Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй гэдэг. Үүн шиг төсвийн
ил тод байдлыг хангах нэг алхам хийгдсэн нь Шилэн дансны тухай хууль
байв. Хуанлийн хуудас эргэсээр одоо долоохон хоногийн дараагаас төрийн
бүх санхүү иргэдийн өмнө ил болох нь. Яг л стакан дотор ус байна уу,
өнгөтэй ундаа байна уу гэдгийг гаднаас нь харж болдог шиг төрийн данс
"шилэн" болно. Төрийн байгууллагууд хаашаа ямар гүйлгээ хийсэн нь,
төсвийн мөнгө хэнээр дамжиж юу болсон нь хуулийн энэхүү шинэ орчноор хүн
бүхэнд нээлттэй болох ёстой. Гэхдээ үүгээр бүх ажлаа дуусчихсан юм шиг,
бүх замаа туулчихсан мэтээр хандаж болохгүй гэдгийг тодотгоё. Төрийг ил
тод, хараат бус, тунгалаг болгох ажлыг одоо тоосго өрж байгаа юу шиг л
доороос нь үргэлжлүүлэн өрөх ёстой. Суурь нь Шилэн дансны хууль бол
эхэлж тавих тоосго нь Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль юм.
Өөрөөр хэлбэл, шилэн болгох дараагийн данс нь намуудынх байх ёстой.
1. "УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу намдаа тэрбум төгрөг хандивлажээ". Энэ бол 2012 оны үеийн мэдээ. Гэсэн ч тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ намын Бага хурлаасаа авч чадаагүй. Түүний ойлгосноор, хэвлэлийнхний бичиж байснаар, энэ хэмжээний хандив өгсөн хүн УИХ-д нэр дэвших эрхийг халаасалдаг жишиг үйлчилж байсан үе. Гэвч тийм юм болоогүй. Сонгууль болдгоороо болж, Ш.Сайхансамбуу ч намынхандаа гомдлоо хэвлэлээр дайгаад өнгөрч байлаа. Гэхдээ тухайн үед тодорхой байсан нэг зүйл бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн явдал байв. Энэ хуульд зааснаар намд хандив өгөх дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг бөгөөд жилд хоёр л удаа хандив өгч болохоор хуульчлагдсан. Хуулиа яс барина аа л гэвэл Ш.Сайхансамбуу нэг тэрбум төгрөг намдаа хандивлахын тулд 500 жилийн хугацаа зарцуулах шаардлагатай байлаа. Өөрөөр хэлбэл, түүний хувьд хуулиа мөрдсөн бол нэр дэвших эрхийн төлөө тэрбумыг хандивлаж "шатах"-гүй байжээ.
Бас л 2012
оны сонгуулийн үеийн жишээ. АН-ынхан УИХ-ын 76 суудалд нэр дэвших
хүмүүсээ бүртгэхдээ 50 саяын босго тогтоолоо. Өөрөөр хэлбэл, эхний
ээлжид ийм хэмжээний мөнгө намдаа хандивласан хүмүүс нэр дэвшигчийг
тодруулах эхний сунгаанд орох болзол хангах болов. АН-аас нэр дэвшиж
УИХ-ын гишүүн болох хүсэлтэй зуугаар тогтохгүй хүн 50 саяыг тушаасан ч
ердөө 76 нь нэр дэвшиж тал хүрэхгүй хувь нь л УИХ-д сонгогдсон. Хуулийн
өнөөх цагаан дээр хараар бичсэн заалт энэ удаад ч үйлчилсэнгүй.
Энэ бол Улс төрийн намын тухай хууль хэрэгжихгүй байгааг илтгэх, бас хэрэгждэг хуультай болох ёстой гэсэн эхний шалтгаан.
2. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гурван нэр дэвшигч өрсөлдсөн. Дэвшүүлсэн нам, сонгогдох магадлалаар нь тооцвол өрсөлдөөн хоёр хүний дунд л өрнөсөн. Тэд нь АН-ын нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар. Ямар ч тохиолдолд энэ хоёрын нэг нь Ерөнхийлөгч болох байв. Ялагч нь эхнээсээ тодорхой сонгуулиудыг бодвол сонгогчдын санал ч сурталчилгааны хугацаанд хоёр тийшээ савлаж байсан. Энэ савлагаа хандивлагч компаниудад ч бас адилхан үйлчилж байсан бололтой. Хожмоо Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн намуудын санхүүгийн тайлангаас харахад ийм компанийн нэг нь "Энержи ресурс". байв. Эднийх нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарт яг адил хэмжээний хандив өргөсөн нь одоо ч СЕХ-ны цахим хуудаст бичээстэй байна лээ.
Үүн шиг намуудад өгсөн компаниудын хандивыг сонгуулийн бус цагт ч нийтэд ил тод мэдээлж байя. Ийм хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгаа нь Улс төрийн намуудын санхүүжилтийг хуульчлах хоёр дахь шалтгаан юм.
3. Шүүгчдийн цалин тойрсон сэдэв сүүлийн жилүүдэд маргаан дагуулах болсон. Ерөнхийлөгчөөсөө өндөр цалинтай болчихсон шүүгч нарт хуулийн салбарын бусад алба хаагч атаархаж буй нь нуух аргагүй үнэн. Энэ төрлийн гомдол, санал, шүүгч болох гэсэн прокурор, цагдаагийнхны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг салбарынхан ярьж байна. Хэнээс ч хараат бус байх ёстой гэсэн агуулгаар нь бодвол шүүгч нар өндөр цалинтай байх ёстой. Тэд худал, үнэнийг дэнсэлж байгаа учраас эдийн засгийн хараат бус байдлыг нь төр хангах учиртай юм. Гэхдээ бас УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэхдээ тэд үнэн, зөвийг дэнсэлдэг бол УИХ-ын гишүүд нь хууль батлахдаа хараат бус байж чаддаг болов уу. Шүүгчийн барьж буй зэвсэг нь зөвхөн хууль. Гэтэл тэр хууль нь өөрөө хараат бусаар гарч чадсан болов уу. Халдашгүй эрхээр хамгаалуулж буйгаас бусдаар УИХ-ын гишүүдийн, тэднийг нэр дэвшүүлж буй намуудын цаана хэн байгаа вэ гэдэг асуулт сонирхол татсаар л байгаа. Жишээ нь, сонгуулийн кампанит ажлынх нь зардлыг даачихсан компанийнхаа эрх ашигт зөрчилдөх хуулийг УИХ-ын гишүүн батлахыг дэмжиж кноп дарж чадах уу. Сонирхлын зөрчлийн тухай хуулиар УИХ-ын гишүүдийг өөрийнх нь бизнестэй холбоотой асуудлаар санал хураалтад оруулдаггүй шиг сонгуулийн зардлыг нь даасан компанийнх нь сонирхлын зөрчилтэй холбоотой асуудалд ч оруулдаггүй байя л даа. Ингэвэл илүү шударга шийдвэр УИХ-аас гарна. Өнөөгийнх шиг 76 гишүүний тал нь буюу 39 нь хуралдаа суухад ирц бүрддэг, 39 гишүүнээс 20 нь л дэмжсэн тохиолдолд хууль батлагдаж байгаа үед УИХ-ын гишүүдийг лоббидох магадгүй зарим талаар хялбар байж болох. Иймээс намуудын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй мэт.
4. Төр нь эхлээд шилэн данстай болсон шиг төр барьж буй намууд нь яагаад дансаа шилэн болгож болохгүй гэж. Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг эмхлэн байгуулсны дараа дэд сайд нарын "ханш"-ийн талаар хэвлэлээр шуугьсан. Намдаа 100-500 сая төгрөг өгсөн хүмүүст дэд сайдын суудал өгч байна гэсэн энэ мэдээлэл батлагдаагүй боловч бас үгүйсгэгдээгүй. Бас шалгах ч боломж байхгүй. Яагаад гэвэл, улс төрийн намуудын данс "шилэн" биш шүү дээ. Тиймээс намуудын дансыг "шилэн" болгоё. Тэд хэнээс хандив авах нь өөрсдийнх нь хэрэг мэт боловч хэний хараат болж байгааг хандивлагчдаас нь харж болно. Эсвэл зүгээр л төр нь намуудыг санхүүжүүлье. Бусад улсад ийм жишиг байдаг юм билээ.
Төр 100 хувь санхүүжүүлэхгүй юм гэхэд /одоо бол УИХ-ын сонгуулийн дараа авсан санал бүрийг нэг удаа 1000 төгрөгөөр тооцож, мөн УИХ-д авсан суудал бүрийг жилд 10 сая төгрөгөөр тооцож намуудад төрөөс дэмжлэг үзүүлдэг/ томоохон бизнес эрхлэгчдээс хандив авахыг, эсвэл том мөнгөн дүнтэй хандив авахыг нь хязгаарлая. Энэ бүхнийг мэдэхийн, бас хянахын тулд мэдээж намуудын данс ч шилэй байх хэрэгтэй.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих