"...Нацистууд еврейчүүдийг барьж эхлэхэд бид дуугүй л байв, улмаар хомроглон барьж байх үед ч би дуугүй л байв, эцэст нь намайг барихаар ирэхэд дуу гарах нэг ч еврей үлдээгүй байв...”
Ш.Шендлер.
Манай нийгэмд заргач хүнийг муу хүн гэх маягтай хүмүүсийн хандлага байдаг. Зарга хийнэ гэдэг зөв сайн үйл юмуу эсвэл буруу бурангуй үйл юм уу. Зарга хийх гэдэг нь хүн эрхээ эдлэхийн төлөө хуулинд заагдсан арга хэлбэрээр өргөдөл, хүсэлт, гомдол гаргах, асуулга тавих, өргөх бичиг, ил захидал нийтлэх, санаа бодлоо олон нийтэд хүргэх, ёгт үйлдэл үзүүлэх, цуглаан, жагсаал хийх, зэргээр тэмцэх арга хэлбэрүүд билээ.
Нэгэн жишээгээр зарга тэмцэлийн тухай өөрийн бодлоо та бүхэнтэйгээ хуваалцъюу.
Үнэндээ бол нийтээрээ бичиг үсэгтэй соёлт нийгэмд шудрага ёс гэдэг зүйл хэрэггүй. Яагаад гэвэл шудрага ёс гэгч нь баримт нотолгоогүй, энэ гээд цаасан дээр бичсэн юмгүй, хэмжих бололцоогүй, баримтжуулах боломжгүй, зүгээр л нэг сонсоход сайхан сул үг төдий зүйл билээ. Харин нийгэмд юу хэрэгтэй байдаг юм бэ гэвэл зөвхөн хуульт ёс, хуулийн соёл л хэрэгтэй билээ. Хуульт ёс гэдэг бол цагаан цаасан дээр хараар бичсэн зүйл заалт бүхий хууль, дүрэм, журмыг биелүүлдэг байх соёл юмаа.
Энэ жилийн наадмаар А.Сүхбат аварга зодог тайлсанаасаа хойш анх удаа дахин барилдав. Хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Ер нь А.Сүхбатын талаар нийгэмд олон янзын байр суурь яригддаг. Миний уулзсан хүмүүсийн талаас илүү нь түүнийг хэл ам зарга хийхээс өөр юм мэддэггүй, шоучин, допинг хэрэглэж байсан муу бөх гэж байхад үлдсэн хэсэг нь зөв шудрага юмны төлөө тэмцэж дуу хоолойгоо гаргадаг, хурдтай, хүчтэй уран барилддаг сайн бөх гэж байх жишээтэй. Харин миний толгойд ингэж бодогдоно.
Үндэсний бөх бол манай нийгэм дэх хуульт ёсгүй, дурэм журамгүй, хий хоосон жудаг ярихаас цаашгүй, монгол бөхийн босоо цагаан юу ч билээ нэг юмнаас өөр зүйлгүй жинхэнэ бүдүүлэг, эмх замбараагүй, худалч, луйварчдын цуглуулга болсон системийн тод жишээ билээ. Энэ бол бөхчүүдийн буруу биш юмаа. Бөхчүүдийг нэгтгэн зангидаж, удирдах гэж хэрэлдүүлж байдаг бөхийн холбооны буруу юм. Монгол бөх монгол үндэстний том соёл гэх атлаа энэ соёлоо хөгжүүлэхийн төлөө ганц хэрэгтэй үг дуугардаггүй бөх сонирхогч эрчүүд бидний буруу юм. Энэхүү бохир системийг өөрчлөн шинэчлэж хуульт ёстой, тоглоомын дүрэмтэй болгохын төлөө ганц зоригтой тэмцэж яваа хүн бол А.Сүхбатыг гэж бодном. Бөхийн дүрэмд зодог тайлсан бөх эргээд барилдаж болохгүй гэж заагаагүй байхад хэд ч зодог тайлж хэд ч эргэж барилдах нь үнэндээ дурных юмаа. Мөн аварга цолтой бөх аварга цолтой бөхөө амлаж болохгүй гэсэн заалт бас үгүй байхад эрэмбэ дээр л бол хэнийг авах нь мөн л цэвэр түүний дур байлаа. Чухамхүү түүний энэ бүх үйлдэл бол үндэсний бөхийн холбооны тэнэгүүдийг нэг мөсөн шившиг болгосон А.Сүхбатын тэмцлийн ялалт байсан гэж би бодном. Одоо монголчууд бидэнд Монгол бөхөө ядаж японы сумогоос дутахааргүй хуульт ёстой, мөрддөг дүрэмтэй болгох л үлдлээ.
Улс төрийн системд эрх баригч, сөрөг хүчин гэнэ үү, олонх цөөнх гэнэ үү ер нь улс төрийн намууд бие биенээ хянана гэдэг худлаа зүйл байдаг аж. Яагаад гэвэл тэд үндэсний бөхийн холбоо шиг нэг систем дотроо холилдчихсон. Харин иргэд олон нийт, хүмүүс бид төр засгийн бүх түвшинд эрх баригчдыг хянах ёстой юм байна. Эрх баригчдыг хянана гэж яахыг хэлэх юм бэ? Зүгээр нэг хараад бид хянаж мэдэхгүй, хамгийн гол барьж авах зүйл, барьцтай хяналт бол ердөө л төсвийн хөрөнгө мөнгө билээ. Төсвийн буюу нийтийн хөрөнгө мөнгөний зарцуулалтанд сэтгэлд сэвтэй өчүүхэн төдий л үйлдэл ажиглагдвал зарга хийж, тэмцэх ёстой юм байна. Төсвийн хөрөнгөнөөс нэг мянган төгрөгийг л хувьдаа идэж байгаа бол тэр дарга таныг уландаа гишгэж байна гэсэн үг. Баабар гуай, иргэн Ламжав, Баасан авгай, Батзандан, Магнай, Уянга, гэх мэт зарга, тэмцэл хийдэг олон хүн өнөөгийн манай нийгэмд байна. Чухам тэдний хийсэн заргын хүчээр бид хуульт ёсыг алхам алхамаар сурч байгаа маань үнэн билээ. Бусад олон олон зарга хийдэг хүмүүсийн ач буянаар нийгэм өдий зэрэгтэй төлөвшиж хөгжиж байна. Хэдий чинээ олон хүн зарга тэмцэл хийнэ хуульт ёс, ярих дуртай шудрага ёс төдий чинээ хөгжиж тогтдог ажгуу.
Зарга хийнэ гэдэг нь ямар нэгэн байдлаар таны эдлэх ёстой эрх эдлэгдэхгүй зөрчигдөж, хэн нэгэн хүн, аль нэгэн дарга таны нэр төрд халдаж байвал эрхээ сэргээн бүрэн эдлэхийн төлөө дуугарч тэмц гэсэн үг юмаа. Таныг хэн хамгаалдаг юм бэ гэвэл Монгол улсын үндсэн хууль, иргэний хууль болон бусад олон хуулиуд хамгаалж байна. Таныг Монгол улсын бүрэн эрхт иргэн Дээд тэнгэрээс заяат, Бүртэ Чоно, Гоо маралын удам, тэнгэр язгуурт, дээдэс заяат, агуу их Монгол хүн Та хамгаалж байна. Та өөрөө өөртөө эзэн болж, зөвхөнөөрийнхөө төлөө л дуугарч тэмцдэг болчих тэгвэл Монгол эх орондоо хуульт ёсыг хөгжүүлэхэд оруулж байгаа жинхэнэ хувь нэмэр тань тэр болноо. Тэгвэл та өөртөө итгэлтэй зоригтой золбоотой, хувь заяаныхаа эзэн байж чаднаа. Эс бөгөөс тэнгэр харж буй хар халзан төлөгнөөсөө ялгаагүй болох буюу.
Дадал сум. 2014.09.15.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих