"Инчон-2014” паралимпийн Ази тивийн XI наадмын жудо бөхийн төрөлд
хүрэл мөдаль хүртсэн, Дорнод аймгийн тамирчин Д.Эрдэнэбаярыг Спорт
буландаа урилаа.
-Өөрийгөө товчхон танилцуулна уу
-Намайг Дэмчигдоржийн Эрдэнэбаяр гэдэг. Хэрлэн сумын 1-р баг, Бунханд төрж өссөн. Одоо 27 настай. Ээж, гурван дүү, эхнэрийн хамт амьдардаг. Саяын Азийн наадмаар алтан медаль хүртсэн Д.Отгондалай бид хоёулаа 11 -р сургуулийн сурагчид байгаа юм. Багадаа хамт тоглож өссөн найзууд. Тивийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцож хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.
-Багаасаа барилддаг байв уу
-Ер нь их хөдөлгөөнтөй хүүхэд байлаа. Манай 1-р багийнхан намайг "Тогоо Баяраа” гэвэл андахгүй мэднэ. (Инээв) Жудо бөхийн спортод хөл тавиад ердөө 2 жил л болж байна. Нэг танил маань ийм спортоор хичээллээч гэсэн юм. Тэгээд оролдожүзсэн чинь нэг л боломгүй санагдаад байхаар нь хэсэг зуур хаясан. Харин 2012 онд Бүх ард түмний 13-р спартикадад оролцож үзэхээр шийдээд 5 сар бэлдсэн. Гэтэл хүрэл медаль хүртэж, 500000 төгрөгөөр шагнуулдаг байна шүү. Ингээд л урамшаад энэ спортын бэлтгэл сургуулилт хийх болсон доо. Сүүлийн үед оролцсон тэмцээн болгоноосоо ямар нэгэн медаль зулгаагаад л байна. Пара жудогийн УАШТ-ний хүрэл, Нийслэлд болсон "Би чадна” тэмцээний алтан медаль, Шилдэг тамирчин гээд л…
-Д.Эрдэнэбаяр олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Зардал олддоггүй ээ гээд л яваад байсан санагдаж байна…
-Тэгсэн тэгсэн. Зардал мөнгө олдохгүй бүтэн жил хөөцөлдсөн. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн багцаасаа 140 сая төгрөг гаргаж, парагийнхныг Азийн наадамд явуулсан юм. 4 жилд нэг удаа болдог энэхүү том наадамд оролцсондоо их баяртай байгаа. Монголоос пара жудогийн 12 тамирчин явсан. Бид багийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээн үнэхээр зохион байгуулалт сайтай болж байна лээ. Манай тамирчид ч өндөр сахилга баттай оролцсон.
-Тэмцээнд явахад нутгаас хэр дэмжлэг үзүүлэв?
-Дэмжиж тусласан хүмүүс байлгүй яахав ээ. н.Энхбаатар захиралтай Дорнод гурил ХХК УАШТ-д ороход маш их тусласан. Ингээд Азийн наадмын эрх авсны дараа н.Эрдэнэбаатар захиралтай Сүхжин ХХК бэлтгэл сургуулилтад дэмжлэг үзүүлсэн. Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар ах, Бетон арматур ХХК-ийн захирал Алтан иш ах нар надад хоёр хос жудо бөхийн зориулалтын өмсгөл Германаас авчруулж бэлэглэсэн. Нэг хос өмсгөл л гэхэд сая гаруй төгрөгийн үнэтэй. Байгал даргатай НХҮХ-ийн хамт олон, Дорнод аймгийн хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга Мөнхнаран эгч, дасгалжуулагч багш Базарсүрэн, Нарантуяа болон Инчон руу хамт явсан МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Батжаргал ах, Олимпийн аварга Д.Баатаржав гуай гээд олон сайхан хүмүүсийн дэмжлэг буянаар энэ том тэмцээнд оролцсон доо. Ингээд нэрийг нь дурьдвал их олон хүн байгаа шүү.
-Орон нутагт хараагүй иргэд спортоор хичээллэх нөхцөл боломж хэр байдаг вэ?
-Манай аймагт пара жудогоор хичээллэдэг хүн олон байдаг. Даанч тэд
маань янз бүрийн асуудал бэрхшээлтэйн улмаас улсын тэмцээнд оржчадалгүй
үлдчихдэг юм. Боломж нөхцөл муутай гээд зүгээр
суултай биш. ССАЖГ-ын Б.Чимэддорж дарга их тусалдаг. Би Хурандаа гэдэг
найзтайгаа бэлтгэл хийдэг юм. Чимээ дарга маань заал гаргаж өгөөд л
бэлтгэлээ хийгээд явдаг даа. Орон нутагт хараагүй хүнтэй ажиллах
дасгалжуулагч байдаггүй. Азийн наадамд явахаар Улаанбаатарт СТО-нд 2 сар
бэлтгэл хийсэн. Дасгал сургуулилтыг шал өөр системээр хийдэг юм байна
лээ шүү. Азийн наадмаас ирснээсээ хойш дасгал сургуулилтаа тогтмол
хийгээд явж байгаа.
Мөн хараагүй хүмүүсийн "Хонхот бөмбөг” гэдэг волейболын тэмцээн болдог. Би УАШТ-нд нь оролцож байсан. Мөн сургалтанд нь сууж, сертификаттай болсон. Манайхан волейбол тоглоно гээд бөмбөгөө бариад л заал хайгаад явцгаадаг. Мөн Архангайд хөнгөн атлетикийн тэмцээнд 800 м-т гүйж л явлаа. Уул нь дэмжээд өгвөл пара спортын төрлүүд орон нутагт хөгжих боломж ихтэй шүү дээ. Дорнод аймагт надтай адилхан 100 гаруй хүн, бага зэрэг хараатай хүмүүстэйгээ нийлбэл 500-600 хүн байна. Энэ бүх хүмүүс спортоор хичээллэвэл хичнээн сайхан бэ.
-Хараагүй хүн спортоор хичээллээд биеэ авч явах чадвар илт дээшилнэ биз?
-Спортоор хичээллэсэн хүн сэтгэлийн хаттай болдог. Паралимпийн тамирчид хаана ч өөрийгөө эвтэйхэн аваад явах чадвартай болсон байдаг. Спортоор хичээллэдэг хараагүй найз надад олон бий. Бидэнд харин нэг л асуудал байдаг. Зардал мөнгө хайна гэдэг л хэцүү дээ.
-Зардал хайсаар бэлтгэл тасарна биз дээ?
-Тэгэлгүй яахав. Би өнгөрсөн хавар Бразилийн Сан-Паулуд болох Цомын тэмцээний эрх авчихсан байсан юм. Тэгээд худлаа ярьдаг хүмүүсээс болоод явж чадаагүй л дээ. (Инээв) Энэ 9-р сард болсон ДАШТ-д бас л санхүүгийн асуудал тулгарсан. Хамт бэлтгэл хангасан тамирчид маань бүгд явсан. Би 5 сая төгрөгийн зардлаа олж чадалгүй үлдчихсэн. Бас 6-р сард ОХУ-д болсон тэмцээнд ч мөн адил. Сан-Паулу явна гээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзаж байлаа. Тус тэмцээнд Дорнод аймгийн тамирчин н.Хурандаа бид хоёр явах гэж байсан юм. Гишүүн бид хоёрт сая сая төгрөг өгнө. Зардлыг чинь даана, очоод яриарай гээд л байсан. Яг явах болсон чинь өгөөгүй. Тухайн үед аймгийн засаг дарга С.Ганбат сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн л дээ. Тэгсэн чинь өнөөх нь онгоцны буудалд виз даруулсан байсан торгууль энээ тэрээ гэж өгөөд л асуудал их гарсан. Сая Азийн наадамд явахаар мөнгө хайж байхдаа Н.Номтойбаяр гишүүнд дахин нэг хандсан. Гишүүн алив тэр виз, паспорт, Олимпийн хорооны тодорхойлолтоо аваад ир. Үзье гэсэн. Тэгээд би бүх материалаа аваачиж үзүүлтэл өнөө маргаашгүй мөнгө өгнө гээд л явуулаад байсан. Тэгээд цаг тулчихаад байтал бие төлөөлөгч нь залгаад мөнгө өгөх боломжгүй боллоо гэж хэлсэн. Анхнаасаа үгүй ээ, мөнгө өгөхгүй гээд хэлчихсэн бол тэгж хүлээж цаг алдахгүй байж гэж бодож л байлаа. Харин азаар Н.Алтанхуяг сайд даахаар болсон юм.
Ганц би ч биш манай бүх л тамирчид бичиг бариад нааш цааш их гүйлдсэн дээ. Тэрнээс болоод бэлтгэл сургуулилт цалгардсан тал бий. Ер нь мөнгө бодохоор анхаарал бүрэн төвлөрч чаддаггүй юм билээ.
-Хараагүй хүн бөх барилдахад жирийн хүнээс илүү мэдрэмж шаарддаг болов уу
-Мэдрэмж их хөгжинө. Намайг их мэдрэмжтэй барилддаг гэдэг л юм. Цаашдаа бэлтгэл сайн хийвэл боломж их байгаа юмбилээ. ОУ-ын пара жудогийн холбоо дүрмээ өөрчлөөд ВЗ гэх мэт тодорхой хэмжээгээр юм харж чаддаг хүмүүсийг тэмцээнээс хасна гэж байсан. Би 100 хувь хараагүй буюу В1 ангиллынх л даа. Сая л гэхэд Азийн наадамд дандаа хардаг хүмүүстэй таарч барилдсан. Монголдоо ч ялгаагүй бага зэрэг хараатай ВЗ ангиллын хүмүүстэй л барилдана шүү дээ. Гэхдээ ихэвчлэн ялдаг шүү.
-Ингэхэд чиний хараа төрөлхийн ийм бэрхшээлтэй юу, эсвэл олдмол юм уу?
-Би багадаа сулхан юм хардаг, гэхдээ бусад хүүхдийн л адил жирийн сургуулвд сурдаг байсан. Харин 12 настайдаа моринд өшиглүүлсэн юм. Түүнээс хойш хэдэн сарын дараа гэнэтхэн хараа муудаж бүдгэрсээр юу ч харахаа больчихсон.
-Одоо ямар ажил төрөл эрхэлж байна?
-Би чинь Дорнод аймгийн Хараагүйчүүдийн холбооны гишүүн, "Бест массаж” төвийн бариачийн ажилтай. Ноднин сургалтад нь сууж мэргэшсэн. Үүнээс гадна ээж, дүү, гэр бүлээрээ өөрийн хэмжээнд багахаан бизнес хийчихэж байна. Би хар багаасаа хатуужсан учраас өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчих чадвартай хүн гэж боддог доо.
-Төрөөс ХБИргэдийг дэмжих талаар явуулж буй бодлого хэр хүрч байна вэ?
-Яахав ээ, хөөрхий. Ер нь төрөөс өгч байгаа дэмжлэг туслалцаа, хөнгөлөлт урамшуулал юу байна, бүрэн хамрагддаг л гэж боддог шүү дээ. Зарим нэгэнд нь хүрдэггүй байж магадгүй л юм.
-Тэгвэл та нарын талаарх нийгмийн ойлголт хандлага ямар түвшинд байна?
-Хүмүүс бие биеэ их дэмждэг, ойлгож хүндэлдэг болсон нь анзаарагддаг. Ядаж л гудамжинд зам хөндлөн гарахад хүүе ах аа, зам гаргаад өгье гэх жишээтэй.
-Гэр бүлийнхээ тухай яриач?
-Ээж маань Махны зах дээр насаараа худалдаа эрхэлж байгаа Дуламсүрэн гэж хүн бий. Аав маань намайг бага байхад бурхан болсон юм. Би гурван дүүтэй, айлын том хүүхэд. Дүү нар маань одоо бүгд 20 нас гарчихлаа. Ажил төрөл хийгээд сайхан л амьдарцгааж байна.
-Эхнэртэй гэсэн байхаа?
-Тиймээ. Эхнэр маань удахгүй төрөх гэж байна. Шинэ хүүхдээ хүлээж авна гээд бэлтгэж хийх юмих ээ.
-Таны ирээдүйн зорилго?
-Би өөрөө наймаа хийх сонирхолтой. Гэр бүлээрээбизнес хийгээд амьдралаа аваад явах бодолтой. Ойрын хэдэн жилдээ пара жудогоороо барилдаад явнаа. Тамирчин хүн бүрийн санаанд олимпийн наадам байдаг байх. Ер нь хараагүй хүмүүст олимпийн эрх их цөөхөн олддог юм билээ. Ирэх оны 2-р сард Унгарт, 5-р сард БНСУ-д тэмцээн болно. Үүнд л яаж ийгээд орчихвол 2016 оны олимпийн эрх авчих боломжтой юмл даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэн ерөөе!
МИНИЙ ДОРНОД сэтгүүлийн 2014 оны 12-р сарын дугаараас

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих