурсгалуудын нэг бол эртний аян дайны үед дайчин эрсийн биеэ хамгаалах зориулалтаар хийгдсэн "Ялтсан гутал". Цор ганц, хосгүй үнэт хэмээн тооцогддог энэхүү олдворыг 1953 онд Архангай аймгийн орон нутаг судлал эрхлэгч, багш Самдан Архангай аймгийн Хангай сумын тавдугаар багийн иргэн Раашнямын Дашрагчаагаас авч, Судар бичгийн хүрээлэнгээс судалгааны ажлаар явж байсан эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан улсын төв музейд ирүүлсэн байдаг. Уг олдворт 2003 онд гэрчилгээ олгон анхны үнэ 1000, сан хөмрөгийн үнэ 15 сая төгрөгөөр тогтоожээ. Одоогоор ижил төстэй ийм гутал Монгол нутгаас олдоогүй. Гутлыг дайн тулалдаанд биеэ хамгаалахаар өмсч байсныг XV-XVII зуунд хамааруулж үздэг. Хос гутал нь хүрэн арьсан гадартай, түрийг нь төмөр ялтас хэлхэж хуягласан, товшмол /хол хатган мэтгэж оёсон/ ултай, өндөр омгоос нь уясан сураар гутлын түрийг дээш татаж өмдний тэлээнд сойдог зориулалтаар хийжээ. "Ялтсан гутал"-ыг 60 гаруй жил музейн үзүүлэгт олон удаа дэлгэж, 2011 онд зохион байгуулагдсан "Чингис хаан үзэсгэлэн Монголд" хэмээх үзэсгэлэнд тавьснаар үзэгч олныг бишрүүлж гайхшруулсан байдаг.
"Ялтсан гутал"-ын талаар олон эрдэмтэн, судлаач ухаан санаагаа уралдуулан түүх судар судалж, дүгнэлт гарган мэдээлэл нийтлээд байгаа. Тэдний дотроос судлаач доктор Ж.Базарсүрэн "Чингис хааны цэргийн зэвсэг-2000" номдоо "Уг гутлын ган ялтас нь маш сайн боловсруулсан, нэг загвар хэмжээгээр олноор үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүн, монголчууд төмрийн ур дархаар онцгой, морины төмөр хуяг, зэвсэг нь нүд хальтрам сайхан, бат бэх, ялтсан гутлын түрийг өмдөнд уях татуургыг "түнгэ" гэдэг. Ялтсан гутал гэдэг нэр XX зууны үеийн түүх бичлэгт бий" хэмээн тэмдэглэсэн байдаг. Өвөрмонголын судлаач Ся Да Хэн "Монголын хэв заншлын тэмдэглэл-1950 он" номдоо "Тэдэнд төмөр ховор учир төмрийг их гамнан эдэлдэг байжээ" гэж бичжээ.
Дээрх хоёр баримтыг холбож тайлахад энэхүү ялтсан гутлыг монголчуудын төмөр боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн онцгой баримт л даа. Монголчууд аян дайны үедээ нэг хэсэг нь "хоромхон" хот байгууламж барихад нөгөө хэсэг түйвээж нурааж байсныг "түр" гэнэ. Өвөрмонголын алдарт зохиолч эрдэмтэн В.Инжинашийн зохиолд төмөр гутал хэрэглэж байсан тухай дурдсаныг эрдэмтэн Х.Нямбуу гуай 1992 оны докторын диссертацдаа тэмдэглэжээ. Ер нь Монгол ардын баатарлаг туульс, үлгэр, домогт ч "Хүйтэн төмөр гутлыг хөлдөө өмсч төрсөн" гэхчлэн гардгийг үзвээс хуягласан гутлын тухай ойлголт л доо. Судлаачдын үзсэнээр дээрх гутал /Х.Пэрлээ, Ж.Базарсүрэн/ хуучин цагийн гөрөөчний болон одоогийн буриад, үзэмчин гуталтай төстэй ажээ. Доктор Д.Баяр мөн Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг дахь хүн чулууны янз хэлбэр бидний өгүүлэн буй гуталтай төстэйг нотолж, их эрдэмтэн Б.Ренчин доктор ч зөвшөөрсөн баримт байна. Саяхан нэгэн сэтгүүлд ялтсан гутлыг зурагтай нь нийтлүүлснийг уншсан шүү. Үе уламжлан хадгалж ирсэн гутлын эзэн эзэгтэй Дашрагчаа Архангайн музейн эрхлэгч багш Самданд "Энэхүү үнэт олдвор нь Чингис хааны гутал гэж манай өвөг дээдсээс уламжлан хадгалаж ирсэн шүтээн шүү.
Миний аав Раашням, өвөө Батбазар, түүнии эцэг нь болох Баянтовжав, түүний эцэг Баянбаглун, түүний эцэг Огноо хошууч, түүний эцэг Очирбал гээд үе дамжин уламжилсан. Өвөө маань 66 насалсан, аавын хувь 77 хүрч өөд болсон. Тэднийг цэрэгт явахад аавууд нь үе уламжилсан тэр гутлаас нэг ялтас зүүж явуулдаг байж. Тэр ялтас хүүхдийг нь сумнаас хамгаалдаг байсан" хэмээн тайлбарлажээ. Багш Самдан кабинетын эрхлэгчийн ажилд ороод удаагүй ч уг гутлыг ховор дурсгал гэж үзэн, эзнээс нь маш сайн лавлаж мэдээлэл авсан нь хожмын судалгаанд чухал эх сурвалж болсон байх юм. Энэхүү гутлын тухай анх Монголын ууган археологч Х.Пэрлээ 1954 онд оновчтой дүгнэлт тодорхойлолт бичин Улсын төв музей, судар бичгийн хүрээлэнд өгсөн нь хожмоо олдоогүй ч өөрт нь байсан эх хувийг 1975 онд "Studio musiologica" /Музей судлал/ сэтгүүлд монгол хэл дээр хэвлүүлжээ. Одоогоос 60 гаруa жилийн өмнө бичигдсэн ганц хуудас л өгүүлэл өнөөдөр шинжлэх ухааны асар их ач холбогдолтой анхдагч сурвалж мэдээлэл болж байна. Эх сурвалжийг Х.Пэрлээ гутлын эзнээс биш, гутлыг дамжуулсан Самдангаас авчээ. Хэрвээ энэ өгүүлэл хэвлэгдээгүй бол бид энд өгүүлэн буй гутлын талаар огт мэдэхгүй байх нь ээ. Х.Пэрлээ гутлын хамаарах цаг үеийн талаар бичихдээ гутлын хамгийн хуучин эзэн Очирбал түүний хойч үеийнх нь хошууч, баян гэдэг цолтой эзэн нь цэргийн хүн байсан бөгөөд Бага хаадын /XV-XVII зууны / үеийн хошууч нарын нэгэн баймаар санагдана гэж тодорхойлсон.
Гэхдээ тэрээр бас нэг өөр аргаар гутал хэдий үеийнх болохыг тодорхойлж дүгнэсэн нь XV-XVII зуун. Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолд XVI зуун, Монголын үндэсний музейн "Упаанбаатар-2009 он" каталоги ном, Үндэснии музеин таилбарт ном /2012 он/ -д XIV зуун гэсэн бол бусад олон ном хэвлэлд XIII-XVI зуунд хамааруулсан олон жишээ дурдаж болно.
Энд энэ бүхнийг дурдсаны
учир эрдэмтэн , судлаачдадаа нэгэн хүсэлт тавих гэсэн юм. Та бүхэн минь
эл гутлын ялтасны бүтцийн шинжилгээ гаргуулж, дуурайлгасан хуулбар
загварын гутал хийж сурталчилгаанд ашиглах, засаж сэлбэх, гутлыг
хэрэглэж байх үеийн эр цэргийн хуяг дуулгатай хослон үзэсгэлэнд тавих,
Архангай аймгийн Хангай сумын иргэн Раашнямын Дашрагчаагийн амьдрал
ахуйг садан төрөлтэй нь эргэн сурвалжилж, өөр ямар нэгэн үнэт зүйлтэй
байсан эсэхээр судлаачдын баг илгээх, олдошгүй ховор энэ ялтсан гутлыг
Хангай сумын 90 жилийн ойгоор үзвэр болгон хүргэж нутгийнханд минь
үзүүлээрэй гэж өчүүхэн бичигч би хүснэ.
Иргэн Д.БҮДРАГЧАА /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих