2000 оны Парисын тунхагт уриалсны дагуу Хорт хавдартай тэмцэх Олон
улсын холбоо /UICC/ нь 2005 оноос Дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг
үйл ажиллагааг санаачлан жил бүрийн 2 дугаар сарын 4-ны өдрийг "Хорт
хавдартай тэмцэх Дэлхийн өдөр”, 11 дүгээр сарын эхний 14 хоногийг "Хорт
хавдартай тэмцэх Дэлхийн аян” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал
тогтоод байгаа билээ.
Тус холбооноос жил бүр "Бид хамтдаа хүчтэй”, "Хамтдаа хавдрыг бууруулж
чадна”, "Хорт хавдрын талаар та юу мэдэх вэ?” гэсэн тодорхой уриа
дэвшүүлэн дэлхий нийтээрээ хавдраас сэргийлэх үйл ажиллагааг явуулж
байна.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дүнд хорт хавдар нь огт эдгэрэшгүй өвчин биш гэдэг нь нотлогдсоор байна.
Хорт хавдрын бүх тохиолдлын 1/3 нь огт өвчлөхгүйгээр бүрэн урьдчилан
сэргийлж болох, дараах 1/3 нь эрт үед нь оношловол төгс эмчлэгдэх,
үлдсэн 1/3 нь хөнгөвчлөх эмчилгээ шаардагдах тодорхой хугацаанд
амьдралын чанарыг хэвээр хадгалж болно гэж үздэг.
Иймд хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд дараах шинжүүдийн аль нэг
нь 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.
Үүнд:
1. Хоолны шингэц муудах, залгихад төвөгтэй болох, горойх, тээглэх
2. Давсаг, гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдөх
3. Шалтгаан тодорхойгүй цус багадах, цус алдах
4. Эдгэрэхгүй удаж буй шарх
5. Удаан хугацаагаар ханиах, хоолой сөөх
6. Арьсан дээр мэнгэ бий болох, үү, ургацаг, мэнгэ өөрчлөгдөх
7. Хөх болон биеийн ямар нэг хэсэгт бэрсүү үүсч хатуурах
8. Шалтгаангүй биеийн жин буурах, ядарч тамирдах
Та өөрийгөө "ЭРҮҮЛ” гэж бодож байсан ч эмнэлгийн урьдчилан сэргийлэх
үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байх хэрэгтэй. Хорт хавдраас
урьдчилан сэргийлж болох төдийгүй эрт үед нь эмнэлэгт хандвал эдгэрэх
боломж бүрэн байдаг. Мөн эрүүл зан үйлийг төлөвшүүлж, эрүүл амьдралын
хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас
сэргийлэх боломжтой байдаг байна.
Иймээс Та бүхэнд "Хорт хавдар үүсэх эрсдлээс сэргийлэх 7 алхам”-ыг өдөр
тутмынхаа ажил, амьдралд хэвшил болгохыг зөвлөж байна. Үүнд:
1. Архи, тамхи, хорт зуршлаас татгалзах
2. Эрүүл хоол хүнс тогтмол хэрэглэх
3. Идэвхтэй хөдөлгөөнтэй байж, биеийн жингээ барих
4. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах
5. Товлолын болон сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж байх
6. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх
7. Үзлэг, шинжилгээнд жилд 1-ээс доошгүй удаа хамрагдаж хэвших
БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч,
"Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн
аймгийн зохицуулагч Г. Саранцэцэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих