Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Мянганы сорилтын корпорац Монгол Улсад
дахин төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэртэй
холбогдуулан Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
танилцуулга хийж, танхимын сайд нартаа салбартаа нэн шаардлагатай
төслүүдийн жагсаалт гаргах чиглэл өгчээ. Ирэх долоо хонопг Засгийн
газрын хуралдаанаар сайд нар Ерөнхий сайдад төслөө танилцуулах бөгөөд
Мянганы сорилтын сангийнхантай санал солилцох юм байна. Ерөнхий сайдын
хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрийн мэдэгдсэнээр томоохон хоёроос дээш
төсөлд Мянганы сорилтын сангаас өгөх санхүүжилтийг зарцуулах гэнэ.
АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг энэхүү санхүүжилтийн дээд тал нь 700 сая ам.доллар орчим байдаг аж. Манай улсын хувьд өмнө нь Мянганы сорилтын сангаас 285 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн бол энэ удаад ойролцоогоор 400 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх урьдчилсан таамаг гарчээ. Ямартай ч ойрын зургаан сарын хугацаанд яг ямар төслүүдэд хөрөнгө оруулах вэ гэдгээ Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газар эцэслэн шийдэх юм байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрийн өчигдөр хэвлэлийнхэнд өгсөн хоёр дахь мэдээлэл нь яам, агентлагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан тухай байв. Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар энэ талаар хэлэлцээд 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр давхардал арилж, төсвийн зардал хэмнэгдэж, үйлчилгээний чирэгдэл, шат дамжлага багасна гэж Засгийн газар үзсэн байна.
Ингэхдээ Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байхаар болжээ. Мөн агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, нэгжийн орон тоог долоогоос багагүй, дунджаар 10 байх чиглэл баримтлахаар болжээ. Түүнчлэн агентлагийн дарга нь зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, дэд болон орлогч дарга, нэгжийн дарга нар албаны автомашин хэрэглэхгүй байхаар уг шийдвэрт тусгагджээ.
Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сингапур улсад суух Элчин сайд Б.Дэлгэрмааг ахлах зөвлөхөөрөө, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбатыг Эдийн засгийн бодлогын зөвлөхөөрөө томилсон гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих