Угтаа бол Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар
Үндэсний телевиз Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэж
түүнийгээ нийтийн хүртээл болгох үүрэгтэй. Харин энэхүү үүргээ
хэрэгжүүлэхэд ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан,
хувь хүнд телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх нь
хориотой. 2005 оны нэгдүгээр сарын 27-нд УИХ-аас баталсан энэ хууль
өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэвч МҮОНТ хэмээх их айлыг
хуулийнх нь нэршлээр бус эрх баригчдын хувийн өмч юм шиг иргэд олон нийт
хардаг болоод удаж байна. Магадгүй энэ нь МҮОНТ үе, үеийн Засгийн
газрын дуу хоолой, "хэвлэлийн төлөөлөгч"-өөр нь ажиллаж ирсэнтэй
холбоотой байж болох юм. Тэгээд ч засаг солигдох бүрт МҮОНТ иргэдийн
гэхээсээ эрх баригчдын дуу хоолой болж, тэдний ажлыг сурталчилдаг нь
нууц биш. Үүнд нь намууд шүүмжлэлтэй хандсаар ирсэн ч өнгөн дээрээ
Үндэсний телевизийн зөвлөлд өөрсдийн хүнийг шургуулах хөдөлгөөн
өрнүүлдэг. Ийнхүү улсынхаа ууган телевизийг хуулийн нэрээр олон нийтэд
"өмчлүүлчихээд" өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж суудаг улстөрчдийн бохир
тоглоомоос болж Үндэсний телевизид өгөх иргэдмйн үнэлэмж өдрөөс өдөрт
буурч байна.
Бүр сүүлдээ Засгийн газрын өмч юм шиг явж ирсэн МҮОНТ-д АН-ын фракциуд гар дүрж, өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэх байгууллагаа болгож байх шиг. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн дараа засгийн эрхэнд гарсан АН-ынхан МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн олонхи эрхмийг нь УИХ-аар хэлэлцсэн болоод томилсон: Товчхондоо Үндэсний зөвлөлд нэг намын угшилтай буюу АН-ын хүмүүсийг томилж байв. Угтаа бол нийгэмд бодитой бий болсон улстөржилтийг дэврүүлэх бус намжаах үүргийг давхар хүлээдгээрээ МҮОНТ онцлогтой. Хачирхалтай нь, МҮОНТ өнгөрсөн хугацаанд УИХ-д олуулаа болсон АН, эрх баригчдын үйл ажиллагааг сурталчилсан мэдээлэл зонхилох болсон нь хэсэгтээ шүүмжлэл дагуулж байв. Санаж байгаа бол ХХАА-н сайд Р.Бурмаа ч МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа долоо хоног болгон тогтмол хуралдаж, ачаалалтай ажиллаж байснаа ярьж, одоогийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа Байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийлж байлаа.
Гэхдээ ингэж бичсэнээрээ МҮОНТ-ийг шүүмжлэх гэсэнгүй. Өглөөнөөс үдшийг хүртэл уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдийнхээ хойморт заларч яваа уран бүтээлчид үүнд буруугүй. Гагцхүү үе, үеийн Засгийн газар Үндэсний телевизийг өөрсдийн "хэвлэлийн төлөөлөгч" шиг ажиллуулж ирсэнд учир байгаа юм.
Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу Үндэсний зөвлөл нь орон тооны бус 15 гишүүнтэй байх учиртай. Эдгээр гишүүнийг УИХ-аас томилж зургаан жилийн хугацаатай ажиллуулдаг. Одоогоор хэсэг гишүүн нь өөр ажилд шилжсэн, заримынх нь хугацаа дууссантай холбоотойгоор долоон хүний орон тоо гарсан нь АН-ын фракциуд дунд өөрсдийн төлөөллөө МҮОНТ-д оруулах марафоныг үүсгээд байгаа юм билээ. Бүр УИХ-аас шинээр томилох зургаан хүний нэрийг нь ч дэвшүүлчихсэн байна лээ. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлэх хүнийхээ нэрийг ирүүлжээ. Харин Засгийн газраас хараахан ирүүлээгүй байгаа юм байна. Гэхдээ Үндэсний зөвлөлийн гишүүнийг хэн нэгний санал болгосноор УИХ-аас шууд томилдоггүй. Харин ОНРТ-ийн тухай хуулиар ямар салбарт, аль чиглэлээр ямар субъектээс нэр дэвшүүлэхийг нь тодорхой заасан байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс Монголын түүх уламжлал, ёс заншил, соёл, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр Үндэсний зөвлөлд ажиллах хүнийг нэр дэвшүүлдэг бол эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүлзүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр нийгмийн хамгааллын төлөөллийн хүнийг УИХ-аас нэр дэвшүүлдэг. Харин Засгийн газраас эдийн засаг, бизнес, техниктехнологи, удирдлага менежментийн чиглэлээр нэр дэвшүүлэхээр хуульчилсан байдаг.
Товчхондоо нэр
дэвшигчид ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх, улс төрийн болон төрийн
жинхэнэ албан тушаалтан болон бусад радио телевизэд ямар нэгэн байдлаар
оролцдог бол нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарласан нь энэ. Үүгээр
бол МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд ч иргэдээс сонгогдох ёстой ажээ.
Гэвч нэрийг нь олон нийтийн болгосон болохоос биш үйл ажиллагаанд нь УИХ, Засгийн газрынхаа хэмжээнд оролцох болсны ойрын жишээг энэхүү томилгооноос харж болохоор байна. Нэг ёсондоо МҮОНТ-ийг муухай харагдуулж байгаа зүйл нь уран бүтээлчид нь бус улстөрчдөд байгаад асуудлын зангилаа оршиж байгаа юм. Яагаад гэвэл МҮОНТ бол ард, иргэдийн дуу хоолой байх учиртай цорын ганц өмч нь. Мэдээж хэрэг ард түмний төлөөлөл гэдэг утгаараа Ерөнхийлөгч бас тэдний засгийн эрхээ барих төлөөний хүмүүс гэдгээрээ УИХ-ын төлөөлөл байж болох. Эцэст нь хэлэхэд өнгөрсөн хугацаанд улстөрчдийн гарт хүлэгдсээр ирсэн, хүлээтэй явсаар байгаа МҮОНТ-ийг тэрхүү ужгаас нь салгамаар байна. Үнэхээр олон нийтийн статустай юм бол Үндэсний зөвлөлийг нь ч иргэдийн санал асуулгаар тодруулъя.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих