Лүнгийнхээ агь буурал уулс шиг дөлгөөн, тогтуун өрж байснаа гэнэт
догшрон салхилж, шивээ шивээний толгойд асах долгио цэнхэр зэрэглээ шиг
бужигнуулчих нь, эс бөгөөс аянгат үүлсийн зангирсан нүүдэл шиг хуйларч,
хавар цагийн шар усны үер шиг эрчлэн довтлох нь, эс бөгөөс янгирын
халтар шанаат тэх шиг цочмог огцом ухрахдаа өрсөлдөгчийнхөө шунагласан
дайралтыг өөртөө ашигтайгаар эргүүлж хөнгөхөн гэгч газардуулчихаад
харцага лугаа намуухан дэвж явах нь үнэн гялбаатай.
Сэрээтэр болбоос олимп, дэлхийн аваргын аль алинаас медаль хамсан Монголын тавхан бөхийн нэг. Домогт Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд нар л түүн шиг олимп, дэлхийн аваргын ихэр медальтай билээ.
2006 оны арванхоёрдугаар сарын 27. Өвлийн баранзад цэнхэр энэ өдөр спортынхноос анхны ардын багш төрсөн нь Төв аймгийн Лүн сумын харьяат, 1968 оны Мехикогийн олимп, 1970 оны дэлхийн аваргын хүрэл медальт, улсын харцага, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр байв.
Улс, тив,
дэлхийн дэвжээнд нэр алдраа дуурсгасан, дуурсгаж байгаа, дуурсгах олон
арван шавь бэлтгэж, дасгалжуулж, бөх, бөхийн төлөө энэхэн насны
амьдралаа зарж, зорж яваа түүний харьж, цуцашгүй чин сэтгэл, уйгагүй
хөдөлмөрийг төр үнэлж, хацрыг нь илсэн нь энэ.
ТҮҮНЭЭС ГАДНА Улаанбаатарт болсон Ах дүү армиудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний аваргын алтан медалийг 1965 онд монголчуудаас тэр л анх авснаараа үе үеийн олон аваргыг араасаа дагуулсан л.
ТҮҮНЭЭС ГАДНА, Манчестерт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт 1965 онд монголчуудаас тэр л анх орсноороо "Талын морьтон монголчууд туж эргэлдэх хатуу бөмбөлөг" дэлхийн дэвжээнд амжилт гаргаж болох нь гэсэн итгэлийн шүрэн галыг олны сэтгэлд асаасан л.
ТҮҮНЭЭС ГАДНА Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит болон Тбилисийн олон улсын тэмцээний алтан медалийг 1968 онд монголчуудаас тэр л анх хүртсэнээрээ Х.Баянмөнх, З.Ойдов, Ц.Нацагдорж, А.Энхээ, Ч.Батбадрал, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар нарыг эдгээр тэмцээнд түрүүлэх амжилт, алдрынх нь замыг засч өгсөн л. Жаран найман оны хавар Тбилисийн олон улсын тэмцээний 70 кг-ын жингийн аваргын төлөөх тулаан Монголын Д.Сэрээтэр, ЗХУ-ын В.Хохошвили нарын хооронд өрнөж. Хохошвилийг дэмжсэн олны уухайлалт, түрхрэлттэй зэрэгцэн цагаан самран мөндөр дэвжээн дээр намар цагийн эрмэг догшин аадар шиг пижигнэн буух нь зүрх алдмаар. "Үгүй энэ чимээ шуугианыг нэг дарах сан". Д.Сэрээтэр ийн бодов. Дэвжээн дээр цэвцийх самран мөндрийг шүүрдэн байж барилдаан арайхийн эхлэв.
Тухайн үед гурван үе есөн минут барилддаг байсан бөгөөд эхний гуравт хоёр хүчтэн хэн хэнээсээ оноо салгаж хүчирсэнгүй. Дунд гуравт нэг, нэг оноотой салав. Төгсгөлийн гурван минутын барилдаан эхлэхийн өмнө С.Магсар багштайгаа зөрөлдөн байж хагас литрийн шилний хугас ус залгилаад дэвжээнд гарсан Д.Сэрээтэрийн тархинд "шүүгчийн шүглээ үлээгээд эргэх алтан хормыг л ашиглая" гэсэн эрдэнийн гэрэлт бодол аргалын гал руу нэрмэлийн охь дээж цацах шиг л дурсхийж. Учир нь Шведийн шүүгч хоёр тамирчны дундуур орж шүглээ үлээгээд эргэдэг онцлогтой нэгэн байж.
Байдал яг л манай бөхийн санаснаар болж, шүглийн дуу
тасхийхтэй өрсөн өрсөлдөгч рүүгээ огцом ухасхийн цочоогоод зогтусах
тэрхэн зуурт нь давхар хамж, залгуулан мордож, тэгснээ хонгодож толгой
дээрээ гаргаж ирснээ дэвжээн дээр гэдрэг нь харуулаад шидчихэж. Ялалт...
Яасан өнөө шуугиан, өнөө уухайлалт. Үзэгчид өрсөлдөгчтэй нь хамт
ялагдчихав уу гэлтэй бөхийн ордон нам гүм. "Дардаг л юм байна даа".
Сэрээтэрийн омогшилт, бадрангуй цагаан бодолтой уралдан дахиад бөөн чимээ, бөөн шуугиан дэгдэж, самран мөндөр хавар цагийн догшин аадар шиг асгаран буух нь тэр...
Учраатайгаа барилдахаар дэвжээнд гарч өрөх тэр л
торгон агшинд Сэрээтэр гавьяатын хамаг биеийн хөлс сул асгараад ирдэг
байсан гэнэм. Чийгтэй, нойтон биен дээр нь гар хальтраад барагтай аавын
хүү барьц олж авахгүй.
Мань эр ч энэхүү давуу талаа ашиглан өрсөлдөгчдөө барьц өгөлгүй бултаж бусган, дайрч довтлон оноог ууталж өгнө. Ямартаа л нэгэн барилдаанаар Ж.Мөнхбат аварга Д.Сэрээтэр харцагыг хонгодож дайрсан ч өрөөсөн гуталтай нь хоцорч байсан байхав.
'Хамаг хөлс нь цутгаад, Монголын тэр нөхөр нэг л биш" гэж хардаж сэрдсэн үү, яасан Мехикогийн олимпод барилдаж байх үеэр нь түүнээс байн байн допингийн сорил авч байсан гэж байгаа. Харин тэгэхнээ нь байгаль ээж түүнд, гагцхүү түүнд л ийм гайхалтай өвөрмөц онцлогтой бие хаа заяаж, сонин гэдэг нь.
Софид далан нэгэн онд болсон дэлхийн аваргаар Д.Сэрээтэр гавьяат тав барилдахдаа нэг тэнцэж, дөрөв ялсан ч торгуулийн зургаан оноо гэгч нь дууссанаар дэвжээг орхин зургадугаар байрт орсон гэнэм.
Нэг ч ялагдаагүй атлаа зургаа руу ухарсан Монголын Сэрээтэрийн "гайхалтай" барилдаанаас улбаалан дэлхийн бөхийн холбоо тэмцээний дараа яаралтай хуралдан хармааны оноо гээчийг үгүй хийж, давсан бөхийг дараагийн тойрогт үргэлжлүүлэн барилдуулдаг болгон дүрмэндээ өөрчлөлт оруулсан гэж байгаа.
Цэнхэр нүдэн гаригийн бөхийн дүрэмд үзэг хүргүүлж асан хүчтэн маань жаргалын дуу хургасан монгол наадмынхаа дэвжээнд тавантаа шөвгөрсөн хур харцага билээ.
Эмнэг танхай барилдаанаараа дэлхийн дэвсэг элээж, газар газрын зангирч чангарсан булчинлаг, омголон халуун эрсийн зориг, зүрхийг номхруулан сөхрүүлж явсан энэ эрхэм чухам л шигшиж хаях тоолонд босоо хөллөн буух морин шагай байсан юмсан уу.
Цээнзэнгийн ГАЛБАДРАХ /УЛААНБААТАРЫН СОНИН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих