БСШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэн 2014 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг 12-р сарын 17-18-ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордны 202 тоотхурлын танхимд зохион байгууллаа. "Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд нийслэл орон нутгаас шалгарсан 30 илтгэлийг хэлэлцүүлж, 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр гурав, тусгай байр гурав нийт 9 илтгэлийг шалгаруулж, шагнаж, урамшууллаа.
Энэ оны шилдэг илтгэгчээр нийслэлийн СБД-ийн 1-р сургуулийн математикийн багш Ш.Лхагва "Хичээлийн төлөвлөлт нь хүүхдийг хөгжүүлэх угтвар нөхцөл болох нь” сэдэвт илтгэлээрээ шалгарч цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов. Удаах байруудад Төв аймгийн Баянчандмань сумын сургуулийн багш Г.Ганзориг, С.Отгонболог нар "Хичээл зохион байгуулалт ба хүүхдийн хөгжил”, Дорнод аймгийн 1-р сургуулийн багш Б.Доржгочоо, А.Энхтайван, Б.Солонго нар "Нийгмийн ухааны хичээлээр хүүхэд бүрийг өөрийгөө илэрхийлэх чадварт сургах нь” сэдэвт илтгэлээрээ 2-р байр эзэлж, тус тус энгэрийн тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй, 22, 19-р сургуулийн багш Б.Алтанцэцэг, Д.Цэцэгмаа, Н.Бямбасүрэн, Д.Долгормаа нар "Тооны хүрдийг хялбар эзэмшүүлэх аргыг туршин судалсан нь”, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтлийн сургуулийн багш М.Энхтуул, Д.Цэвээнсүрэн, Ц.Хонгорзул, М.Алтаннамар нар "Оюуны чадамжид тулгуурлан хичээлийг төлөвлөж, хүүхэд бүрийг хөгжүүлэх нь”, нийслэлийн СБД-ийн 11-р сургуулийн багш Ц.Март, П.Нарантуяа нар "Хичээл төлөвлөлтөөр гутранги хүүхдийг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлээрээ 3-р байр эзэлж тус тус энгэрийн тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Орхон аймгийн "Ийгл” сургуулийн багш Б.Гэрэлчимэг "Зургийн хичээлийн төлөвлөлтөд оюуны зураглалын аргыг хэрэглэх арга зүй”, Хөвсгөл аймгийн ДМЦ сургуулийн багш Г.Галтболд "Бататгал хичээлийн төлөвлөлтийг сайжруулах замаар хүүхэд нэг бүрийн "танин мэдэхүйн” чадваруудыг хөгжүүлэх нь”, Дундговь аймгийн Луус сумын сургуулийн багш Ш.Отгонжаргал, Н.Долгоржав нар "Иргэний боловсролын төлөвлөлтөөр хүүхэд нэг бүрт мэдээллийг хэрэглээ болгох чадвар эзэмшүүлэх нь” сэдэвт илтгэлээрээ тусгай байр эзэлж тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн 30 илтгэлийг бичихэд нийт 78 багш оролцсон бөгөөд нийт илтгэлийн 70 гаруй хувьд нь 2 буюу түүнээс дээш багш нар хамтран ажилласан онцлогтой байна. Ийнхүү 2014 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал багш нарын эрдэм шинжилгээний ажлыг дэмжсэн, саналаа хуваалцсан, эрдэмтэн мэргэдийн үгийг сонссон, харилцан яриа өрнүүлсэн, туршлага солилцсон халуун, дулаан уур амьсгал дунд амжилттай болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон бүх багш нартаа эрдэм судлалын өндөр амжилт хүсье.
Эрхэм баян эрдэм ухаан үеийн үед арвижих болтугай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих