Орос-Монголын анхны бизнес форум ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын засаг
захиргааны төв болох Чит хотод 12 дугаар сарын 15-нд "Хил хязгааргүй
бизнес!” уриан дор эхэлжээ
Уг чуулга уулзалтыг Өвөр Байгалын хязгаар болон Монгол Улсын Дорнод аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санаачилгаар зохион байгуулж байгаа аж. Өдгөө хоёр орны бизнес эрхлэгчид эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд болон хамтын ажиллагааг сайжруулахад тус дөхөм болох шаардлагатай байна гэж хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд үзэж байна.
"Манай хоёр орны ард түмэн хоорондын олон жилийн түүхтэй найрсаг харилцаанд бид эргэн орж байна. Энэ харилцааг хөгжүүлэхэд бид бэлэн байгаа бөгөөд бололцоотой бүхнийг хийнэ” гэж Өвөр Байгалын хязгаарын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Андрей Марков тэмдэглэжээ.
Өвөр Байгалын хязгаар болон Дорнод аймгийн худалдаа-эдийн засгийн харилцаа олон жилийн түүхтэй билээ. Өдгөө энэ харилцааг урьдын түвшинд хүргэх шаардлагатай гэж чуулга уулзалтад оролцогсод тэмдэглэсэн байна. Үүнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад саяхан хийсэн айлчлал багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ.
"Шинэ оны хамт визгүй зорчих журамд шилжлээ. Энэ нь бизнес болон аялал жуулчлалын салбарын хөгжилд нааштай нөлөө үзүүлнэ. Тиймээс бид эдгээр салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор форумд оролцохоор хүрэлцэн ирсэн. Уул, уурхай, хөнгөн хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. Гол нь бид Монголоос нүүрс, мах экспортлох сонирхолтой байна. Бидэнд их хэмжээний мах бий” гэж Монголын Дорнод аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Э.Адьяа хэлжээ.
Орос-Монголын бизнес форум Монголын бизнес эрхлэгчдийн хувьд томоохон үйл явдал юм. Түүнд оролцохоор Чит хотод Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, тус аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хамтарсан үйлдвэр нээх, хөрөнгө оруулалт зэрэг хамтран ажиллах салбар янз бүр. Бүтэн мод, барилгын материал болон эрчим хүчний салбар Монголын бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.
Чуулга уулзалт дахин хоёр хоног үргэлжлэх бөгөөд форумын хүрээнд дугуй ширээний уулзалт, семинар, Оросын бизнес эрхлэх журамтай Монголын зочид танилцах албан ёсны уулзалтууд болно. Арга хэмжээний хүрээнд Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгджээ. Уг үзэсгэлэнд мөн Өвөр Байгалын хязгаарын бараа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэсэн байна.
Dnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих