Пүрэвийн Гэрэлхүү. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн 2001 онд
Дорнод аймгийн Чойбалсан сумын 10 жилийн сургууль, 2005 онд ММИС
-түүхийн анги 2006 онд ХУИС -д боловсрол судлалын магистрын зэрэг
хамгаалсан. 2000 оноос зохиол бүтээлээ бичиж эхэлсэн 2011 онд Миний
ертөнц нэртэйгээр анхны шүлгийн номоо гаргасан.\
2005-2006 онд ММИС түүхийн багш, 2006-2007 онд Монгол туургатны "Ажнай морьтон” нийгэмлэгт менежер, 2007-2008 онд "Гурван тамир” ЕБС түүхийн багш, 2008 оноос "ДБЭХС” ТӨХК мэргэжилтнээр ажиллахын зэрэгцээ шүлэг , зохиолоо туурвиж сууна.
"Санахуй”
Адуу туриглах чимээнээр хээр нэг сэрэхсэн
Алтан ширээ шиг талдаа салхи зүсэн давхихсан
Шүүдэр бөнжигнөсөн өвсөн дээр хөл нүцгэн алхахсан
Сэтгэлд ургасан цэцэгхэндээ шүлэг тэрлэж өгөхсөн
Мөнгөн баавартай эмээлээ хээр мориндоо тохохсон
Мөрөөдөл болсон чамтайгаа сумын наадам үзэхсэн
Төө соруултай гаансаар тамхи нэрэн хуучлахсан
Төгрөг сартай үдэш танай гэрээс мордохсон
Цэлэлзэн мяралзах Хэрлэндээ дураар нэг шумбахсан
Цэцгэн хээтэй салхинд хайраа зүүгээд нисгэхсэн
Цээж дүүрэн амьсаглаад хоолой мэдэн дуулахсан
Цэнгэл жаргалын баланд ухаан балартан согтохсон
Зөрөг замаар чамтайгаа хөтлөлцөөд нэг гүйхсэн
Зүрх зүрхээ мэдрээд үггүй нэг ярихсан
Залуу халуун насандаа буцаад нэг очихсон
Зам дээр гээсэн цэцгийнхээ тоосыг үргээж илбэхсэн
2013.03.27
"Монгол минь яачих нь энэ вэ”
Авилга хэмээх торонд хэрүүлсэн
Ардчилсан Монгол орон минь
Шүдээ хавирсан гадаад нохдын
Шүлсэнд пологдсон эх нутаг минь
Урсах ус нь ширгэж хатсан
Унаган төрөлх байгаль минь
Утаа тортогт харанхуйлан бөглөрсөн
Улаанбаатар нийслэл минь
Яачих нь энэ вэ?
Тэнд энд Монголын ирээдүй
Траншейны нүхнээс цухалзаж байна
Тэнгэр багандсан өндөр харшаас
Тэдэн рүү харин нулимж байна
Зусраас өөр хөрөнггүй Хятад
Зоолж таргалаад инээж байна
Засагтаа хууртагдсан гэнэн Монгол
Зовлонд нэрвэгдээд уйлж байна
Яачих нь энэ вэ?
Өвгөдийн минь үлдээсэн эрдэнэ бүрийг
Өлмий дороос минь ухаж байна
Өв соёл бахархал бүхнийг
Өрөвдөх сэтгэлгүй устгаж байна
Саарал ордоны зөөлөн сэнтийд заларсан ч
Санаа сэтгэл нь мөнгөний боол болсон
Судсан дотор нь нүгэлт хүсэл урссан
Сүрэг чононууд улилдаж байна
Яачих нь энэ вэ?
Хөлс цусны үнэр нь ялгагдахаа байсан
Хөрстийн амьдрал гэж энэ юмуу
2014.01.24
"Моддын доор”
Өнчин ганц модны сүүдэрт мөр холбохуйд
Өнгөрсөн гунигийн гэгээн бүхэн дэвтэрт буунам
Өөр хэнээс ч биш ганц чамаас л мэдэрсэн
Өнө холын дуртатгал бадамлан асав
Сэтгэлд буй үгс минь үүл адил нүүдэллэж
Сэхээрч амжаагүй байхад минь хур болон оров
Тэмдэглэж амжаагүй хэсэг нь талын салхитай хөөцөлдөн
Тэнд чиний үсэн дээр сор болон унав
Хэсэг моддын нөмөрт хайр урлахуйд
Хэн нэгэн биш чиний л тухай бодном
Хүсэл хяслын зааг тэнгис мэт үерлэж
Хэнд ч үл захирагдан далай чамд цутганам
Асуулт тэгнэсэн хөсөг минь чиний зүг хөдлөхөд
Ардын дуугаар тосоод эгшиг болгон хувиргав
Атаа жөтөөнд царцсан мөс мэт бодол минь
Амьсгалын бүлээнд чинь хайлаад нулимс болон урсав
Олон моддын доор шүлэг бичихүйд
Орооцолдсон түмэн хүслээс чи тодорч буунам
Орь ганц ирсэн хайр хэмээх зохиол
Одот тэнгэрийн зүг цацранхан одов
Шөнийн харанхуй адил мэдрэмж сүүмэлзэхэд
Шигтгээ мөнгөн сар шиг онгод нисэн ирэв
Чиний үнссэн уруул бүлээхнээрээ санагдахад
Чивчирсэн бодол задарч ертөнцөөр хэрэн тэнэв
Моддын доор шүлэг бичихүйд
Монгол бүсгүй чамайг л сананам
Үс гэзэгний үнэр анхилж
Үзэсгэлэн гоо чи ирнэм
Моддын доор шүлэг бичихүйд !!!
2014.03.11
"Гүүрэн дээр”
Тэр гүүрэн дээгүүр алхах би дуртай
Тэмдэглэлийн дэвтэрээ дэлгэн дурсамж буулгах дуртай
Усны чимээ хором бүхэнд өөр хэмнэлээр солигдож
Ухаан бодлын гэгээнд онгод буухад дуртай
Тэр гүүрэн дээр очих би дуртай
Тэсгэл алдан дурласанаа санах би дуртай
Дэрэвгэр хөмсөг ягаахан уруул зүрх хөндүүрлэн гижигдэхэд
Дэргэд юм шиг санагдаад инээмсэглэх би дуртай
Хуучирч муудсан энэ модон гүүрэн дээр
Хуучирч болохооргүй дурсамж үлдсэнд би дуртай
Хувирч хэзээч гандахгүй сэтгэлийн нандин хэлхээгээ
Хуваалцах гэж би энд ирэх дуртай
Энэ гүүрэн дээр би ирэх мөн ч дуртай
Эсгэл хангал бодлоо сэгсэрч суух дуртай
Хааяа нэг өнгөрөх машины дуу хүртэл
Хачин дотно санагдахад би даанч дуртай
Энэ гүүрэн дээр би хайр амталсан болохоор
Ирэх хаврын цэцэгс шиг урган өндийсөн болохоор
Энэ гүүрэн дээрээс түүнийг үдсэн болохоор
Энэ гүүрэн дээр л ирэх даанч дуртай
П.Гэрэлхүү 2014.05.01
"Хэлэх үг”
Баян болохыг хүн болгон хүсдэг болсон цагт
Баяр жаргалыг мөнгөөр орлуулагчдын үед
Хууль цааз үнэнээс холдож
Хуурамч багтанууд олширдог юм байна
Үзэсгэлэнт охид нь харийханы өвөрт
Үндэс угсаагаа гишиглүүлэн гиншихэд
Үнэн худлын зааг холдож
Үхмэл ертөнц хаалга тогшино
Цор ганц үнэн шүү гэж худлаа яригсдыг
Цовдолж орхисон ч багдах санагдана
Улсаа худалдаж халаасаа дүүргэгчдын
Улаан цусыг урсагмаар бодогдоно
Тэр бумыг луйвардаж идчихээд
Тэнсэн ялтай инээж байх юм
Тэсгэл алдсан ядуу нэг нь
Төмөр хаалганы ард суух юм
Шоронгын даргын өрөөнд зарим нь
Шорлог идэж архи сөгнүүлнэ
Шоовдорлогдож гээгдсэн олон түмэнг
Шоолон инээж шүлсээ савируулна
Шудрага ёсыг чангаар хашиграгчид
Шулан мөлжиж сэтгэл нь сохорно
Шуурга шиг хийсэх мөнгөнд дарагдаад
Шуналын хүлгэнд ээдрэн ороогдоно
Догшин хөх чонын удам биш билүү
Долдигнож шарвагсад боллоо гэж үү
Баатарлаг түүхийн эзэд бишүү бид чинь
Баширлан зусардагч боллоо гэж үү
Ташуураа тулаад өндий түмэн минь
Тавилан төөрөг чинь таны гарт байна
Эсээ шатаан омогш олон минь
Эх орон чинь таны өмнө байна
П.Гэрэлхүү 2014.08.05
"Намар цаг”
Навчсаа гөвөн модод
Гуниглангуй санагдаад
Магадгүй сартай хуваалцан
Нойргүй хоносон мэт
Цөхрөнгүй бодогдоод
Марал буга урамдах шиг
Нэгэн аялгуу сонсогдоод
Мадаггүй намар цаг ажгуу
Уусан айрагны амт
Одоо ч уруул чимчигнүүлээд
Уйлган бороо шивэрч
Сэтгэлийн хөндүүр гижигдээд
Урд хотноос найрын дуу
Үе үехэн цангинаад
Уйдах ч завгүй намар цаг ажгуу
Шувуудын ганганаа үүлс дамжин эгшиглээд
Суман дэлт хүлгийн зоо
Мэнэнгийн тал шиг шаргалтаад
Сувдан сувдан нулимс
Зүрхэн нуурыг тэжээгээд
Шунан дурлах намар цаг ажгуу
Өр зүрх минь бялхам хэрнээ
Нэг л зүйл нэхээд
Өөрөө би намар цаг ажгуу
П.Гэрэлхүү 2014.10.06
Ялагч…..үгүй
Цаг хугацаа чи яасан алслалтай орон зай вэ
Цагаан хар ээлжилсэн ямархан урт зам бэ
Зүрх сэтгэлийг догдлуулж бас гуниглуулчихаад
Зүгээр холдон одох ямархан хатуу тоглоом бэ
Цаг хугацаа чи ертөнцийг эзэгнэж
Цаашлах тусмаа бүхнийг устгаж
Хүмүүний заяаг эрхшээлдээ байлгаж
Хүслээрээ аашлаж чадна гэж санана уу
Үгүй дээ цаг хугацаа минь
Үнэндээ бид чамтай уралдадгүй юм
Ямархан үед чи зогсож
Ялагч үгүй болдгыг мэдэх үү
Энхрий хайртай бүхнээ тэврээд
Эвийлэн хайлахад чи зогсдгийм
Эрдэнийн алтан соёмбо минь намираад
Эх оронд минь төрийн дуулал эгшиглэхэд чи зогсдгийм
Тиймээс цаг хугацаа та бид хоёрын
Аль аль нь ялагч биш
П.Гэрэлхүү 2014.10.30
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих